Барилгын суурийг хөөсөнцөр хавтангаар хэрхэн дулаалах вэ

Барилгын суурийг хөөсөнцөр хавтангаар хэрхэн дулаалах вэ

Барилгын суурийг хөөсөнцөр хавтангаар хэрхэн дулаалах вэ


Бид өмнө нь хөөсөн фасадыг хэрхэн хийх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэсэн. Тэгвэл энэ удаад хөөсөнцөр хавтангаар суурийг хэрхэн дулаалах талаар зөвлөгөө хүргэе.

СУУРИЙН ДУЛААЛГАД ХӨӨСӨНЦӨР ХАВТАН ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ

Амины орон сууц барьж байгаа иргэд ханаа дулаалаад, сууриа орхигдуулах гээд байдаг. Зарим нь суурийг дулаалах шаардлагагүй ч гэж хэлэх нь бий. Хэрвээ та сууриа дулаалахгүй орхивол дулаан алдагдалгүй байшинтай болоогүй гэсэн үг. Сууриар дамжиж шал хүйтэн болж, өрөөнүүд хурдан хөрдөг. Тиймээс тохиромжтой дулаалгын материал ашиглах хэрэгтэй. Суурийг дулаалахад хөөсөн полистирол хавтан хамгийн тохиромжтой юм. Суурийг гадна талаас нь дулаалахдаа өндөр нягттай, хамгийн багадаа 5 см-ийн зузаантай хөөсөнцөр ашиглаарай.

СУУРИЙГ ХЭРХЭН ДУЛААЛАХ ВЭ

Суурийг цутгаж, бэлтгэсэний дараа хайрга, дайрга хийж дүүргэнэ. Дүүргэлт хийсний 15-20 см-ийн зузаантай хөөс дэвсэж, дээрээс нь бетоноо цутгана. Суурийн дулаалгад, тэр дундаа шалны дор дэвсэх хөөс өндөр нягттай байх нь зөв. Сууриа маш сайн дулаалъя гэвэл 30-35-ын нягттай хөөсөнцөр хавтан ашиглаарай. Тэгж байж маш сайн дулаалга болно.
Шалны дор хөөсөнцөр дэвсэж дулаалахын зэрэгцээ сууриа гадна талаас нь дулаалах хэрэгтэй. Байшин барьж буй иргэдийн ихэнх нь сууриа гадна талаас нь дулаалахгүй, шууд шороо, хайргаар булчихдаг. Энэ нь дулаан алдагдлын нэг шалтгаан болдог. Суурийг дулаалах хөөсний зузаан хамгийн багадаа 5 см байх ёстой. Цаашлаад 10-15 см-ын зузаантайтай хөөс ашиглаарай. Мөн хамгийн багадаа 20-25-ын нягттай хөөсөөр дулаалах нь дулаан алдагдлыг бууруулна.

СУУРИЙГ ГАДНА ТАЛААС НЬ ДУЛААЛАХДАА ЮУНД АНХААРАХ ВЭ

Юуны өмнө дулаалах ханын гадаргууг тэгшлэх нь хамгийн чухал. Энэ нь хөөсөнцөр хавтан наах тусгай зориулалтын зуурмагын зарцуулалтыг багасгаж, зардал хэмнэх ач холбогдолтой. Мөн суурийн бетонд хөөсөнцөр хавтан бэхлэгдэх байдлыг сайжруулж өгдөг.

Сууриа дулаалахдаа нэн тэргүүнд хаяа хэсгийг хамгийн багадаа 30 см гүнтэй ухаж, гадаргуу дээрх шороо тоос, бусад зүйлсийг сайтар цэвэрлэнэ. Түүнийхээ дараа ус, чийгээс хамгаалах түрхлэгийг өргөн багсаар битүү жигд түрхэж, зөөлөн резинэн давхарга үүсгэнэ. Энэ нь суурийг гадаргын ус, чийг нэвчихээс хамгаалах үе болно.

СУУРИЙГ ХӨӨСӨНЦӨР ХАВТАНГААР ДУЛААЛАХ ДАРААЛАЛ

Сууринд ус, чийг нэвчихээс хамгаалах түрхлэг түрхсэний дараа хөөсөнцөр хавтангаа дараах дарааллаар наана:

-Дулаалгын хавтан дээр цавуут зуурмаг түрхэж, суурин дээр наана.

-Механик бэхэлгээ буюу хадаасыг цавуут зуурмаг бэхэжсэний дараа хийнэ. Хадаас нь суурийн хэсэг рүү багадаа 5 см сууж өгөх ёстой. Хадаасны тэлэгч хуванцар байвал сайн.

-Барилгын суурийн газрын гадаргаас ил гарсан хэсэгт өнгөлгөөний шавардлага хийхээс аль болох татгалзаж ус чийгт тэсвэртэй, механик гэмтлээс хамгаалах зориулалттай өнгөлгөөний материал хийх нь тохиромжтой. Жишээлбэл, бүх төрлийн керамик хавтан байж болно.

-Дулаалсан суурийн газрын гадаргаас дооших хэсгийг ухаж гаргасан шороог ашиглан манана. Ингэхдээ дулаалгын материалын хөрстэй харьцаж буй хэсэгт уур ус тусгаарлагч хийнэ. Хэрэв боломжтой бол бетон хаяавч цутгах хэрэгтэй.

СУУРЬ ДУЛААЛАХАД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ

-Уур ус тусгаарлагч
-Хөөсөнцөр наах цавуу
-Барилгын дулаан тусгаарлах материал. Хөөсөн полистрол /EPS/ бүтээгдэхүүн. Техникийн шаардлага MNS EN 13163:2011
-Керамик хавтан. Гадна орчинд тэсвэртэй хавтан байх