Интерьерийн алтан дүрэм 60-30-10

Интерьерийн алтан дүрэм 60-30-10

Интерьерийн алтан дүрэм 60-30-10

Интерьер дизайнерууд өрөөг цэгцтэй, загварлаг харагдуулахдаа өнгөний хослол дээр тоглолт хийдэг. Тэд төгс хослолыг бий болгохдоо 60-30-10 дүрмийг барина. Хэрэв та өрөөний интерьерээ шинэчлэхээр төлөвлөж буй бол энэ гайхалтай дүрэмтэй танилцаарай.  Энэ дүрмээр үндсэн өнгө нь 60, хоёрдогч өнгө 30, тодруулагч өнгө 10 хувь байх бөгөөд ингэснээр интерьерийн шийдэл хялбар болох төдийгүй, өнгөний зохицолд санаа зовох шаардлагагүй болох юм.

ҮНДСЭН ӨНГӨ 60% Өрөөнд том орон зай эзэлдэг  хана, шал, хивс, буйданг  энэ өнгөөр шийдэх ба хэт хурц тод байх нь нүдийг ядрааж, тухгүй байдал үүсгэдэг. Иймд цайвар цэнхэр, цайвар ногоон, шаргал,  саарал, цагаан зэрэг гэгээлэг өнгө хамгийн тохиромжтой.

НЭМЭЛТ ӨНГӨ 30% Энэ өнгө нь интерьерийг илүү сонирхолтой, загварлаг болгоно. Хөшиг, ширээ сандал, жижиг хивс, номын тавиур зэрэг дунд оврын эд зүйлсэд ашиглахад тохиромжтой. 

ӨРГӨЛТ ӨНГӨ 10% Энэ бол бялууны дээр гүзээлгэнэ тавихтай адил зүйл буюу өрөөг чамин харагдуулахад хэрэглэнэ. Энэ нь үндсэн болон дэд өнгөд хүч нэмэх үүрэгтэй. Дэр, хээтэй даавуу, урлагийн бүтээл, чийдэн, ваар, унтраалга зэрэг илүү жижиг зүйлсэд өргөлт өнгийг ашиглана.

 ӨНГӨНИЙ ЗОХИЦЛЫГ ТОДОРХОЙЛОХ

Дээрх харьцаагаар бид гурван өнгө ашиглах ёстойг мэдэж авсан. Тэгвэл өнгөө хэрхэн оновчтой сонгох 4 аргыг хүргэе.

Монохром (Monochrome) - Үндсэн өнгийг сонгосны дараа тухайн  өнгөний цайвар, бараан хувилбарыг нэмэлт болон өргөлт өнгөөр ашигладаг. Үндсэн өнгө (60%) нь саарал, цагаан, шаргал, цайвар цэнхэр, цайвар ногоон зэрэг гэгээлэг өнгө сонгосон үед тохиромжтой.

Эсрэгцүүлэх (Complementary) - хар ба цагаан, улаан ба ногоон, цэнхэр ба шар зэрэг бие биетэйгээ эсрэг өнгийг сонгоно. Нэг нь үргэлж дулаан өнгө байх бол нөгөө нь үргэлж хүйтэн өнгө байх ёстойг анхаараарай. Энэ зохицол нь өрөөг тодотгох, өнгөний гайхалтай тэнцвэртэй харагдахад тусална.

Уусалттай (Similar) - Нэг нь нөгөөтэйгөө уялдаатай харагдах гурван өнгийг сонгоно. Аль нэг өнгө нь нөгөө хоёр өнгөнийхөө найрлагад орсон эсвэл ууссан мэт мэдрэмж өгөхөөр харагдах нь чухал. Жишээ нь номин ногоон, ногоон, шар ногоон. 

Нэмэлтээр эсрэгцүүлэх (Split Complementary) - Энэ нь үндсэн өнгөний эсрэг хоёр өнгө сонгодог. Доорх зурганд өнгөний схем ашиглан хэрхэн сонголт хийхийг харуулсан байна.

1.Үндсэн өнгөө сонгоно

2. Үндэсний өнгөний эсрэг өнгөний хоёр талд байрлах өнгийг сонгоно.