Хөөсөн фасадыг хэрхэн хийх вэ

Хөөсөн фасадыг хэрхэн хийх вэ

Хөөсөн фасадыг хэрхэн хийх вэ

Хөөсөнцөр хавтангаар байшин, хаусныхаа дулаалгыг шийдэхээр төлөвлөсөн хүмүүстзориулж дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Барилгын фасадны дулаалгад ашиглах хөөс 25-ын нягттай байна гэсэн стандарт норм бий. Хувийн байшин, хаус барьж буй иргэд ихэнхдээ 18-20-ын нягттай хөөс сонгож авдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд түүхий эд болон тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэнээс шалтгаалж хөөсөнцөр хавтангийн үнэ 2-3 дахин өсөөд байна. Үнэ өсөхтэй зэрэгцээд хүмүүс хөөсний нягтаа бууруулж худалдаж авах сонирхолтой болсон. Нягтыг бууруулах нь сөрөг талтай. Байшингийн дулаан алдагдал нэмэгдэж, дараа нь гарах урсгал зардал ихэсдэг. Тиймээс аль болох стандартад дөхүүлж, нягт сайтай хөөсөөр фасадаа хийх нь зөв юм. 

Хөөсөнцөр хавтангаар дулаалгаа шийдэх бол 15 см-ын зузаантай хөөсөөр шууд дулаалах биш ам дарах аргыг ашиглаарай. Тодруулбал, 10 см зузаантай хөөсөө эхлээд наачихаад, залгаасуудынхаа завсраар шахдаг хөөс шахаж, битүүмжлэх хэрэгтэй. Түүний дараа залгаасуудаа дарж, 5 см зузаантай хөөсөө нааж өгнө.  

ХӨӨСИЙГ ХАНАНД ХЭРХЭН ТОГТООХ ВЭ

Хөөсийг зориулалтын цавуугаар наах ёстой. Хүмүүсийн ихэнх нь хөөсний цавуу, хар замаск хоёрыг ялгаж салгаж авч үздэггүй. Хөөсөнцөрөө тогтоохдоо хар замаскаар наагаад байдаг. Угтаа хөөсний цавуугаар наавал тогтоц сайтай. Хөөсөө наачихаад, нэг хонуулаад маргааш нь зориулалтын хадаасаар хадах нь зөв.  Учир нь цавуу түрхээд наасны дараа шууд хадах нь хөөсөнцөр нумарах, хотойх эрсдэлтэй байдаг. 

Хөөсөнцөр хадах тавтай зориулалтын хадаасыг барилгын материалын дэлгүүрүүдэд худалдаалдаг. 20, 25, 30 см-ын урттай хадааснаас хөөсний зузаантай уялдуулан сонгож аваарай. Хадаас хөөсний зузааныг нэвтлээд, хананд багадаа 10 см орчим нүхэлж орохоор байвал сайн.

Хөөсөнцөрөө тогтоосны дараа хар замаск татна. Түүнийхээ дараа тороо татах нь торны тогтоцыг нэмэгдүүлнэ.  Улмаар торныхоо дээрээс дахин хар замаск татаж, өгнө.  Улмаар чулуун болон энгийн эмульсээ татахад болно.  Эмульс маш олон янз. Аль болох чанартайг нь сонгож авах нь бороо, усанд урсахгүй, өнгөө хурдан алдахгүй давуу талтай.

ХӨӨСӨНЦӨР ФАСАД ХИЙХЭД ХЭРЭГЛЭГДЭХ ЗҮЙЛС

-Резинэн алх

-Хавтан зүсэгч

-Хөөсөнцөрийн цавуу

-Цавуу холигч

-Тэгш ус

-Харандаа

-Шат

-Хувин

-Шүдтэй нийвий

-Ган нийвий /татагч/

-Цохилттой өрөм

-Цохилттой өрөмний хошуу

-Тэлэгчтэй шруп 

-Дриль

-Өргөн багс, өнхрүүш

Зөвлөгөөг өгсөн: "ЭҮ ХҮЛЭГҮ" ХХК