Хөрсний устай, намгархаг, суумтгай сул хөрсөнд тохиромжтой суурийн хийцлэл…

Хөрсний устай, намгархаг, суумтгай сул хөрсөнд тохиромжтой суурийн хийцлэл…

Хөрсний устай, намгархаг, суумтгай сул хөрсөнд тохиромжтой суурийн хийцлэл…

Намгархаг хөрсний онцлог шинж чанар нь олон тооны нарийн ширхэгтэй тоосонцор, тогтворгүй байдал, чийгийн түвшин өндөр үзүүлэлттэй байдаг. Энэ төрлийн хөрс өвлийн улиралд хөлддөг. Намгархаг хөрстэй газар байшин барихаар төлөвлөж байгаа бол хөрсний геологийн дүгнэлтийг зайлшгүй хийлгэж, тохирох суурийн хийцлэлийг технологийн дагуу хийх шаардлагатай. Хичнээн сайхан байгальтай газар байлаа гээд суурийн хийцлэлээ буруу сонгож, технологийн алдаа гаргавал таны байшингийн насжилт чанарт шууд нөлөөлнө. Энэ удаагийн хүргэх зөвлөгөө намгархаг, суумтгай сул хөрсөнд ямар суурийн хийцлэлүүд тохиромжтой талаар зөвлөмж хүргэж байна.

Шурагт гадсан суурь: 

Газарт эргэгдэж зоосон төмөр гадаснуудын оройг холбож нэгтгэсэн хийцлэл юм. Шурагт гадас нь 4 мм-ээс багагүй зузаантай, заадасгүй ган хоолой бөгөөд нэг талд нь гагнасан шовх үзүүр, шураг хэлбэрийн далбангийн тусламжаар газарт эргэгдэн орж, тооцоолсон хөрсний гүнд сууж өгнө. Эргэгдэх явцад далбангийн доорхи хөрс шахагдаж нягтардаг учир дараагийн ажлуудыг шууд эхлүүлэх боломжтой. Гадсыг нягт хөрсөнд хүртэл эргүүлж суулгасны дараа оройг нэг түвшинд чацуулан тайрч дотор талд нь конденсац үүсч зэврүүлэх, хөлдөхөөс сэргийлж бетоноор цутгана. Үүний дараа тогтвортой болгох үүднээс холбоос дамнуруу болон босоо хэрээсэн холбоосыг гагнана.

Энэхүү суурь нь маш хямд өртөгтэй бөгөөд (бусад төрлийн гадсан сууриас 50% орчим хямд), угсрахад маш хурдан (1-2 хоногт бүрэн дуусна), намгархаг, сул, хөрсний устай зэрэг ямар ч төрлийн хөрсөнд, налуу газарт, жилийн аль ч улиралд ашиглах боломжтой, гараар буюу механизмаар суулгаж болдог, газар шорооны ажил хийх шаардлагагүй тул байгаль орчинд ээлтэй, өргөтгөл барилга, гэмтэлтэй суурийг засварлахад ашиглах боломжтой.

Тухайн суурийн даацыг тооцож тохирох диаметртэйг сонгож болдог зэрэг давуу талтай ч ашиглалтын насжилт багатай. Насжилтыг 30 жил гэж тооцдог ч цайрдах, полимер будгаар будах зэрэг зэврэлтийн эсрэг арга хэмжээ авснаар 50-70 жил хүргэх боломжтой гэж үздэг. Тогтвор багатай тул зоорийн давхар хийх боломжгүй сул талтай. Модон арагт бүтээц болон нэг давхар хөнгөн жинтэй, жигд бус суултад тэсвэртэй материалаар барьсан барилгад хэрэглэхэд нэн тохиромжтой.

Зоомол гадсан суурь нь: 

Үйлдвэрт бэлтгэгдсэн төмөрбетон гадсан шонгуудыг тусгай техник ашиглан хөрсөнд цохиж суулган, оройг нь холбоос дамнуруугаар холбосон хийц юм.
Энэхүү суурь нь усанд ханасан, намгархаг, суумтгай сул хөрстэй газарт ашиглахад хамгийн үр дүнтэй бөгөөд барилгын ачааллыг сул даацтай үеийг нэвтлэн илүү даацтай, суулт багатай нягт хөрсөнд дамжуулдаг. Ийм суурийг тулаас суурь гэнэ.

Даац нь хажуу ханын үрэлтийн болон улны тулаас хучнээс бүрддэг суурийг дүүжин суурь гэх бөгөөд үеүүд нь жигд даацтай хөрсөнд хэрэглэнэ.
Энэ суурь нь даац өндөртэй, материалын зардал, газар шорооны ажил бага, богино хугацаанд, аль ч улиралд, ямар ч хөрсөнд хийж болдог, давуу талтай ч цохиж зоох тусгай техник монголын зах зээлд ховор, гадсан шонг үйлдвэрт бэлтгэх шаардлагатай, өргөх тээвэрлэх механизм шаарддаг, өртөг өндөр байгаагаас өргөн хэрэглэгдэхгүй байна.

Эх сурвалж: Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Б. Баярхүүгийн зөвлөгөө