П.Баянтүмэн: Газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүнд улсын хэмжээнд нийт 558985 зөрчилтэй нэгж талбар байна гэсэн судалгаа гарсан

П.Баянтүмэн: Газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүнд улсын хэмжээнд нийт 558985 зөрчилтэй нэгж талбар байна гэсэн судалгаа гарсан

П.Баянтүмэн: Газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүнд улсын хэмжээнд нийт 558985 зөрчилтэй нэгж талбар байна гэсэн судалгаа гарсан

Сүүлийн жилүүдэд газрын харилцааны салбарт цахим шилжилт эрчимжиж тодорхой бодит үр дүнд эхнээсээ хүрээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн дарга П.Баянтүмэнтэй хэрэгжиж эхлээд буй зарим системүүдтэй холбоотой сэдвээр ярилцлаа. 

-Иргэдийн хувьд цахим системүүд, цахим шилжилт харьцангуй шинэ ойлголт. Тийм болохоор “газрын удирдлагын нэгдсэн систем”, egazar зэрэг ойлголтуудыг энгийнээр тайлбарлаад өгөөч?

-Манай Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь Кадастрын нэгдсэн систем, Үнэлгээ, татвар, төлбөрийн систем, Хот байгуулалтын систем, Хаягийн нэгдсэн систем, Мониторингийн цахим систем, Төлөвлөлтийн цахим систем, Газрын биржийн систем, Газрын нэгдмэл сангийн систем зэрэг нийт 8 төрлийн системийг хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна. 

Эдгээр 8 төрлийн цахим системийг нийтэд нь “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн систем” гэж нэрлэн Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор албан ёсоор баталгаажуулж хэрэглээнд нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл Газрын удирдлагын нэгдсэн систем гэж дээрх 8 төрлийн системүүдийг бүхэлд нь ойлгох бөгөөд энэхүү системийг Улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн шат шатны төрийн захиргааны байгууллага өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. 

Харин еgazar /www.egazar.gov.mn/ цахим сайт нь Кадастрын нэгдсэн систем болон төлөвлөлтийн цахим системд суурилсан иргэд олон нийтийг 72 төрлийн мэдээ мэдээллээр хангах мөн өөрийн газартай холбоотой 23 хүсэлтийг цахимаар илгээх боломжийг бүрдүүлсэн нээлттэй систем юм. Уг системээр дамжуулан хаана газар олгох боломжтойг харах түүнд хүсэлт өгөх, өөрийн өгсөн өргөдлийг хянах, үнэгүй газар өмчилсөн талаарх лавлагаа авах, кадастрын зураг хэвлэж авах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг авах, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг авах, газрын үнэлгээ, төлбөр татварын мэдээллийг авах, газрын төлбөр, татварыг цахимаар төлөх, гэрчилгээ, кадастрын зураг, мэдээллийн сангийн өөрчлөлт, лавлагааны хураамжийг цахимаар төлөх, газрын хувийн хэргийг хуулбарлан авах зэрэг үйлчилгээг авах боломжтой бөгөөд газартай холбоотой бүхий л төрлийн мэдээллийг харах боломжтой юм. Харин гар утасны еgazar аппликешнийг ашиглан дээр хэлсэн газартай холбоотой бүх үйлчилгээг авах боломж юм.

-Хаягийн нэгдсэн системийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

Хаягжуулалтын тухай хууль болон Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам, талбай, үл хөдлөх, эд хөрөнгийг хаягжуулах тухай” журам, “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага MNS5283:2014 стандарт”-ын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг олон улсын жишигт нийцүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 111 тоот тогтоолоор Хаягийн нэгдсэн системийн байгуулж хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Хаягийн мэдээллийн системийг байгуулах ажлын хүрээнд улсын хэмжээнд 1:100000 масштабтай газар усны нэрийн тоон зургийн 258650 газар, усны нэр, 223608 замын өгөгдлийг үүсгэж, гудамжийг замтай холбон эхлэл, төгсгөлийг тооцоолсноор нэгж талбар, барилгын орц, гарцыг тэмдэглэж, стандартад нийцүүлэн бүрдүүлсэн өгөгдлүүдийг тооцоолон олон улсад түгээмэл ашиглагддаг тэгш, сондгой зарчмыг баримтлан нэгж талбар, барилгын хаягийг автоматаар олгох боломжийг бүрдүүлсэн. Одоогийн байдлаар хаягийн системийн мэдээллийн санд 1082179 нэгж талбар, 50335 гудамж, 223608 зам, 689894 барилгын өгөгдөл мэдээллийг үүсгээд байна. 

-Хаягийн нэгдсэн системийн гол хэрэглээ нь юу вэ?

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад байрлалд суурилсан (Орон зайн) мэдээллийн хэрэглээ нь нийгэм болон эдийн засгийн бүхий л түвшинд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Үүнтэй холбоотойгоор “Хаягийн нэгдсэн мэдээллийн систем”-ийн өгөгдлийг авах, тус системээр дамжуулан бусад байгууллагатай мэдээлэл солилцож, салбар бүрд төрийн болон бусад үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой юм.

Манай улсын хувьд хаягжуулалтын ажил нэгдсэн зохион байгуулалтгүй, хаяг олгох субъект тодорхойгүй байгаагаас үүдэн аймаг, суманд газрын даамал, сум, багийн Засаг дарга, нийслэл, дүүрэгт Газрын алба, Хот байгуулалтын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хаяг олгож ирснээр хаягийн давхардал үүсэх, түр хаяг олгох, нэр, дугааргүй задгай гудамжнууд олширч Төрийн болон бизнесийн үйлчилгээ, гал команд, түргэн тусламж, хүргэлт, авто тээврийн үйлчилгээ үзүүлэхэд нь эмх цэгцгүй, хүндрэлтэй байдал үүсэж байна. Эдгээр асуудлуудыг “Хаягийн мэдээллийн систем”-ээр бүрэн шийдвэрлэнэ гэж үзэж байгаа. 

-Газар усны нэр дээр суурилсны гол онцлог, ач холбогдол юу вэ? 

Хот, суурин газраас бусад орон нутагт байрлах нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтын дагуу бий болоогүй гудамж, талбай, өмчлөх, эзэмших, ашиглах эрх үүссэн газар, үл хөдлөх эд хөрөнгийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн нэр, газар зүйн нэрийг үндэслэн зориулалтаар нь хаягийн дугаар олгодог. Энэ нь тухайн газрын орон нутаг, байршлын нэршлийг иргэнд маш ойлгомжтой байдлаар зохион байгуулсан нь гол онцлог юм.

 

-Энэ систем нэвтэрснээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд ямар давуу тал, эерэг үр дагавар үүсэх вэ?

Нийгмийн тасралтгүй хэрэгцээ, технологийн өндөр хөгжил нь орон зайн мэдээллийн хэрэглээг улам бүр нэмэгдүүлж, нийгэм, эдийн засагт хаягжуулалт, хаягийн систем нь жуулчид, шуудан хүргэлтийн компани, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэгчид (онлайн худалдаа, бараа, хоол), такси, эмнэлэг, гал команд, цагдаа, нийтийн тээвэр, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, ахуйн үйлчилгээ /түрээслэх орон сууцаа хайх, ус, тог, газ, түрээсийн төлбөрөө төлөх, цаг агаар/ гэх мэт чиглэсэн маш олон төрлийн үүргийг гүйцэтгэх юм. 

Мөн Хаягийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр олон улсын жишигт нийцсэн мэдээллийн цогц шинэчлэл хийгдэж төрийн байгууллагуудын мэдээллийн сантай холбогдон цагдаа, түргэн тусламж, онцгой байдал, шуудан, харилцаа холбоо зэрэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ашиглах, нэгдсэн стандартад нийцсэн замчлах систем хэрэглээнд нэвтэрнэ.

-Хаягийн мэдээллийн санг ашиглая гэвэл ямар хаягаар хандаж нэвтрэх вэ?

Анх ярилцаж байсанчлан манай Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас иргэн, хуулийн этгээдэд зориулсан газрын цахим /https://egazar.gov.mn/nav/ хуудсаар дамжуулан хаягийн мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулсан. Энэхүү хуудсанд хандсанаар хаягийн нэрийн сан болон газар зүйн нэрийн сангаас хайлт хийх цаашлаад өөрийн очих байршлыг нарийвчлан зааж өгснөөр байршил, чиглэлийг тодорхойлох боломжтой юм.

 

-Түрүүн ярилцлагын эхэнд дурдагдсан Газрын нэгдмэл сангийн тооллогын талаар бидэнд ойлголт өгөөч?

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу  5 жилд нэг удаа хөдөө аж ахуйн газар, хот тосгон бусад суурины газар, зам, шугам сүлжээний газар, ой сан бүхий газар, усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газар гэсэн үндсэн 6 ангиллын дагуу газрын нэгдмэл сангийн тооллогыг хийж байхаар тусгасан байдаг.

Энэхүү тооллогыг хийснээр газрыг үр ашигтай ашиглах, хамгаалах, хяналт тавих, зөвшөөрөлгүй, хууль бус газар ашиглалтыг илрүүлэх, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, газрын маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. 

2020 онд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийг хамруулан төрийн өмчийн газрыг бүртгэлжүүлэн баталгаажуулж, эзэмшүүлэх, мэдээллийн санд оруулах, зөвшөөрөлгүй, хууль бус газар ашиглалтуудыг илрүүлэх зорилгоор  Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн Газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажил”-ыг хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү ажлын үр дүнд төрийн өмчийн газрын хил заагийг тодорхойлон, зураглан бүртгэж Газрын нэгдмэл сангийн цахим системийг байгуулан, зөвшөөрөлгүй газар ашиглалтад хяналт тавих, газрыг үр ашигтай ашиглах, хамгаалах, тогтвортой газар ашиглалтын менежмент бий болгох боломж бүрдсэн. 

-Тооллогын үр дүнд гарсан тоо мэдээнээс танилцуулаач, өмнөх жилүүдээс хэрхэн өөрчлөгдсөн байна?

Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 76 хувийг хөдөө, аж ахуйн газар, 12 хувийг ойн сан бүхий газар, 10 хувийг улсын тусгай хэрэгцээний газар, 1 хувийг хот тосгон бусад суурины газар, 1 хувийг зам шугам сүлжээний газар тус тус эзэлж байна. 

 -Тооллогын явцад хийгдсэн зөрчлийн судалгааны үр дүнгээс танилцуулаач?

Газрын нэгдмэл сангийн тооллогын үр дүнд улсын хэмжээнд нийт 558985 зөрчилтэй нэгж талбар байна гэсэн судалгаа гарсан.  Үүнээс зөвшөөрөлгүй дур мэдэн газар ашиглаж буй зөрчилтэй 15379 нэгж талбар, Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй зөрчилтэй 399960 нэгж талбар, захирамж буруу гарсан болон бичиг баримтын зөрчилтэй 124310, зураглалын алдаатай зөрчил 19336 нэгж талбар тус тус байна. 

Одоогийн байдлаар нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, сумдын газрын даамал нар энэхүү зөрчлийг арилгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. 

 -Дээрх асуудлуудтай холбоотой тоо, мэдээг иргэд хаанаас харж болох вэ?

Иргэн, хуулийн этгээд мөн https://egazar.gov.mn цахим хуудаснаас Газрын нэгдмэл сангийн мэдээллийн нээлттэйгээр авах боломжтой. Мөн уг цахим системээс Засгийн газарт танилцуулдаг жил бүрийн Газрын нэгдмэл сангийн улсын нэгдсэн тайланг татан авч эрдэмтэн, судлаач нар маань төрөл бүрийн судалгаа шинжилгээнд ашиглах бүрэн боломжтой, нээлттэйгээр мэдээллийг байрлуулсан байгаа.

-Газрын удирдлагын нэгдсэн системтэй холбоотой хийгдэж буй ажлууд, цаашид үр дүнд хүрэхээр зорьж буй ажлуудаасаа танилцуулаач?

Газрын удирдлагын нэгдсэн системд шинээр дахин нэг системийг нэмж хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэ нь “Газрын нэгдмэл сангийн систем” юм. Тус системийн гол үйл ажиллагаа нь газрын нэгдмэл сангийн 6 ангилал тус бүрээр газрын тооллого бүртгэлийг улсын хэмжээнд гүйцэтгэсэн.

Мөн манай байгууллагаас газрын удирдлагын нэгдсэн системийн өгөгдөл дата мэдээнд суурилан төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах, мэдээ мэдээллийг цаг тухайд солилцох зорилтыг хэрэгжүүлж төрийн болон төрийн бус байгууллагуудтай дундын мэдээллийн сан байгуулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Тус ажлын үр дүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын нотариатчидын танхим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг байгууллагуудтай дундын мэдээллийн санг байгуулаад байна. Цаашлаад ЦЕГ болон үндэсний статистикийн газар, үнэлгээчдийн институт зэрэг байгууллагуудтай дундын мэдээллийн санг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.