Ц.Мөнхгэрэл: Ханаа маш сайн дулаалсан ч заадлуудыг нь битүүмжлэхгүй орхивол ямар ч үр дүнгүй дулаалга болно

Ц.Мөнхгэрэл: Ханаа маш сайн дулаалсан ч заадлуудыг нь битүүмжлэхгүй орхивол ямар ч үр дүнгүй дулаалга болно

Ц.Мөнхгэрэл: Ханаа маш сайн дулаалсан ч заадлуудыг нь битүүмжлэхгүй орхивол ямар ч үр дүнгүй дулаалга болно

“Е-house” подкастын ээлжит дугаараар барилгын  халаалтын зураг төслийн талаар ярилцлаа. Энэ удаагийн зочноор “Нарансүлд” ХХК-ийн  Халаалт, агаар сэлгэлтийн инженер Ц.Мөнхгэрэл оролцлоо.

-Халаалтын зураг төслийн талаарх ерөнхий ойлголтын талаар ярилцлагаа эхэлье?

-Хүний эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг, эрүүл ахуйн шаардлага хангахуйц орчныг бүрдүүлэх системийн зураг төслийг хэлдэг. Тэр тусмаа орчны температурыг тогтмол байлгахад тооцоолол хийж, зураг төсөл гаргах юм. Халаалтын системийн зураг төслийг хийлгээгүй орон сууц, бага оврын хаус, үйлчилгээний төвүүд дураараа угсралт хийснээс болж халалт үүсэхгүй байх асуудлууд үүсдэг. Тэр асуудлаас болж барилгын зураг төсөл дахин хийлгэх гэж ирдэг захиалагчид олон байдаг. Тэр захиалагчид зураг төсөл хийлгэхийн ач холбогдол болон шууд хийлгэхийн ялгааг маш сайн ойлгосон байдаг. Зураг төсөлгүй гүйцэтгэсэн барилга, байгууламжууд хэр их дулааны ачаалал хэрэглэх үү, дулааны хэрэглээг хэрхэн хангах, агаар сэлгэлтийн орчин, эрчим хүчний хэмнэлт хэр байх уу гэх мэт эдийн засгийн хэмнэлтийг бий болгох хамгийн чухал ач холбогдол болох урьдчилан тооцоо гаргуулж, халаалт агаар сэлгэлтийн зураг хийлгүүлэх нь чухал байдаг.

-Тухайн барилгын сууриас шалтгаалан шалыг хэрхэн дулаалах гэх мэт олон төрөл зүйл байдаг байх. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улс  эрс тэс уур амьсгалтай, газарзүйн орчин нөхцөлөөс шалтгаалж тухайн газрын цэвдэг, намаг, хөлдөлтийн гүн зэргээс хамаарч барилгын суурь нь маш өөр, өөр гардаг. Жишээлбэл, Хөвсгөл аймгийн Ханх сум бол цэвдэгтэй газар. Тэнд барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулан угсрахдаа газраас нэг метрийн өндөрт буюу тухайн барилгыг агаар дээр барьдаг. Тэр барилгыг дээр, доороос нь дулаалах шаардлага үүсдэг. Учир нь агаар дээр суурилсан шал дулаан алдагдал ихтэй байдаг. Мөн зоорьтой барилга байлаа гэж бодоход зоориндоо гарааш байгуулах үед тухайн газрын гүнд дулаан алдагдал бага байдаг. Тиймээс тэр хэсэгт дулаалгагүй шал хийж, нэгдүгээр давхрын ханийг дулаалах гэх мэт байж болно. Тэгэхээр шалыг дулаалгатай, дулаалгагүй гэх мэт янз бүрээр хийж болно. Энэ нь тухайн барилгын суурь, газар зүйн онцлогоос шалтгаалдаг.

Байшингийн ханыг дотор талаас нь дулаалбал цанталт өгөх эрсдэлтэй

-Заа тэгвэл ханыг хэрхэн дулаалах уу?

-Тухайн барилгыг бүрдүүлж буй хамгийн чухал хэсэг бол хана. Мөн хашлага, хийц, бүтээцийн хувьд хамгийн их орон зайг эзэлдэг. Тиймээс тухайн барилга ханаараа хамгийн их дулаан алддаг. Учир нь хана их талбайг эзэлж байгаатай холбоотой. Тиймээс ханыг дулаалах нь дулаан алдагдлыг бууруулах хамгийн чухал зүйл юм. Дотор хашлага, хийцийг дулаалах маш олон материал байдаг. Элс, чулуун хөвөн, хөөсөнцөр гэх мэт олон янзын материалууд байна. Мөн сая дурдсанаар тухайн барилгын хийцээс хамаарч ямар материалаар дулаалах уу гэдгийг ярилцан, тохирч дулаалгын материал ханын бүтэц нь хэр зузаан байхыг халаалтын системийн инженер өөрөө гаргадаг.

-Нарийвчлан тодруулбал, ханаа блокоор өрсөн байшингуудад ямар халаалтын материал тохиромжтой байдаг вэ?

-Дулаалгын материалууд нь дулаан алдагдлын кофицент эсэргүүцэх чадвар гэсэн үзүүлэлт байдаг. Тухайн үзүүлэлтээс шалтгаалж дулаан алдагдал хамгийн багатай кофицент өндөртэй материалыг олж сонгох нь хамгийн чухал. Мөн тухайн материалыг дулаан алдалтын кофицентоос хамааран шаардлагатай эсэргүүцлийг хэчнээн см байх тооцоог гаргадаг. Монгол Улсад ихэвчлэн хэрэглэгдэж байгаа чулуун хөвөн нь дулаан тусгаарлах материал боловч бусдаасаа үнийн хувьд өртөг өндөр. Харин хамгийн түгээмэл, хямд үнэтэй нь дулаалгын хөөсөнцөр юм. Тус хөөсөнцрийг хүмүүс эсрэгээрээ гал дэмждэг гэх мэт олон янзаар ярьдаг. Үнэндээ хөөсөнцөр дангаараа байвал шатна. Харин ямар нэгэн бодис нэмснээр тухайн хөөсөн пассат нь галыг дэмждэггүй материал болдог. Тэр бодисоор стандартын дагуу хийгдсэн хөөсөнцөр бол аюулгүй материал.

-Тэгвэл блокон дээр хэчнээн см-ийн хөөс байх нь тохиромжтой гэдэг хэмжээ байдаг уу?

-Тэрийг шууд хэлэх боломжгүй. Учир нь тухайн барилга хаана баригдаж байгаагаас хамаарна. Жишээлбэл, Увс аймгийн Тэс суманд -40, Архангай аймагт -27 градус, энэ хоёрын хооронд зөрүү их. Тиймээс тухайн барилга хаана баригдаж байгаагаас шалтгаалан дулаалга нь өөр, өөр байдаг. Мөн хоорондоо адилхан 360-ын дүүргэлттэй блокон дүүргэлттэй нэг давхар хаус барих гэж байлаа. Тэгэхэд Увс аймгийн тэс суманд 200 мм-ийн зузаантай хөөс тооцоонд тусгагдаж болно. Харин Архангай аймагт баригдаж байгаа хаусыг 100-150-аар дулаалж шаардлагад эсэргүүцлийг хангах жишээтэй.

-Тэгвэл дүнзэн, палкан буюу модон арагт бүтэцтэй байшинг хэрхэн дулаалбал зөв бэ?

-Зуслангийн хауснууд ихэвчлэн дүнзэн байдаг. Хүмүүс мод дулаахан гэдэг боловч дүнзэн хаусандаа өвөл амьдардаггүй. Өвөл амьдрахын тулд гадуур, дотуур нь палкаар дулаалга хийж, өвлийн хаус болгосон айлууд олон байдаг. Барилгын материал болгонд дулаан алдагдлын кофицент байгаа. Мод, төмөр, бетон хийцэнд ч байдаг. Тэгэхээр тухайн мод төмөр, бетон хийцийг бодвол дулаан алдагдал багатай материал боловч дулаан тусгаарлах материал биш юм. Дүнзэн хаус нь хэдэн голчтой мод вэ гэдгээс хамааран тооцоо хийж үзвэл шаардлагатай эсэргүүцлийг хангадаггүй. Тиймээс өвлийн улиралд дангаар нь ашиглахад хүйтэн байдаг. Тиймээс заавал дахин дулаалдаг юм. Монголчууд дүнзэн хаусыг ихэвчлэн шахмал хөөсөөр дулаалсан байдаг.

-Модон арагт бүтэцтэй байшинг дотор талаас нь дулаална гэж ойлгож болох уу?

-Гадна болон дотор талаасаа дулаалж болно л доо. Гэхдээ  барилгыг ихэнхдээ гадна талаас нь л дулаалдаг. Дотор талаас нь дулаалбал хугарлын цэг нь буруу болдог бөгөөд тухайн барилгад цанталт үүсэх магадлалтай. Мөн гадна талаас нь 150, дотор талаас нь 150-аар дулаалсан нь эрс ялгаатай болдог. Яг л адилхан өртөг гардаг мөртлөө дотор талаас нь дулаалахад барилгын үндсэн хийц нь гадна талаас шууд хүйтнийг авдаг учраас  үндсэн хийцэд нөлөөлж, цанталт үүсгэх нөхцөлийг бий болгодог. Харин барилгын үндсэн хийцийн гадна талаас дулаалбал гадна талаас температур нь буурч, үндсэн хийцэд нөлөөлж, дотор талын агаарын температурын зөрөө багассанаар конденсаци үүсэх боломжийг байхгүй болгодог.

-Тэгвэл хоёр талаас нь дулаалбал илүү дулаахан болохгүй юу?

-Байж болно. Тэгэхдээ дотор талаас нь дулаалахдаа дотор талын дулаалга нь үндсэн хийцээсээ тодорхой хэмжээний агаарын орон зайтай байвал сайн. Учир нь тэнд чийг хуримтлагдах магадлалтай болчихно. Гадна талаас нь дулаалсан атлаа дотор талаас нь дулаална гэдэг нь хугарлын цэг тэнд дахин үүссэн гэсэн үг. Тиймээс чийгийг нэвчүүлэхийн тулд тодорхой хэмжээний агаарын орон зайтай хийх нь зөв.

-Хугарлын цэг гэдэг нь гадна болон дотор агаар хоёрын мөргөлдөж байгаа цэг гэж ойлгож болох уу?

-Тэгэж ойлгож болохгүй. Учир нь барилгын бүтээцийн хийцээс гадна талын агаар хасах градустай, дотор талын агаар нэмэх градустай байгаа. Гадна талын агаараас барилгын хаших хийцийн үе гэж байгаа тэр нь дулаан тусгаарлах материал гэж байгаа гадна тусгаарлах шавардлага байж болно. Хэчнээн үеэс тогтоно тэр үе болгон дээр температур доошоогоо дотор хана руу уруудсан хэлбэртэй байх ёстой. Дунд хэсэгтээ температур өссөн ч дахин буурах юм бол тэр өссөн хэсэгт хугарлын цэг буюу цанталт үүсдэг.

-Тийм учраас цантуулахгүй байхаар шийдэх ёстой юм байна.

-Барилгыг ихэвчлэн гадна талаас нь дулаалж байх хэрэгтэй. Зарим тохиолдолд гадна талаас нь дулаалах боломжгүй болсон нөхцөлд дотор талаас нь дулаалж дотор талд нь пассат нь дээр ажиллаж дулаалах тохиолдол байдаг.

-Манайхан гадна талдаа дулаалга хийхдээ илүү зузаан хөөсөөр хийвэл, дулаан алдагдал бага, дулаан байшинтай болчихно гэж ойлгодог. Энэ хэр зөв бэ?

-Нэг талаас зөв боловч дутагдалтай ойлголт. Учир нь 150 орчим хөөсөнцөр дулаалга ашиглаад болчих байтал 200-аар дулаалбал эдийн засгийн үр ашиггүй буюу үнэтэй материал зарцуулна. Мөн тухайн дулаалгын материалуудын хоорондын зааг, уулзваруудыг  сайн битүүмжилж өгөхгүй бол хэчнээн зузаан материалаар дулаалсан ч гэсэн маш их сийгэлт үүсдэг. Үүнээс болж үр ашиггүй зардал их гаргадаг. Үүнийг манайхан маш сайн ойлгоосой гэж боддог. Эко, дулаан алдагдал багатай эрчим хүчний бага зардалтай хауснуудын гол зарчим нь битүүмжилсэн байх шаардлагатай байдаг. Ямар нэгэн байдлаар заадсыг нь буруу хийчихсэн тохиолдолд тэр хэсгээр сийгэж, ус, шороо орно. Мөн ханыг сайн дулаалснаар дандаа дулаан байна гэсэн үг биш. Бүх деталь хэсгүүдийг битүүмжлэх нь маш их нөлөөлдөг гэж ойлгож болно.

Дээврийг дулаалахдаа уур, ус тусгаарлагчаа маш сайн хийх ёстой

-Мөн дээврийг дулаалах гэдэг нь маш чухал асуудал байдаг. Дээврийг хэрхэн дулаалах ёстой байдаг вэ?

-Дээвэр дулаалах нь хана, шал дулаалахтай адилхан байдаг. Харин нэг онцлог нь цас, бороо, чийг, цанталт үүсэх магадлал өндөр байдаг. Тиймээс дээврийг маш сайн дулаалж, уур, ус тусгаарлагч үеүдийг нэмж өгдөг. Тэгээд хана, шал дулаалахтай мөн адил хэчнээн см-ийн дулаалгатай байх уу гэдгийг халаалтын инженер тооцоолон гаргаж өгдөг.

-Байшин, барилгуудын дээвэр гурвалжин, хавтгай гээд төрөл бүрийн хэлбэртэй байдаг. Тэр тохиолдолд дулаалга хийх аргууд нь өөр, өөр байдаг уу?

-Гурвалжин дээвэртэй барилгын дотор хэсгийг адрын хөндий гэж ярьдаг. Адрын хөндий нь хавтга дээвэртэй харьцуулахад гадна температурыг 10-20 градусаар багасгаж оруулсан байдаг. Тухайн градус багассан байгаагаар тооцоо хийдэг бөгөөд дулаалга тэр хэмжээгээрээ нимгэрч өгдөг. Харин огт дулаалгагүй хийж болохгүй.

Байшиндаа том цонх хийх гэж байгаа бол шилнийхээ чанарт маш сайн анхаараарай

-Одоо хаалга, цонхны талаар ярилцъя. Барилгын дулаан алдагдах нэг хэсэг болдог шүү дээ. Хаалга, цонхоо хэрхэн битүүмжлэх ёстой вэ?

-Барилгын хамгийн их дулаан алдагдалтай хашлага, бүтээц бол нэгдүгээрт хаалга, хоёрдугаарт цонх байдаг. Цонхны ямар хэсгээр дулаан алдаж байгаа гэдэг нь чухал. Сүүлийн үед хоёр давхар шиллэгээтэй бид нарын хэлж заншсанаар голдоо агаарын хэсэгтэй цонх байдаг. Тэнд гол ашиглагдах зүйл бол цонхны амалгаа суурилуулж буй хэсэг маш чухал. Мөн цонхны резинен жийргэвчний чанар, эдэлгээний хугацаа чухал. Тухайн резиний эдэлгээний хугацаа нь цаг агаар, хуурайшилтаас шалтгаалан дөрөв, таван жилийн насжилттай байдаг. Тухайн жил өнгөрөөд резин хатаж, дулаан тусгаарлахаа болж тэр хэсгээр маш их сийгэлт үүсэж эхэлдэг.Тэр үед нь соливол дулаан алдагдлыг бууруулах боломжтой. Харин хаалганы хувьд гадна хаалга дулаан алдагдал ихтэй байдаг. Гадна хаалганы дулаан алдагдлыг бууруулахын тулд хоёр давхар хаалга хийх хэрэгтэй. Эсвэл гонх хийх. Гонх гэдэг нь үүдний хэсэгт тодорхой хэмжээний орон зайг бий болгосон зүйл. Монголчууд гэрт байдаг амбаар гэж нэрлэдэг. Тэр хэсэг бол дулаан агаарын хөшиг болж өгдөг. Хаалгаар алдаж байгаа дулааныг энгийн аргаар багасгах зориулалттай.  Механик аргаар бол агаарын хөшиг буюу дээрээс үлээлгэдэг төхөөрөмжүүд байдаг.

-Тэгвэл дулаан алдагдалтай хаалганы шийдэл гэх мэт зүйлс гараагүй байгаа юу?

-Тийм зүйл байхгүй. Харин хоёр давхар хаалга байж болно. Эхний хаалгыг хааж цаад талын хаалгыг онгойлгож байхад гадна талын дулаан агаар тэр чигтээ дан хаалганаас бага онгойно. Дулаан алдагдлыг бууруулах зөв шийдэл бол хаалгаар хүн гарч, орохгүй байх. Гэвч хүн гарч, орохын тулд л хаалга байгаа шүү дээ. Тиймээс дулаан алдагдал багатай хаалга гэж байхгүй. Харин цонхыг зөв суурилуулж, дулаан алдагдлыг бууруулж болдог. Мөн дулаан алдагдал их, бага шилний стандарт маш чухал. Тэр тал дээр бас анхаарах хэрэгтэй. Бидэнд  хоёр давхар шиллэгээтэй вакум цонх харагддаг, бүгд л адилхан гэж боддог. Харин шил нь дотроо маш олон өөр, өөр шинжийг агуулсан байдаг. Стандартын дагуу цонх болон пасад гээд ямар хэрэгцээнд ашиглахаас хамаарч шил өөр, өөр шинж чанартай.

Цонхонд ашигласан бол дулаан алдагдалтын стандартыг хангасан шил маш чухал. Тэр утгаараа стандарт хангасан шил байна уу, ямар шил  авах уу гэдгээс шалтгаалан сонголтоо зөв хийвэл цонхны дулаан алдагдалт бага байдаг. Үүнийг мэдэхгүйгээс хоёр давхар шиллэгээтэй вакум цонх сайн гээд л авчихдаг. Гэтэл  энгийн, дулааны алдагдалтай шилээр хийсэн вакум цонх гэртээ суурилуулчихвал халаалтын зардал эрс нэмэгдэж, эрчим хүчний хэмнэлт үгүй болно гэсэн үг. Манайхан үүнд анхаарах хэрэгтэй. Ямар үйлдвэрт хийсэн шил вэ, дулаан алдагдал нь ямар вэ гэдгийг судлах боломжтой байдаг.

Би ойролцоогоор стандарт хэлье. Жишээлбэл, дулаалгын хөөсөнцөр материал дээр нягт гэж байдаг. Нягт нь дотроо маш олон янз байгаа. Дундаж стандарт утгатай хөөсөнцөр материалын нягт нь 35-40 кг метр куб нягттай байвал болно. Нягт нь үүнээс өндөр байвал дулаан алдагдал ихтэй болдог. Харин бага байвал сийрэгжилттэй учраас  мөн л эсрэгээрээ нөлөөлнө. Дулаан алдагдлын лямда утга гэж байдаг. Лямда утга нягт хоёр нь материал дээр байдаг. Лямбда утга нь 0.038-0.041-ийн хооронд байвал зохистой. Энэ  хоёр үзүүлэлтийг  хараад,  дулааны хөөсөнцрийнхөө материалыг сонговол стандарт утгад нийцсэн гэдгийг хүмүүс ойлгоно. Энгийн хөөсөнцөр материалын нягт нь 80-100 байвал нягт ихтэй буюу дулаан алдагдал ихтэй болно. Тиймээс түүнийг 35-40-ийн хооронд байна уу гэдгийг харах хэрэгтэй.

-Сүүлийн үед амины орон сууц барихдаа өнгө үзэмж, нарны гэрлийг авах боломжтой гэдэг утгаар нь том цонхтой хийдэг болсон. Тэр том цонхнууд дулаан алдагдлын шалтгаан болдог уу?

-Манайд сүүлийн үед шилэн  фасадыг маш их ашигладаг болсон. Гаднаас харахад их л үзэмжтэй шилэн барилга байдаг. Дотор нь орохоор маш хүйтэн. Эсвэл дулаан алдагдал маш өндөр учраас эрчим хүчийг маш их зарцуулдаг. Түүндээ маш их мөнгө зарцуулдаг гэсэн үг. Монгол Улсын төсвийн хамгийн их хувь нь төрийн албан хаагчдын цалинд зарцуулагддаг.  Хоёрдугаарт,  дулаан хангамжийн системийн ашиглалтын зардалд өгдөг. Тиймээс хашлага хийц бол маш чухал. Бас шил, шилэн фасад энгийн хөнгөн блокод өргөлттэй ханийг бодвол дулаан алдагдалт өндөртэй. Тэгэхээр шилэн хэсэг их байна гэдэг нь дулаан алдагдал өндөр болно гэсэн үг. Харин шилээр хийж болохгүй гэх зүйл байхгүй. Сүүлийн үед шилэн фасадны материал их сайн болсон. Олон төрлийн шилний стандарт шинж чанарыг агуулж байна. Дотроо бууралттай, бууралтгүй, дулаан алдагдалт багатай, нарны шууд тусгалыг бууруулдаг гэх мэт. Үүнийг хангагч байгууллагатай зөвшилцөж, ямар стандартын шилэн фасад, цонх хийх үү гэдгийг өөрсдөө сонгож болно гэсэн үг. Халаалтын инженерүүдийн хувьд шилэн фасад бага хийвэл эрчим хүчний хэмнэлттэй гэж тооцдог. Айлууд том цонх хийлгэх хүсэлтэй байгаагаа хэлбэл, өөдөөс нь жижиг цонх хий гэж хэлж чадахгүй. Тиймээс шилнийхээ сонголтод илүү анхаараарай.

Хамгийн дулаан алдагдал өндөртэй хэсэгтээ л паараа суурилуул

-Халаалт, сэлгэлтийн инженер хүнтэй дулаан алдалтын асуудлаар ярилцаж байгаа учраас халаалтын шийдлүүдийг ярихгүй бол болохгүй. Манайхан амины орон сууц барьж дууссаныхаа дараа ямар халаалт сонгох талаараа боддог. Эхнээсээ халаалтын асуудлыг давхар бодолцох хэрэгтэй мэт харагддаг?

-Амины орон сууц метр квадратын хувьд бага байдаг. Тиймээс амины орон сууцанд  халаалтын системийг бие даасан байдлаар шийдэж болно. Төвийн усан хангамжид холбогдсон байж болно. Халаалтын систем нь нэг эсвэл хоёр хоолойт гэдгээрээ өөр байж болно. Шийдлүүдийн хувьд маш олон янз. Усан шалны халаалттай систем байж болно. Тус систем нь дотроо босоо шугамтай систем гэж байдаг. Сүүлийн үед коллектортой систем их ашиглагдаж байна. Эх үүсвэрийн хувьд цахилгаан тогоо байдаг. Сүүлийн үед хатуу түлшийг хэрэглэхээс эрс татгалзаж байгаа. Мөн нарны эрчим хүч, газрын гүний дулаан гэж байж болдог.

-Та халаалт олон төрөл байдаг гэж хэллээ. Тэгэхээр амины орон сууц барьж байгаа хүмүүсийн хувьд эдгээрээс хамгийн тохиромжтой нь аль нь вэ. Сонголт хийхэд нь дөхөм байдлаар зөвлөгөө өгвөл?

-Ер нь ямар ч төрлөөр нь хийж болно. Тухайн барилгын хийц, загвараас хамаарна. Манай өнөөгийн нийгэмд төвийн шугамд холбогдсон барилга бол босоо шугамтай систем хийж болно. Бие даасан байдлаар шийдвэр ихэвчлэн цахилгаан тогоотой усан халааллтай системээр шийддэг. Тус систем нь усан халаалттай эсвэл босоо системтэй байж болно. Хамгийн чухал  нь тэрийг хангаж байгаа эх үүсвэр нь байдаг. Сүүлийн үед амины орон сууцнуудад цахилгаан тогоог их хэрэглэх болсон. Хэдийгээр ихэнх тохиолдол энэ системийг сонгож байгаа боловч энэ нь хамгийн зөв хувилбар биш. Улаанбаатар хотын 70 хувийг гэр хороолол эзэлдэг. Тэнд байгаа хүмүүс бүгд цахилгаан тогоо тавьбал агаарын бохирдлыг шийдэх боломжтой байдаг. Гэвч манай улсад тэр бүр өрхийг цахилгаанаар хангах эх үүсвэр нь дутагдалтай. Тиймээс хамгийн зөв шийдэл бол цахилгаан эрчим хүчний зарцуулалт болон дулаан алдагдал багатай шийдэл рүү явж эхэлсэн гэсэн үг. Одоогийн байдлаар асуудлыг цахилгаанаар шийдэж байгаа бас хийн гааз гэж байгаа тэр нь цахилгаан тогоо шиг эх үүсвэр болж байгаа боловч дотор талын халаалтын шийдэл бол өмнө хэлсэнтэй адил байж болно. Ирээдүйд дулаан алдагдалт, эрчим хүчний хэмнэлттэй пассив хаусын технологи бол миний хувьд хамгийн зөв шийдэл гэж хэлмээр санагддаг.

-Байшингийнхаа халаалтыг цахилгаанаар шийдэхээр сонгосон хүмүүс байдаг. Тэгэхдээ эхнээсээ зураг төслөө боловсруулаад шалан доогуураа эсвэл хананы цаагуураа хоолой зэргийг хийж угсарвал илүү цэвэрхэн, эмх цэгцтэй харагдах байх?

-Инженерийн хувьд далд шийдлийг оновчтой хувилбар гэж боддоггүй. Учир нь тухайн далд хийсэн хоолой, сувагт ямар нэгэн асуудал гарч, засвар үйлчилгээ хийхэд тухайн хэсгийн наад талын хашлага, хийцийг эвдэх шаардлагатай болдог. Тиймээс инженерийн шугам сүлжээ ил байвал зүгээр. Сүүлийн үед интерьерээ бодоод халаах хэрэгслийг далд хийх сонирхолтой болсон. Миний бодлоор халаалтын системийг хэрхэн хийхээ урьдчилан шийдэх хамгийн зөв арга нь тухайн барилгын хийц, дулаалга ямар байхаас шалтгаалан зөв шийдлийг сонговол ил, далд нь их хамаарахгүй. Далд хийх нь манайд цэвэрхэн гэж үзвэл аль хэсэгт далд явуулахаа урьдчилан тооцвол инженер ил, далд байдлыг тооцож, зураг угсралтад нь тусгаж болно.

-Амины орон сууц барьж байгаа хүмүүс паарнуудыг аль, аль хэсэгт байрлуулбал хамгийн зөв шийдэл болох вэ?

-Халаах хэрэгсэл сонгох тал дээр айлууд алддаг. Хөрсний шинж чанар барилгад маш чухал байдаг. Хатуулга өндөртэй хөрстэй газар дээр гүний худгаас усаа татна. Тэр ус нь хатуулга өндөртэй ус байвал халаах хэрэгслүүдээ цоолох эрсдэл үүсдэг. Баруун аймгуудад ган паниелан радиотор тавьбал угсраад удалгүй сар, жилийн хугацаанд цоорч эхэлдэг. Тэрийг шинээр сольсон ч гэсэн асуудал үүсдэг. Хаус байсан ч ялгаагүй. Тиймээс хөрсний уснаас шалтгаалж халаах хэрэгслээ сонгох шаардлагатай. Харин одоо баруун аймгууд руу хамгийн төгс шийдэл бол ширмэн радиотор. Энэ радиотор нь зэврэлтэд тэсвэртэй, насжилтын хувьд урт байдаг учраас ихэвчлэн хөдөө орон нутгуудад сонгож хэрэглэдэг. Хотын төвийн шугамын дулааны систем нь хатуулгын стандартад нийцсэн байдаг учраас паниал радиоторыг ихэвчлэн сонгодог. Халаах хэрэгслийг бид дөрвөлжин ийм л радиотор байдаг гэж ойлгодог байсан бол одоо маш олон янз болсон. Зөвхөн цонхны дор байрлуулах шаардлагагүй хана, таазанд байрлуулдаг радиотор байж болно. Эсвэл шалан доогуур байж болно. Байршлын хувьд хамгийн их дулаан алдагдалтай хийцийн хажууд халаах хэрэгслээ байршуулна. Учир нь тэр хашлага, хийцийн завсраар хүйтэн агаар илүү их орж ирнэ гэсэн үг. Тиймээс тэр хашлага хийцийн хувьд цонх, хаалга хоёр болно. Тэгэхээр хаалганы урд халаах хэрэгсэл байршуулах боломжгүй. Тиймээс цонхнуудын хашлага хийц хийх, хийх дулаан алдагдалтай хэсгүүдийн дор байрлуулбал гаднаас орж ирж байгаа агаарыг дулаанаараа конденсацлаж байршлын хувьд тохиромжтой болно. Бас цонхгүй хана  хүртэл дулаан алдагдалтай байдаг тиймээс тэр ханан дээр халаалтын хэрэгсэл байршуулж болно.

-Өндөр таазтай байшин байвал халаах тал дээр нөлөөлөх үү?

-Хана нь өндөр болж байгаа гэсэн үг. Ханаар дулаан алдах нь дулаанд нөлөөлнө. Мөн таазны өндрөөс шалтгаалан халаах  хэрэгсэл өөр, өөр байдаг. Тиймээс хувийн хаус, амины орон сууц барьж байгаа хүмүүст өндөр таазтай байх тусам дулаан алдагдалт их байна гэдгийг хэлмээр байна. Дулааны системээр шийдэх, шийдлүүд байгаа.

-Манай иргэд амины орон сууц барихдаа дулааны талаас ямар нийтлэг алдаа гаргадаг вэ?

-Нэгдүгээрт дулааны тооцоолол хийлгэдэггүй. Хашлага, бүтээцээ хэчнээн см-ийн дулаалгаар дулаалах уу гэдгийг мэргэжлийн хүмүүсээс сонсож дулаалаасай гэж хүсдэг. Дураараа дулаалахаар 200-р дулаалсан гэх мөртлөө заадсуудыг битүүмжлэлгүй  орхивол тэр дулаалга ямарч үр ашиггүй болно. Дулаан алдагдал сийгэлттэй барилга болчихдог. Тиймээс энэ тал дээр илүү анхаараасай гэж хүсдэг. Битүүмжлэл сайтай байх ёстой. Барилгыг барихад миний хэлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлсэн байхад дулаан алдагдал маш багатай байх болно.