Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот болгохоор зорьж байна

Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот болгохоор зорьж байна

Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот болгохоор зорьж байна

Ногоон байгууламж нь хүртээмжтэй, иргэд байгальтайгаа ойр байх нь стрессийг багасгаж, хүний оюун санаа, бие бялдар гээд нийгэмд төрөл бүрийн ашиг тустай болохыг тогтоосон судалгаа олон бий. Сүүлийн жилүүдэд төр, аж ахуйн нэгж, иргэд ногоон байгууламжийн ашиг тусыг ойлгож, амьдралын чанараа сайжруулахад анхаарч эхлээд байна.

Орчин үед дэлхийн олон хот ногоон байгууламж, хүрээлэн байгаа орчныг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын гадаад үзэмжийг сайжруулах, иргэдийн аялж зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг өвөрлөх болсон. Энэ жишгээр Улаанбаатар хот ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах орчныг бий болгосоор байна.

Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

-Үндэсний соёл, амралтын хүрээлэн

-Мишээл цэцэрлэгт хүрээлэн

-Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн

-Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

-Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн

-Чингэлтэй цэцэрлэгт хүрээлэн

-Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу уулын энгэрт барьж буй цэцэрлэгт хүрээлэн гэх мэтчилэн ногоон байгууламж бүхий  цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жил 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил эрчимтэй өрнөж байна. Энэ талаар Хотын дарга хэлэхдээ:

-Дэлхийн томоохон хотуудад ногоон байгууламжийн эзлэх хувь өндөр байдаг. 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгодог стандартыг тэд мөрддөг. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Тэгэхээр бид хуулийн зохицуулалтаа бий болгох хэрэгтэй байна. Хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар хуульчилж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн, Туул, Сэлбэ голын сав газруудыг ногоон байгууламж байдлаар нь ашиглах, иргэдэд аюулгүй байхад анхаарч байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зүлэг тарьж ургуулах гэхчлэн ажлуудыг хот хийж байна. Швед Улсын туршлагаар зүлэг   суулган, тарьж ургуулж эхлээд байна. Зүлэг болоод ногоон байгууламжийг тарьж ургуулах нь нарийн мэргэжлийн ажил. Тиймээс мэргэжилтнүүдийн хүчээр модлог, бутлаг ургамал, зүлэг тарьж эхэлсэн. Байгалийн зүлэг нэлээд сийрэг, амархан халцарч мууддаг бол Швед үрээр тарьж буй зүлэг натурал бөгөөд хүний хөлд амархан талхлагддаггүй онцлогтой гэсэн юм.

Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж буй газрын нэг бол Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмын бүс. Энэ газрыг “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнтэй хамтран тохижуулах юм. Тус хөдөлгөөний залуус долоо хоногийн турш иргэдээс судалгаа, санал авч, түүндээ үндэслэн зураг төслийг гаргажээ. Дархан цаазат газрын угтах хэсэгт харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, гудамжны хоолоор үйлчлэх боломжтой талбай гээд томоохон тохижилтыг хийх бөгөөд наймдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна.

ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫГ БАЙГАЛИЙН МАТЕРИАЛААР ТОХИЖУУЛНА

Архитектор Б.Батсайхан:

-Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулах ажлыг хийж байна. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүс гэж хуваадаг. Онгон бүсэд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Харин хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд хууль зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулж болдог. Ер нь бол тусгай хамгаалалттай газрын тохижилт хот, хотхон  доторх тохижилтоос ялгаатай. Хотын даргын зүгээс Дархан цаазат газрын тохижилтын талаарх саналыг иргэдээс авах, залуусын хүч хөдөлмөрөөр хийх  санал гаргаж, бид энэ дагуу ажиллаж байна. Дугуй цагаан орчмын тохижилтод АНУ, Австрали зэрэг орны тусгай хамгаалалттай газрын концепцийг  барих юм уу, эсвэл Зүүн Өмнөд Ази чиглэлийн концепцийг  барих уу, өөрийнхөө улсын хуулийн дагуу тохижуулах уу гэхчлэн шийдэх асуудал олон байсан. Хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн. Амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг хүмүүс их хөнддөг. Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Цаашдаа Туул гол дагасан таван байршилд байгуулах цэцэрлэгт хүрээлэнд бол хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд хэрэгцээт тохижилтыг хийх боломжтой гэсэн юм.