Та ямар хаус сонирхож байна...

Та ямар хаус сонирхож байна...

Та ямар хаус сонирхож байна...

Саяхныг болтол иргэдийн ихэнх нь боломжийн үнэтэй, дундаж талбайтай орон сууцанд орохыг зорьж ирсэн. Харин шууд орон сууц худалдаж авах бэл бэнчинтэй хэсэг нь маш том талбайтай, гаднах орчин сайтай, Туул голын эрэг дагуух байрыг захиалж авч байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд хүмүүсийн хандлага өөрчлөгдөж, өөрийн гэсэн эдэлбэр газартай, амины орон сууцыг сонирхох болжээ. Энэ хэрэгцээ шаардлагатай уялдуулж барилгын компаниуд амины орон сууцны хотхон, хорооллыг цэвэр агаартай, байгальд илүү ойр орчинд барьж эхэллээ. Барилгын салбарын ирээдүйн чиг хандлага хотын төвд өндөр орон сууц шавааруулдах биш тохилог амины орон сууцыг цэвэр агаарт, хотоос зайдуу барихад чиглэж байна. Үүнийг баталсан “House expo-2022” амины орон сууцны үзэсгэлэн гуравдугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Шангрилла” зочид буудалд болсон.  Тансаг зэрэглэлийн, цаашид нь үнэ цэн нь нэмэгдэх амины орон сууцыг мөнгө хайрлахгүй авах боломж ч байна. Ам.метр нь дунджаар 3.5 сая төгрөгийн үнэтэй хаус ч авах боломжтой болж. 26 метр квадратаас эхлэх бага талбайтай, хямд үнэтэй амины орон сууцыг зуслангийн байшингаар ашиглахаар авах сонголт ч байна. 

Халаагуур шаардлагагүй, хайбрид хаустай болмоор байна уу

Ямар ч халаагуур хэрэглэхгүй хаус байна гэвэл итгэх үү. Улаанбаатар хотын төв цэгээс 25 км-ын зайд, Жаргалантын аманд “Хайбрид Вилла” 40 айлын сингл хаусыг “Хайбрид хаус” ХХК барьж байна.  Нарны энергийг өөртөө шингээн, дулааны эрчим хүчийг барилгын талбайгаас шалтгаалан 93-100 хувь хүртэл хэмнэх эрчим хүчний өндөр хэмнэлттэй хаус хотхон аж. Ерөнхий төлөвлөгөөнд Хайбрид технологийн онцлогт зориулан нарны тусгалыг тооцож, хаус хоорондын зайг нэгнээ хаахгүй байхаар төлөвлөсөн. Хотхон дотроо супермаркет, кофе шоп, ресторан гээд бүх л зүйлс байх юм байна.

Х.Бат-Оргил: Эрчим хүчний, усны хэмнэлттэй, ногоон хаус хотхоныг барьж байна

“Хайбрид хаус” ХХК-ийн менежер

-Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны анхны хотхоны төслийг хэрэгжүүлж байна. Ногоон барилгын зэрэглэлийг хангасан хаусыг бид барьж байгаа. Та үл хөдлөх хөрөнгө худалдаж авахдаа л зардал гаргана. Харин халаалтын зардлаа насан туршдаа хэмнэнэ гэсэн үг.  Ихэнх орон сууц, хаус хотхонуудын барилга гаднаас оруулсан агааржуулалтын системгүй байдаг. Тэгвэл манай хотхоны хаусууд бүрэн автоматжуулсан агааржуулалтын системтэй. Дотор агаарын чанарыг мэдрээд, гаднаа цэвэр агаар авах уу, үгүй юу гэдгээ тохируулдаг ухаалаг систем юм. Энгийн байшинтай харьцуулахад, усны хэрэглээг 50 хувиар хэмнэх технологийг суурилуулж өгсөн. Ногоон барилгын шаардлагад байдаг л систем л дээ. Мөн бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлээд, саарал ус гаргадаг технологийг ч шийдэж өгсөн. 100 хувь ногоон хотхон гэж хэлэхэд болно.

142-242 хүртэл таван төрлийн м/кв-ын сонголтыг санал болгож байгаа. М/кв-ын үнэлгээ нь 4.5 сая. Илүү гоёмсог засалтай нь 4.8 саяын үнэтэй. Одоо байгаа борлуулалтын үнэлгээ ийм байна. Манайхаас хаус худалдаж авахаар сонирхож буй хүмүүс ногоон зээлд хамрагдах боломжтой.

Та цэвэр модон, эко хаус сонирхож байна уу

Дүнзэн байшингийн ханыг эвлүүлдэг тоглоом шиг дээр дээрээс нь угсраад л босгочихно. Ханаа гадна болон дотор талаас нь дулаалах ямар ч шаардлагагүй, цэвэр модон хаусанд амьдрах боломж байна гэвэл та итгэх үү. Тэгвэл “Прокрэкс” ХХК тансаг зэрэглэлийн, эко хаус сонирхдог хүмүүст зориулж “Ар гүнт контио таун” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Дүнзэн байшингийн олон жилийн түүхийг судалъя гэвэл Скандинавын 800 жилийн настай эртний байшингуудыг үзэх хэрэгтэй. Дүнзэн байшин яаж ийм урт хугацаанд чанараа алдалгүй хэвээр байж чадсан бэ. Нууц нь Хойд Финландын бүсэд Арктикийн тойрог ойр байрлах өндөр нягтрал бүхий сайн чанарын нарс модтой холбоотой юм байна. 

Б.Мөнхтуг:  Дулаан алдагдалгүй, бүрэн амьсгалдаг дүнзэн хаусыг барьж өгнө

“Прокрэкс” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал  

-Дэлхийд алдартай дүнзэн байшин барьдаг “Контио” компанийн албан ёсны борлуулагч нь манай компани. Бид “MB Consulting” компанийн захиалгаар Ар гүнтэд “Ар гүнт контио таун” дүнзэн модон байшин хотхоныг барьж байгаа. Энэ жил сууриа тавиад, захиалгаа аваад эхэлчихсэн. Скандинавын Арктикийн бүсэд ургадаг маш хатуу дүнзээр наамал дүнзэн байшинг барьж байна. Нийтдээ 3 га талбайд 25 хаус барихаар төлөвлөсөн. Захиалагчид захиалгаа өгсний дараа бид сууриа бэлтгэчихдэг. Түүнийхээ дараа байшингаа жилийн аль ч улиралд угсардаг. 

Хаусыг барьдаг 20.5 см зузаантай дүнз нь дулаан алдагдалгүй, бүрэн амьсгалдаг.  Монголын нөхцөлд таарсан хаалга, цонх, дээвэр, шал, тааз гээд бүх зүйлийг нь суурилуулж өгдөг. Тэвнийн чинээ нүх ч байхгүй байшин  барьж өгнө л гэсэн үг. Модон хаусанд амьдарна гэдэг чинь гэр дотроо ч ойн үнэрийг мэдэрнэ. 100 хувь эко. Модон хаус гэхээр дүнзийг нь ойгоос авдаг гэж ойлгож болохгүй. Өөрсдөө модоо  тарьж, нарсан ойг бий болгодог. Түүнээсээ барилгын дүнзээ авдаг.  Амьсгалын замын өвчтэй,  астматай хүмүүс дүнзэн хаусанд амьдарснаар өвчин нь сэдрэхгүй, цаашлаад эдгэх боломжтой байдаг.

Манай төсөл 126, 142, 184 м/кв талбайтай хаусуудыг санал болгож байгаа. Террас дагалдана. Байшингуудаа барихдаа цонхнууд нь өөд өөдөөсөө харахгүй байхаар шийдэж өгсөн. Оршин суугчдын тав тухыг, хувийн орон зайг илүү эрхэмлэсэн. Хаусны ам.метрийн үнэ 3400 ам.доллар. Хаусаа түлхүүр гардуулах нөхцөлтэй барьж өгнө. 

 Дундаж талбайтай, хямд үнэтэй хаус хайж байна уу

Анх удаа зохион байгуулагдсан “House expo-2022” үзэсгэлэнд 10 гаруй компани оролцож, өөрсдийн хэрэгжүүлж буй төслөө танилцуулсан. Ихэнх нь тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй хаусууд байсан. Мөн олон төслийг хамруулаагүй, хэт хумигдмал үзэсгэлэн боллоо гэж дүгнэж болохоор байлаа. Тэр дундаас үнэ болон, зай талбайн сонголтоороо эрхгүй ялгарч байсан нь “Эрхэт Монгол” компанийн хэрэгжүүлж буй “Хайрын хот” төсөл байв. Нисэхийн аюулгүйн тойргоос баруун урагш 9 км зайд нийт 55 га газрыг хамарсан, 2224 айлын дөрвөн улирлын хаус болон апартмент хороолол аж. Нийт 11 төрлийн нордик, степпе загварын сингл, твин, таун, мульти хаус нь архитектур дизайны цогц шийдэлтэй. Цэцэрлэг, сургууль, машины зогсоол, ногоон байгууламж, төвлөрсөн дэд бүтэц гээд хүний сонирхдог бүхий л зүйл тэнд байх нь.

М.Хангал: “Хайрын хот” төсөл зай талбай, үнийн сонголтоороо ялгарч байгаа

“Эрхэт Монгол” группын Үл хөдлөх хөрөнгө зуучлагч

-“Хайрын хот” төсөл “Өлзийт” хороололд байршилтай, нэг болон хоёр давхар стандарт хаус хороолол. Бидний бусад төслөөс ялгарах онцлог нь үнэ хямд. Метр квадрат нь 2 сая 450 мянгаас 3 сая 990 мянгын хооронд үнэлгээтэй байгаа. Таны хэрэгцээ шаардлагад нийцсэн 11 төрлийн хаусыг санал болгож байгаа.  26 метр/кв-аас эхлээд 48, 62, 70, 85, цаашлаад 150 хүртэлх нэг юм уу хоёр давхар хаусыг барьж байна. Одоо захиалгаа өгвөл энэ намар хүлээлгэж өгөх боломжтой. Хаус барихад шаардлагатай гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүдийг бид хонхор дахь Үйлдвэр технологи худалдааны парктаа хийчихнэ.

Манай төслийн нэг давуу тал нь сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллага гэх мэт цогц төлөвлөлтийг хийж өгнө. Хамгийн чухал нь төсөл найдвартай хэрэгжинэ. Баталгаа нь бид хаалга, цонх, блокоос авахуулаад гол бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэж байна. Тиймээс хил нээгдэхгүйгээс үүдэлтэй барилгын материал хомстох эрсдэл гарахгүй гэсэн үг. Худалдан авахаар сонирхож буй иргэдэд хоёр хүртэлх жилийн хугацаанд төлбөрөө хүүгүйгээр хуваан төлөх боломжийг ч олгоно.

Та модерн хийцийн хауст дуртай юу

Бүрэн цутгамал, модерн загварын хаус хотхон болох “Art Home Kuwait I” төсөл хэрэгжиж байна. Өндөр зэрэглэлийн хаус хотхон гэж тодорхойлж болно. Кувейтийн аманд байрлаж байгаа гэдэг утгаараа нийслэлийн агаарын бохирдлоос хол, дуу чимээ багатай, байгалийн сайханд тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.  Дугуй болон гүйлтийн замтай, бүх насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбайтай, усан оргилууртай, хотхон дундаа Clubhouse-тай гээд давуу талыг нь дурьдвал цөөнгүй.

 О.Цолмон: Модерн загварын, гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан хаус хотхоныг барьж байна

“Арт хоум” ХХК-ийн гүйцэтгэх захирал

-Манай компани Кувейтийн аманд 44 айлын хаусны төсөл хэрэгжүүлж байна. Ажил нь өнгөрсөн жилийн наймдугаар сард эхэлсэн. Энэ жилийн гуравдугаар улиралд бүрэн хэрэгжиж дуусна. Бүрэн цутгамал хийцлэлтэй, урагшаа харсан төлөвлөлттэй. Сингл болон твин гэсэн хоёр янзын хаусаас сонгож болно.  Модерн загварын хаус гэдгээрээ онцлог. Модерн гэхээр хүмүүс өвөрмөц гэж ойлгож магадгүй. Ерөнхийдөө энгийн загвар гээд ойлгочихоход болно. Их чимэглэл байхгүй, ерөөсөө л гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан загвар. 

Манай төслийн хаусууд 6 метр өндөр таазтай, 5 метр цонхтой. Гал тогоог зочны өрөөнд цуг шийдэж өгсөн. Нийтдээ 110 м/кв зайг том өрөө, гал тогооны хэсэгт зориулсан. 3 унтлагын өрөөтэй. Гэр бүл том өрөөндөө хамтдаа байя гэсэн агуулгыг барьж байгаа.  Орон сууцаар жишээ авбал дуплекс загвар гэж ойлгож болно. Унтлагын өрөө нь хоёр давхартаа. Эдэлбэр газартай, байшингийнхаа ард хэсэгт байрлана. Эдэлбэр газрын тохижилтыг компанийн зүгээс хийж өгнө.  Хаусаа саарлаар нь буюу засал хийлгэлгүйгээр авах боломжтой. Өөрсдөө хүссэн загвараараа засуулж болно. Эсвэл манайхаар заслаа хийлгээд авах боломж бий. Үнийн хувьд харьцангуй бага. Бүрэн цутгамал хийцлэлтэй хаусынхаа м/кв-ыг бид 4.5 саяар үнэлж байгаа. Засалгүй авна гэвэл 10 хувь хямдарна. 202 м/кв талбайтай твин хаус, 288 м/кв-тай сингл хаус гэсэн хоёр сонголтыг өгнө. Сингл хаус 750 м/кв эдэлбэр газартай байна. Твин хаус 550 м/кв газартай.