Хятадтай өрсөлдөх Японы 1.5 тэрбум ам.долларын хэт нимгэн нарны панелын төсөл

Хятадтай өрсөлдөх Японы 1.5 тэрбум ам.долларын хэт нимгэн нарны панелын төсөл

Хятадтай өрсөлдөх Японы 1.5 тэрбум ам.долларын  хэт нимгэн нарны панелын төсөл

Япон улс дараагийн үеийн хэт нимгэн, хөнгөн, уян, нугалардаг нарны хавтан бүтээх дэвшилтэд технологид зориулж  1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж.   Зөвхөн хөрөнгө оруулаад зогсохгүй  энэхүү технологийг арилжааны түвшинд хөгжүүлэхэд татаас олгож эхэлсэн байна.   Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Хятадын сэргээгдэх эрчим хүчний салбар дахь давамгайллыг сөрж, Япон улсыг нүүрс, нефть зэрэг уламжлалт эрчим хүчнээс хараат бус болгох зорилготой юм байна.  

 Перовскит суурьтай нарны хальс нь энгийн хавтантай харьцуулахад,  20 дахин нимгэн бөгөөд цэнгэлдэх хүрээлэн, нисэх онгоцны буудал, оффисын барилга зэргийн гадаргуу дээр нааж болох тул Япон зэрэг  уулархаг, талбай багатай улс оронд нарны эрчим хүчийг өргөнөөр ашиглах боломжийг нээж өгнө гэж үзэж буй аж. 

Токиогийн эрх баригчид 2040 он гэхэд 20 атомын цахилгаан станцын хэмжээнд эрчим хүч гаргахуйц хэмжээний суурьтай нарны хальс үйлдвэрлэж, суурилуулах зорилт тавиад байна. Энэ технологи нь Япон улс цахилгааны хэрэглээнийхээ 50 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилгод хүрэхэд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа юм. 

Энэ хүрээнд Засгийн газар  Перовскит  суурьтай нарны хальс  хөгжүүлж буй гол компани болох "Sekisui Chemical"-д 157 тэрбум иен (~1 тэрбум ам.доллар) хүртэлх татаас олгож байгаа бөгөөд үүнээс гадна өмнөх хөгжүүлэлтийн шатанд 60 тэрбум иенийн дэмжлэг олгосон байна. Цаашид ногоон хангамжийн сүлжээ бий болгох тусгай сангуудаар дамжуулан нэмэлт санхүүжилт ч олгож магадгүй аж.

“Перовскит суурьтай нарны хальс нь  нүүрстөрөгчийн ялгаралгүй хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлт хангах, эрчим хүчний аюулгүй байдлыг зэрэг хангах стратегийн гол хөзөр гэж бид үзэж байна. Энэ нь Японд сэргээгдэх эрчим хүчийг өргөн дэлгэрүүлэхэд зайлшгүй шаардлагатай технологи юм”
гэж тус төслийг ахалж буй Ито Саданори мэдэгджээ. 

Одоогоор дэлхий дээрхи нарны хавтангийн  85 хувийг Хятад үйлдвэрлэж, тэдгээрийн гол түүхий эд болох полисиликоны 79 хувийг ч мөн тэд нийлүүлдэг. Харин перовскит эсийн гол түүхий эд болох йодыг Чили болон Япон улс нийлүүлдэг тул нэг улсад хэт хамааралтай байхаас сэргийлэх, хангамжийн сүлжээнд учрах эрсдэлийг бууруулах боломж бүрдэж байгаа гэж шинжээчид дүгнэж байна.

Гэвч энэхүү шинэ перовскит хавтанг  анхны жилүүдэд одоогийн технологиос дор хаяж 3 дахин үнэтэй үйлдвэрлэнэ. Олноор үйлдвэрлэснээр өртөг хэр буурах нь тодорхойгүй байгаа тул анхны хэрэглэгчид нь Токио, Тайбэй, Сингапур зэрэг өндөр нягтралтай хотууд байх магадлалтай гэж үзэж байна. 

Технологийн хамгийн том асуудлыг шийдэв

"Sekisui" компани нарны хальсанд ус, чийг нэвтрэхээс хамгаалах тусгай давирхай (sealing resin) боловсруулж, энэ нь өмнө нь тулгамдсан техникийн хамгийн том хүндрэлийг шийдсэн амжилт болсон байна. Улмаар 2027 он хүртэл 100 МВт хүчин чадалтай үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөж байна. 2027 онд үйлдвэрлэх хальс 1 метрийн өргөнтэй болох зорилготой аж. (одоо бол 30 см өргөнтэй). Эхний үед зардал нь уламжлалт нарны хавтнаас 3–4 дахин өндөр байх боловч, 2030 он гэхэд зардлыг уламжлалт силикон хавтны түвшинд хүртэл бууруулах төлөвтэй.

Хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэлийн төлөв

"Sekisui" нь хуучин Sharp-ийн үйлдвэрт 2030 он гэхэд 1 гигаватт хүчин чадалтай нарны хавтан үйлдвэрлэх зорилготой. Үүнд 310 тэрбум иен (~2 тэрбум ам.доллар)-ын хөрөнгө оруулалт хийх бөгөөд  тал хувийг Японы төрөөс татаас хэлбэрээр санхүүжүүлнэ.