Ц.Бат-Эрдэнэ: Сардаа 400-500 мянган төгрөгийн ипотекийн зээл төлөөд, амины орон сууцтай болох боломж бий

Ц.Бат-Эрдэнэ: Сардаа 400-500 мянган төгрөгийн ипотекийн зээл төлөөд, амины орон сууцтай болох боломж бий

Ц.Бат-Эрдэнэ: Сардаа 400-500 мянган төгрөгийн ипотекийн зээл төлөөд, амины орон сууцтай болох боломж бий

Амины орон сууц барихад ипотекийн зээл олгох, татаас өгөх шийдлийн талаар “Hybrid House” ХХК-ийн захирал Ц.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Иргэд нийтийн орон сууцанд орох гэхээсээ илүүтэй амины орон сууц, хаустай болох сонирхолтой болсон. Гэвч амины орон сууц барихад зориулсан зээлийн хөтөлбөр нь байгаа онохгүй байна. Бараг олддоггүй. Харин ирэх оноос шаардлага хангасан амины орон сууцанд ипотекийн зээл, дэмжлэг олгохоор ярьж эхлээд байна. Энэ чиглэлээр та Засгийн газар, салбар яамтай хамтарч ажиллаж байгаа гэсэн үү?

-Саяхан л бид суурин утсаар л биетэйгээ холбогдож, харилцаа холбооныхоо асуудлыг шийддэг байсан. Үндсэндээ суурин утас суурилуулж болох дэд бүтцийг л дагаж явдаг байсан гэсэн үг. Одоо цагт хаанаас л бол хаанаас гар утсаар ярьж, харилцаа холбооныхоо асуудлыг шийдэж байна. Барилга, орон сууцны хөгжил яг л ийм. Дэд бүтцийн шугамаа л дагаж, барилгаа барьж байгаа. Тэгвэл амины орон сууц чинь гар утастай адилхан. Хаана ч бариад, бохир, цэвэр, дулаанаа шийдчихэж болно. Үүнд таарсан хууль, эрх зүйн орчин, бодлого тодорхой байх ёстой.

Өмнө нь олгож байсан ипотекийн зээл буруу байсан гэж үзэж болохгүй. Угаасаа л бодит боломж, шийдэл нь л тэр байсан. Одоо технологи хөгжчихсөн. Бохир, цэврээ бие даасан байдлаар шийдэх бүрэн боломжтой болсон. Халаалтыг ч гэсэн нарны хавтан болоод бусад бүх төрлийн эх үүсвэрээр шийдэх боломжтой болчихлоо. Төрийн хийх ёстой дэд бүтцийн ажлыг иргэн хүн өөрөө шийдчихвэл нөхөн олговор олгодог байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Засгийн газартай ярилцаж, гарц шийдэл гаргасан. Тиймдээ ч ирэх жилээс энэ чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж, төсөвт мөнгө суулгаж байгаа. Өөрөөр хэлбэл, шинээр байшин барихдаа дэд бүтэц буюу бохир, цэврээ шийдээд, эрчим хүчний хэмнэлттэй, цахилгаанаар халдаг байвал 30 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор журамлаад, төсвөө ч шийдсэн. Хэрвээ дэд бүтцээ бие даасан байдлаар шийдээд, эрчим хүчний хэмнэлт нь их болоод ирвэл давуу тал үүснэ. Ипотекийн зээлэнд хамрагдах боломжтой болно. 

Энд бас нэг зүйлийг ярих ёстой. Үнэ буулгах талаас нь. Эрчим хүчний хэмнэлт гэдэг ойлголт чинь өөрөө эргээд эрчим хүч үйлдвэрлэж буйтай яг адилхан. Хэрэглэх байсан эрчим хүчээ хэрэглэхгүй байна гэдэг чинь өөрөө сэргээгдэх эрчим хүч гэсэн үг. Эрчим хүчээ хэр их хэмнэж байна, тэр хэмжээгээр нь барилга барихад нь татвараас чөлөөлдөг байх хэрэгтэй. Магадгүй 90 хувийн эрчим хүчний хэмнэлттэй байшин барьвал. Бүр нарийн ярьвал, 10 КВт-аар халах байсан 1-ээр халж байвал 1 хувийн татвар төл. 80 хувийн хэмнэлттэй байшин байвал 2 хувийн татвар төлье. 10 хувийн хэмнэлттэй бол 90 хувийн татвар төлдөг зэргээр шатлалтай байх нь зөв. Энэ нь эргээд хүмүүсийг илүү чанартай байшин барих сэдэл өгнө. Үүгээрээ дамжуулаад улс цахилгаан станц барих зардлаа ч бууруулж болно шүү дээ.

Татварын системийг зөв тохируулаад өгвөл амины орон сууц барих өртөг буурна. 150 саяын байшин барих байлаа гэж бодоход татваргүй болчихвол 135 руу орчихно. Дэд бүтцийн нөхөн олговор гээд 30 саяын дэмжлэг өгчихвөл 105 сая болно. Цаашлаад ногоон уур амьсгалын сантай холбоотой хөрөнгө оруулалтуудыг ч авч болдог. Ингэвэл барих байшингийн өртөг 70-80 сая руу орох боломжтой. 70 сая төгрөгийг 3 хувийн хүүтэй ипотекийн зээл руу оруулчихвал сардаа 400-500 мянган  төгрөг л төлнө. 4-5 хувийн хүүтэй байвал 600-700 мянга л болно. Энэ чинь л бодит орлогод нийцсэн орон сууц. 500-800 мянган төгрөгийн төлөлттэй байхад сардаа 1.2 сая төгрөгийн дундаж орлоготой айл өр, орлогын харьцаанд хангалттай нийцнэ. Бараг гал түлэх, түрээсэнд өгөх мөнгөнөөсөө бага төлбөрөөр амины орон сууцтай болох боломжтой. Үүнийг л хэрэгжүүлээд өгөөч гэдэг санааг олон жил ярьсан. Одоо бодит үр дүнд хүрэхэд ойртоод л байна.

-Байшингаа зөв барих, дулаалга, битүүмжийн стандартыг иргэд маш сайн мэддэг болох ёстой юу. Эсвэл мэргэжлийн компаниар бариулсан нь зөв гэж үзэж байгаа юу?

-Иргэд өөрсдөө барина гэдэг худлаа. Хэчнээн зураг төсөлтэй байсан ч гэсэн иргэд стандартын дагуу барьж чадахгүй. Муу байшин барьчихдаг, ипотекийн зээл нь гарахгүй. Ингэвэл тухайн айлд хэцүү. Өндөр хүүтэй зээл төлж амьдрах болно. Төрөөс дэмжлэг, ипотекийн зээлийн асуудлыг нь шийдээд өгчихвөл. Эргэн төлөлт нь бага байвал заавал иргэд өөрсдөө барих гэж зүтгэх ямар хэрэг байгаа юм. Стандартын дагуу л бариулах нь зөв биз дээ. Нийтийн орон сууцыг яагаад ипотекийн зээлд хамруулаад байгаа юм. Хувь хүн өөрөө барихгүй байгаа биз дээ. Улсын баталсан стандартын дагуу  компани барьдаг. Стандартын дагуу барьсан байна уу, үгүй юу гэдгийг нь Мэргэжлийн хяналт нь хянаад, банкуудыг эрсдэлгүй зүйл рүү хөрөнгө оруулах боломжийг нь бий болгодог.  Амины орон сууц дээр ч ялгаагүй. 20-30 жилийн зээл олгоно. Тэр хугацаанд банк эрсдэлгүй байх ёстой. Банк эрсдэлгүй байхын тулд стандартын шаардлага хангасан л сууц нэхнэ. Тиймээс тусгай зөвшөөрөлтэй компаниар бариулахаас өөр аргагүй. Харин Мэргэжлийн хяналт хянана гэвэл утгагүй. Өөр өөрийн стандартаар, аргаар барина шүү дээ. Тиймээс тэр компаниудад тус тусдаа стандарт батлах эрхийг нь өгөөд, түүнийхээ дагуу хөндлөнгийн хяналтын байгууллагуудаар баталгаажуулаад явахад л болчихож байгаа юм. Энэ хамгийн чухал.

-Ипотекийн зээлээ дараа нь авах талаар ярилаа. Байшин барихаасаа өмнө авах боломж байхгүй юм уу?

-Өмнө нь өгөх боломж байхгүй. Одоо хэрэгжиж байгаа ногоон зээлийн боломжууд бий. Тухайлбал, “Хас” банк 200 сая хүртэлх зээлийг 12 хувийн хүүтэйгээр ямар ч барьцаагүй олгож байгаа. Хашааг нь барьцаалаад л олгож байгаа шүү дээ. Ийм маягаар зээл аваад, байшингаа барья. Энэ нь зөв, байшингаа өөрсдөө барих ёстой. Барьсных нь дараа нэг халаалтын улиралд зөвхөн зээлийнх нь хүүг төлүүлээд, туршиж үзнэ. Турших явцад эрчим хүчний хэмнэлт нь тодорхой болно. Эрчим хүчний хэмнэлтийнх нь хэрээр хүүг нь багасгадаг болчихвол зөв. Хүмүүс чанартай, сайн барилга бариулахын төлөө л явна. Чанартай сайн амины орон сууцууд баригдаад эхэлбэл ипотекийн зээлийн санхүүжилт нь ч бий болно. Уялдаа нь ингэж явбал илүү зүгээр гэж үзэж байгаа юм.

Шууд ипотекийн зээлээ түрүүлээд олгоно гэвэл, эрсдэлтэй. Байшингаа барихгүй бол яана. Эсвэл чанаргүй, эрчим хүчний хэмнэлттэй байшин барьчихвал яах вэ. Тиймээс шаардлага хангасан байшин барьсан хүнд татварыг нь хасаад, дэд бүтцийн нөхөн олговрыг нь олгоод, ипотекийн зээл рүү шилжүүлж болно. Ингэж шийдвэл иргэд нь ч, компаниуд нь ч хариуцлагатай болно шүү дээ.

-Барилгын компаниар бариулахаар үнэтэй гэдэг асуудал үүснэ. Эргээд л нөгөө төлбөрийн чадвартай л холбогдоно л доо. Тэгэхээр чаддаг хувь хүнээр хямд бариулах сонирхол ч гарч ирж л таарна. Энэ чиглэлд шийдэл юу байж болох вэ?

-Хүн амьдралдаа нэг л удаа өөртөө зориулж байшин бариулах гэж байна. Өөрөө барьж байгаа нэрээр алдаа гаргавал яах юм. Чанаргүй болно. Эргээд ипотекийн зээл олдохгүй. Тиймээс чанартай, стандартад хүрсэн байшинг хийж чаддаг компаниар нь бариулах нь зөв.

-Компани оруулаад бариуллаа. Гэтэл хөндлөнгийн шинжээч ирээд шинжтэл стандарт шаардлагад нийцэхгүй байвал яах вэ. Тийм эрсдэл үүсэхгүй гэх газаргүй шүү дээ?

-Хүмүүс бариулах компаниа маш зөв сонгох л шаардлагатай. Энэ асуудал алга эргүүлсэн юм шиг хурдан шийдэгдэхгүй. Компаниудын чадавхи ч, хүмүүсийн ур чадвар ч удаан хугацаанд сайжирна. Ямар ч байсан амины орон сууцыг эрчим хүчний хэмнэлттэй байдлаар барих, түүнд зориулсан татаас, дэмжлэг, ипотекийн зээлийн шийдлийг шийдээд, компаниудаа, иргэдээ чадавхижуулаад явах нь л зөв.