Дээвэр дулаалах талаар хүмүүс маш их асуудаг. Хамгийн чухал нь зурагт харуулсан шиг өлгийдөж дулаалах ёстой юм. Хүмүүс зөвхөн таазаа дулаалаад, дээврээ дулаалахгүй орхиж, алдаа гаргадаг. Түүнээс улбаалаад дээврийн хөндий цантаж, мөстдөг. Улмаар дулаан орохоор хайлж, дулаалгын материалаа норгох, таазны заслаа сүйтгэх шалтгаан болдог юм.
ЯАГААД ДЭЭВРИЙН ХӨНДИЙ ЦАНТДАГ ВЭ
Зөвхөн таазаа дулаалаад орхисноос үүдэлтэй гэж дээр дурьдсан. Шалтгаан нь юу вэ гэдгийг тодруулъя. Байшингийн дотроос халуун агаар дээшээ хөөрч, адрын хөндий рүү орно. Ерөөс халуун агаар хөнгөн, хөөрөмтгий гэдгийг ямагт санах хэрэгтэй. Адрын хөндийд орсон халуун агаар дээврийн хэсэгт хүйтэн агаартай мөргөлдөнө. Дээврээ тавихаас өмнө зурагт байгаа шиг дулаалаагүй үед тэр хэсэгт маш их хүйтэн агаар гаднаас нэвтэлж орж ирсэн байдаг гэсэн үг. Ингээд дотроос гарч ирж буй халуун агаар гаднаас дээвэр нэвтэлж орж ирж буй хүйтэн агаартай мөргөлдөж, цанталт үүсдэг. Үүнийг конденсаци үүсэх ч гэж хэлдэг.
Адрын хөндийг өлгийдөж дулаалах нь хамгийн зөв шийдэл. Дээвэр хэсгээ сайтар дулаалж байж гаднаас шууд хүйтэн агаар дотогшоо орохоос сэргийлдэг. Дээврээс шууд хүйтэн агаар адрын хөндий рүү орж ирэхгүй, дулаалгын материалыг нэвтлэх замдаа бүлээссэнээр цанталт үүсэхээс сэргийлдэг. Тиймээс зөвхөн таазаа дулаалах биш нэмээд дээврээ стандартын дагуу заавал дулаал.
Түүнээс гадна, дээвэр болон ханын уулзвар хэсгүүдээр маш ихээр дулаан алдах магадлалтай байдаг. Тиймээс уулзвар хэсэг рүү дулаалгын материалыг маш сайн оруулж, чихэж өгч, цоройлгож дулаалаарай. Ингэснээр дээврийн дулаалга бүрэн гүйцэд болж өгнө.
АДРЫН ХӨНДИЙН АГААРЖУУЛАЛТ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ
Хүмүүс адрын хөндийн цанталт агааржуулалт муугаас, агааржуулалтын нүх нь багадсанаас үүдэлтэй гэж ойлгоод байдаг. Цанталтын үндсэн том шалтгаан бол агааржуулалт биш дулаалгагүйтэй нягт холбоотой. Агааржуулалт ямар үүрэгтэй вэ, тэгвэл. Байшингаас гарч буй уур, чийгийг адрын хөндий рүү оруулахгүйгээр хамгаалж, уур, чийг тусгаарлагчийг таазны дээрх дулаалгын материал дор дэвсэж өгдөг. Мөн дээврийн дулаалгын материалын гадна талд салхи, чийг тусгаарлагчийг ч бас дэвсэж өгөх ёстой. Ингэснээр адрын хөндий рүү чийг орж, дулаалгын материалаа норгох, цаашлаад нойтон дулаалгын материал хөлдөх, мөстөхөөс сэргийлж байгаа юм.
Хэдийгээр чийг тусгаарлагчийг дэвссэн ч зөв хийгээгүйгээс, зарим газраараа нүх гарах гэх мэт маш олон төрлийн шалтгааны нийлбэрээс үүдэж их, бага хэмжээгээр адрын хөндий рүү чийг ордог. Агааржуулалтын нүхтэй, нэвт салхилах хэсэгтэй байснаар энэ чийгийг хатаах, дулаалгын материалаа норж, дулаалгын чадвараа алдахаас сэргийлнэ гэсэн үг.
Нэмээд, байшингаас дээшээ нэвтлэн гарч байгаа халуун агаарыг хэт халуун чигээр нь дээврийн хэсэгт очихоос өмнө бага зэрэг хөргөх технологи бол агааржуулалт гэж ойлгоход бас болно. Ингэснээр дээврээс дулаалгын материалаар дамжиж орж ирж байгаа бүлээн агаартай дороос ирж буй халуун агаарын темпертурын зөрүү аль болохоор ойртсоноор цанталт өгөхөөс өндөр хувиар сэргийлж өгнө гэсэн үг. Иймээс та байшин барьж байгаа бол таазаа, дээврээ сайтар дулаалж, нэмээд агааржуулалтыг дээврийн хөндий нэвт салхилах байдлаар хийж өгөх нь зөв.
ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ НЬ ЮУ БАЙХ ВЭ
Дээврийн хөндийд хамгийн тохиромжтой, хийхэд амар, найдвартай дулаалга бол хөвөн дулаалга юм. Базальт чулуун хөвөн, төрөл бүрийн эрдэс хөвөнгүүд тохиромжтой. Дулаалах зузааны стандарт 15 см-ээс бага байж болохгүй. Болж өгвөл түүнээс дээш байвал илүү найдвартай дулаалга болно. Мэдээж ус чийг, салхи чийг тусгаарлагчийг заавал дэвсэхээ мартаж болохгүй.