Э.Батболд: Халаалтаа цахилгаанаар шийдэж, бичил цэвэрлэх байгууламжтай болсон өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Э.Батболд: Халаалтаа цахилгаанаар шийдэж, бичил цэвэрлэх байгууламжтай болсон өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Э.Батболд: Халаалтаа цахилгаанаар шийдэж, бичил цэвэрлэх байгууламжтай болсон өрхөд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

ХББОСЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболдтой амины орон сууц барихад ипотекийн зээл олгох бодлогын талаар ярилцлаа.

-Орон сууц худалдаж авахад зориулсан ипотекийн зээлийн бодлого нь тодорхой, санхүүжилт нь хүртэл янз бүрээр нэмэгдэж байгаа. Гэтэл иргэд хувийн газар дээрээ амины орон сууц, хаус барих сонирхолтой болчихсон. Гэвч энэ чиглэлд Төрөөс дэмжлэг алга. Харин сүүлийн үед амины орон сууц руу чиглэсэн ипотекийн зээлийн бодлогыг сайжруулах, эрчимжүүлэх талаар яриад эхэллээ.  Чухам ямар бодлого, шийдвэр гарах гээд байна вэ?

-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийг амины орон сууцтай болгоход чиглэсэн томоохон зорилтуудыг тусгаж өгсөн. Үүний нэг нь хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй, байгалийн гамшигт тэсвэртэй, барилгын норм стандартыг хангасан байшин барьсан иргэдэд амины орон сууцны ипотекийн зээлийг олгодог эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх. Инженерийн шугам сүлжээгээ бие даасан байдлаар шийдвэрлэсэн өрхүүдэд 30 хүртэлх сая төгрөгийн татаас олгох асуудлыг тусгаж өгсөн байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд манай яамнаас хэд хэдэн ажлыг зохион байгаалж байна. 

Эхний ээлжинд, амины орон сууцыг норм стандартын дагуу бариулдаг эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх. Амины орон сууцыг хэрхэн барьж болох, ямар зураг төсөлтэй байх, хаана барих гэх мэт асуудлуудыг шийдэхэд иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Технологи дамжуулах төвийг байгуулна. Түүгээр дамжуулж иргэдэд мэдээлэл өгнө. Улмаар иргэд стандарт шаардлагад нийцсэн амины орон сууц бариад, цахилгаан, дулаанаа нарны эрчим хүч ашиглаж шийдсэн тохиолдолд Засгийн газраас тодорхой татаас, дэмжлэгүүдийг өгөхөөр ажиллаж байна. Ипотекийн зээлийг ихэвчлэн орон сууц авах хүмүүст л өгчихөөд байгаа. Гэтэл амины орон сууц барихаар ипотекийн зээл авах хүсэлтэй хүмүүс маш их. Тэдэнд төсөв мөнгө хүрэлцэхгүй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд Монголын Ногоон санхүүгийн корпарацитай хамтраад амины орон сууцны зээл олгуулах асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Бид эхний ээлжинд Уур амьсгалын ногоон сангаас 15 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг авна. Нөгөө талд нь Засгийн газраас мөн хэмжээний санхүүжилтийн дэмжлэгийг олгоод, цаашид амины орон сууцыг барих компаниуд, иргэд. Одоо байгаа байшингаа эрчим хүчний хэмнэлттэй болгож засаж, сайжруулахад нь зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн гаргаад, хөнгөлөлттэй зээлүүдийг олгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. 

 -Зээлийг хэзээнээс эхэлж олгох вэ. Тодорхой төлөвлөсөн хугацаа бий юу?

-Одоогийн хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн журамд амины орон сууц барихад зориулж бага хүүтэй зээл өгөх заалт байдаг. Гэвч энэ зээл амины орон сууц барих иргэдэд хүрэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд 118 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсаны ердөө 1000 орчим нь л амины орон сууц барих хүн байсан. Амины орон сууц барихаар зорьж буй иргэд ипотекийн зээл авч чадахгүй байгаа гол шалтгаан юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Амины орон сууц стандартын шаардлага хангахгүй, дээрээс нь дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлээгүй гэдэг асуудлаас болоод банкны шалгуур давдаггүй. Үл хөдлөх хөрөнгө болж барьцаалагдах боломж нь маш бага болдог гэсэн үг. Тиймээс бид Технологи дамжуулах төвийг байгуулж, амины орон сууцны норм, стандартыг хангуулах. Дэд бүтцийн асуудлыг давхар шийдэх. Дэлхий нийтэд хөгжөөд байгаа сэргээгдэх эрчим хүч, бусад шийдлүүдийг шингээсэн технологиудыг нэвтрүүлэх вэ гэдгийг зааж өгөх гээд байгаа юм. Үүнээс хамаараад зээл авах нөхцөл бүрдэнэ. Урьдчилсан байдлаар 2025 оны нэгдүгээр улирлаас хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр зорьж байгаа.

-Амины орон сууц барих иргэд заавал шаардлага хангасан барилгын компаниар бариулсан байшиндаа л ипотекийн зээл авна гэж ойлгох уу. Эсвэл стандартыг нь хангаж л байвал хэн барьсан нь хамаагүй юм уу?

-Технологи дамжуулах төвийг байгуулаад, тэндээ амины орон сууц барьдаг компаниудын мэдээллийг оруулна. Иргэд тэр компаниудаас сонгоод, гэрээгээ байгуулаад, зээлээ авна. Иргэд өөрсдөө барина гэвэл бас хэцүү. Заавал стандартыг хангуулж байж зээл өгнө. Банкууд ч тийм шаардлага тавина. Тиймээс яг норм, стандартын дагуу барьдаг мэргэжлийн компаниуд байх ёстой. Нөгөө талаас стандартын дагуу үнэхээр барьсан уу гэдгийг хянаж, баталгаажуулах асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Зөвлөх үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлээд, хөндлөнгийн хяналт буюу хувийн аж ахуй нэгжүүдийг оролцуулахаар зохион байгуулна гэсэн үг.

-Иргэд өөрсдөө норм, стандартаа мөрдөөд, хангаад, арай хямд өртгөөр байшингаа барих боломж байж болно. Гэтэл заавал компаниар бариулна гэж журамлачихвал бариулах өртөг нэмэгдэхээс эхлээд иргэдэд ашигтай биш болж хувирахгүй юу?

-Эхний ээлжинд компаниар бариулахаас өөр ямар ч аргагүй. Магадгүй Технологи дамжуулах төв хөгжөөд, амины орон сууцыг барих үе шатыг хянах хяналтын тогтолцоо эрс сайжраад эхэлбэл иргэн өөрөө байшингаа барих шийдлийг дэмжиж болно. Гэхдээ зайлшгүй мэргэжлийн хүмүүсээр хийлгэхээс өөр ямар ч сонголтгүй хэсэг байдаг. Цахилгааны холболт, сан, агааржуулалт гэх мэт. Тэгэхээр зайлшгүй мэргэжлийн компани оролцуулахаас өөр аргагүй.

-Эрчим хүчний хэмнэлттэй гэдэг тодорхойлолт тавьж өгөөд байна аа даа. Одоо байгаа стандартыг баримтлах уу. Эсвэл шинээр стандартууд батлах уу?

-Барилгын дулаан хангамжийн норм гэж манайд байдаг. Энэ нь дулаандаа ямар хэмжээний эрчим хүч зарцуулах вэ гэдгийг тодорхойлсон. Ер нь дэлхийн улс орнууд хамгийн их эрчим хүчийг дулаандаа зарцуулдаг. Тэгвэл дулаан алдагдлыг бууруулна гэдэг нь эрчим хүчний хэмнэлт болно. Байшингуудын дулаанд зарцуулах энергийн хэмжээг бууруулж байна гэсэн үг шүү дээ. Дулаан хамгааллын нормоороо тухайн барилгад хэрэглэх дулааны тогтоосон утгыг 90 хүртэлх хувь бууруулах юм бол пассив ангилалд орно. 70 орчим хувийн хэмнэлттэй байвал эрчим хүчний хэмнэлттэй рүү орно. Гэх мэт хэд хэдэн ангилалуудыг гаргаж байгаа. Энэ ангилалаараа л шинжээчид нь хяналтаа тавиад, ямар хэмжээний хэмнэлттэй байшин бэ гэдгийг тодорхойлоод явчихна.

-30 саяын татаас өгөх талаар яриад байгаа. Бичил цэвэрлэх байгууламжтай болсон айл өрхөд энэ мөнгийг өгөх юм уу. Тодорхой ойлголт өгвөл?

-Энгийнээр хэлбэл, нүхэн жорлонгоо байхгүй болгож, нүүрс түлдэг зуухаа гаргачихвал өгөх гээд байгаа юм. Агаар, хөрс бохирдуулахгүй бай л гэсэн үг.  Тухайлбал, бичил цэвэрлэх байгууламжтай болж байгаа бол хөрсөнд нэвчих ёстой усны стандартыг зааж өгнө. Айл гэрээс гарч байгаа бохир 95-аас дээш хувьтай цэвэрлэгдсэн байх ёстой. Бид норм стандартыг нь тогтоож өгнө. Харин стандарт шаардлага хангасан бичил цэвэрлэх байгууламжийг компаниуд нийлүүлнэ. Тэрийг нь иргэд худалдаж авах дээр бид дэмжлэг үзүүлэх гээд байгаа хэрэг.

-Амины орон сууцаа барьчихсан айл яндангаа буулгаад, нүхэн жорлонгоо халчихвал тэдэнд 30 саяын татаас өгөх юм уу?

-Татаас авах бол эрчим хүчний хэмнэлтийг сайн үүсгэх ёстой. Нэмээд хөрсийг бохирдуулахгүй болох хэрэгтэй. Энэ хөтөлбөр журам нь тодорхой болж, эрх зүйн орчин батлагдсаны дараа хэрэгжинэ. Тэгэхээр хууль эргэж үйлчлэхгүй гэдэг ойлголтоор одоо барьчихсан байгаа амины орон сууцанд нөхөж татаас олгохгүй. Шинээр барих тохиолдолд л татаас олгоно гэж ойлгоорой.