Картаа авчих, нийтийн тээврийн хөгжилд хувь нэмрээ оруул
Саяхандаа, багшийн дээдээс автобусанд суулаа. Араас залуухан эрэгтэй, эмэгтэй хоёр орж ирсэн. Эмэгтэй нь "Жолоочид мөнгийг нь өгчихлөө. Хэрэгтэй биз дээ, нэг ч гэсэн хүн хэдэн төгрөгтэй болж л байг" хэмээн ярив. Нинжин сэтгэлтэй л залуучууд юмсанж. Гэхдээ карт аваад зорчвол нэг хүнд мөнгөө өгснөөс илүүтэй нийтийн тээврийн хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Тэртээ тэргүй жолооч ажлаа хийснийхээ төлөө цалингаа авч байгаа. Нийтийн тээврийн жолооч нар чамлахааргүй цалин авдаг. Гэтэл дээрээс нь мөнгө "цавчих" боломж олгож, нийтийн тээврийн хөгжилд гэхээсээ илүү нэг хүний хэрэглээнд хувь нэмэр оруулж яах билээ.
Нийтийн тээвэр нэг үеэ бодвол хөгжиж, тасалбар таслагчаа "халж, картын системд шилжсэн. Хүмүүс автобусны карт аваад, түүнийгээ уншуулаад л зорчих боломжтой болсон. Жолооч, тасалбар таслагч хоёр цавчаа хийж, оройдоо "баяжаад" буудаг байдлыг халлаа. Цавчаа багасахаар нийтийн тээврийн орлого тодорхой хэмжээнд нэмэгдэх нь гарцаагүй. Гэхдээ л иргэд 100 хувь карт хэрэглэхгүй, жолоочид бэлэн мөнгө өгч зорчсон хэвээрээ л. Үүнээс шалтгаалаад автобусны тоог нэмж чадахгүй байх тохиолдол ч гарч байна. Бид шинэлэг, орчин цаг үедээ нийцсэн өөрчлөлтийг нийтээрээ дагаж мөрдөөд сурчих хэрэгтэй. Картаа аваад зорчих ч бас л нэг том соёл. Нийтийн тээвэр хөгжөөд, автобусны тоо нэмэгдээд, хүмүүс машинаа орхих нь зөв гэсэн бодол сууж чадвал түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулж чадна. Нэг жолоочийн тамхины мөнгийг өгөхөөсөө илүү нийтийн тээврийн хөгжил хувь нэмрээ оруулцгаая, хүмүүс ээ.