“ТОСК” ТӨХХК, “Hybrid house” компани, ТОС, GIZ-тай хамтран гэр хороололд эрчим хүчний хэмнэлттэй, эко жишиг хотхон барьсан билээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг Дэнжийн 1000-ын гэр хороололд баригдсан энэхүү эрчим хүчний хэмнэлттэй жишиг хотхоны нээлт өнөөдөр болж, оршин суугчиддаа түлхүүрийг нь гардуулж өглөө.
Нээлтийн ажиллагаанд “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал, “Hybrid
house” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ, Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ж.Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болон Төрийн банкны удирдлагууд, оршин суугч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Уг төслийн гүйцэтгэгч “Hybrid house” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ “Дэнжийн 1000-д буюу гэр хороолол дунд баригдаж буй эрчим хүчний хэмнэлттэй, эко хаусны жишиг хотхон маань гүний цэвэр устай, бохироо 98 хувь хүртэл цэвэршүүлэн дахин ашиглах боломж бүхий цэвэрлэх байгууламжтай, үерийн болон бохир ус зайлуулах нэгдсэн системтэй, 100 хувь нарны илчийг өөртөө шингээн халаах технологи бүхий мини хотхон юм.
Энэхүү хотхонд оршин суугч иргэд маань ногоон зээлд хамрагдан халаалтад зарцуулах мөнгөө ногоон зээлдээ өгч 60 м.кв ашигтай талбай бүхий таун хаустай болох боломжтой. Мөн хүнсний нарийн ногоогоо өөрсдөө тариад хэрэглэж болох өвлийн хүлэмжтэй, хаус бүр ногоон байгууламж, тоглоомын талбайтай байхаар шийдэгдсэн” хэмээлээ. Тус компанийн барьж буй энэхүү хаус нь -40 хэм хүртэл хүйтэнд халаагуур ашиглахгүй, гал түлэх шаардлагагүйгээр дулаан өвөлжих, тохилог шийдэл бүхий хаус гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа юм. Энэхүү технологийг эх орондоо нутагшуулах, иргэдээ дулаан орон байраар хангах зорилго бүхий төслийг “ТОСК” ТӨХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашдаа төслөө улам сайн хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлж ажиллах, орон нутагт энэхүү төслийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа юм.
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг олноор нь барьснаар агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах, айл өрх бүр эрүүл, тохилог орчинд амьдрах боломжтой болохыг “ТОСК” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Батжаргал онцлон тэмдэглэж, нийслэл болон орон нутагт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.