Хүн төвтэй төлөвлөлт гэж юу вэ

Хүн төвтэй төлөвлөлт гэж юу вэ

Хүн төвтэй төлөвлөлт гэж юу вэ

Барилга, байшин, орон сууц нь орон байр, аюулгүй байдал гэх мэт хүний ​​анхдагч хэрэгцээг хангадаг ч түүний архитектур нь түүнтэй харьцаж буй аливаа хүний  сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж байдаг.  Хүмүүс бид бусад хөхтөн амьтдын нэгэн адил хүрээлэн буй орчны нөхцөл байдалд маш мэдрэмтгий ханддаг. Тиймээс архитектур, хот байгуулалтын дизайн нь хүмүүст урт хугацааны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих физиологийн хариу урвалыг бий болгож, зарим тохиолдолд өвчин эмгэг, сэтгэцийн хямралд хүргэдэг болохыг олон тооны судалгаа харуулж байна.

Тухайлбал, ногоон байгууламж, онгон зэрлэг байгаль нь эрүүл мэндийн байдлыг сайжруулж, урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрахад нөлөөлдөг гэсэн үр дүн нь хамгийн сайн баримтжуулсан дүгнэлтүүдийн нэг юм. Харин давчуу, байгалийн гэрэлгүй орон зай нь сөрөг үр дүнг авчирдаг байна.  Хүн төвтэй төлөвлөлт бол хэсэг зуур яриад өнгөрөх трэнд төдий зүйл биш юм. Энэ бол хүн, барилга, байгаль гурвын харилцан холбоо, түүнд тулгараад буй асуудлын шийдэл юм. Уг төлөвлөлтөөр баригдсан барилга нь хүмүүсийн хэрэгцээ,шаардлага, нөхцөл байдал, зан байдал, сэтгэл хөдлөлд анхаарлаа төвлөрүүлж  тулгарч буй асуудал, боломжуудын шийдлийг бий болгодог. 

Хүн төвтэй барилга төлөвлөлтөд орон зай, гэрэл, өнгө гэсэн 3 элементийг чухалчилж үздэг ба уг элементүүдийг зөв зохистой төлөвлөснөөр амьдралын чанар сайжрах, чанартай урт наслалтыг бий болгох, нийгэмд эерэг нөлөөлөл авчрах давуу талуудтай. 

Орон зай

Орон зай нь хүмүүсийн сэтгэл хөдлөл, үйлдэл, аливаад хандах хандлагыг тодорхойлж байдаг. Дотор болон гадна орон зайг төлөвлөхдөө тухайн орон зайн үүрэг, хүмүүсийн тэнд өнгөрүүлэх цаг хугацаа, тухайн орчноос авч болох мэдрэмж зэргийг анхаарч үзэх хэрэгтэй. 

Орон зай гэх ойлголтод хүрээлэн буй орчны асуудал хөндөгддөг. Гэр бол зөвхөн 4 хананы дундах асуудал биш бөгөөд гараад алхах талбай, салхилах орчин, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар зэргийг хамруулж ойлгодог.  Ерөнхийдөө задгай орон зай нь илүү эерэг, урам зоригтой мэдрэмж төрүүлдэг бол нөгөө талаас хаалттай эсвэл нягт орон зай нь илүү сөрөг нөлөө үзүүлдэг байна. 

Орон зайн эерэг нөлөө: 

  • Өндөр тааз, задгай дээвэр зэрэг нь биднийг илүү чөлөөтэй, абстракт сэтгэх боломжийг олгодог. 
  • Агаар, модод, ургамал зэрэг орчны элементийн зохицол нь анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг. 
  • Харууц буй харагдах байдал нь тайван байдлыг өдөөдөг. 

Гэрэл


Гэрэл нь архитектур болон сэтгэл зүйн зан байдалд томоохон нөлөө үзүүлдэг элемент юм. Ялангуяа байгалийн гэрэл ихтэй газар зохиомол гэрэлтүүлэгтэй газраас илүү их эерэг энерги бий болгож, зан төлөв, сэтгэл зүй, бүтээлч байдалд эерэг нөлөө үзүүлдэг байна. 
  • Байгалийн гэрэлтүүлэг нь тайван, амар амгалан байдлыг нэмэгдүүлдэг. Гэрэлтүүлэг муу, нарны гэрэл дутмаг нь газар сэтгэлийн хямрал, идэвхгүй байдлыг өдөөдөг. 
  • Бүтээлч байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай үед бүдэг гэрэл, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлэх үед тод гэрэл бидэнд илүү нөлөөлдөг. 
  • Байгалийн гэрэл нь шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг.

Өнгө

Өнгө нь бидний сэтгэл санаанд нөлөөлдөг төдийгүй архитектурын хэтийн төлөвийг өөрчилдөг. Мөн орон зай томорч, тэлэхийг бидэнд мэдрүүлдэг элемент бол өнгө юм. Бусад элементээс илүүтэй сэтгэл хөдлөлийг удирддаг гэхэд хилсдэхгүй байх. Жишээлбэл, илүү тайван, амар амгалан мэдрэмжийг ногоон өнгө бий болгодог тул ихэнх эмнэлгүүд энэ өнгийг архитектуртаа тусгасан байдаг.

Үүнтэй ижил байгалийн өөрийн өнгө бидний амьдралын хэв маяг, зан төлөвт онцгой нөлөө үзүүлдэг. Байгаль өөрөө дээр дурдсан 3 элементийг хамгийн зохимжит хэмжээгээр агуулдаг тул байгальтай ойр төлөвлөлтийг чухалчилж, архитектурт байгалийг шингээхийг эрмэлзэх болсон.