Хана, таазыг хэрхэн будах вэ
Барилга, орон сууцны хана ба таазыг шинэчилж засахад төрөл бүрийн материалыг хэрэглэх боломжтой ч тосон суурьтай будгийг ус чийг ихтэй, эсвэл механик үйлчлэл ихтэй өрөөнд ашиглах нь элбэг байдаг. Орчин үед усан суурьтай будаг буюу манайхны нэрлэж заншсан эмульс хэрэглээнд их нэвтэрч байгаа бөгөөд ихэнх нь ус чийг ба механик үйлчлэлд тэсвэртэй, мөн будах үед үнэр багатай болсон. Мөн эмульс будгийг бүх төрлийн өнгө буюу кодоор гаргаж үйлчилж байгаа нь орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна. Ингээд мэргэжлийн ба мэргэжлийн бус өөрсдөө тохижуулах сонирхолтой хэрэглэгч нартаа будгийн ажил хийхэд анхаарах зөвлөгөөг оруулъя:
Зөвлөгөө 1: Будахын өмнө будахгүй хэсгүүдийг цаасан скочоор зааглаж хамгаална. шаланд сонин юм уу хулдаас дэвсэж хамгаална,
Зөвлөгөө 2: Будах гадаргууг хэрэв шаардлагатай бол суурь грунт түрхэж бэхжүүлэх хэрэгтэй, ингэснээр үндсэн хананд дараа түрхэх будаг замаска ба эмульсийн насжилт уртасч элэгдэлд тэсвэртэй болно
Зөвлөгөө 3: Грунтыг хатсаны дараа ан цав, зай завсар, хагархайтай тэгш бус гадаргууг тэгшилж замаскадах хэрэгтэй.
Зөвлөгөө 4: Замаскыг хатсаны дараа нарийн, зөөлөн зүлгүүрээр зүлгэж, зүлгүүрийн тоосыг сайтар цэвэрлээд хоёр дахь үе грунтыг тавих хэрэгтэй. Үүнийг хатсаны дараа гадаргуу будахад бэлэн болно.
Зөвлөгөө 5: Таазнаас эхлэн будах ба багс, будгийн буу, дундаж урттай, үстэй өнхрүүшээр ашиглан будахад тохиромжтой.
Зөвлөгөө 6: Эхний ээлжинд хана таазны залгаас хэсэг, уулзвар, буланг будах хэрэгтэй. Таазны будалтыг булангаас эхлэн таазны өргөний дагуу зурваслан будна. Таазыг будахад сүүлчийн үеийг цонхны гэрэл дагуу, өмнөх үеийг хөндлөн тавих хэрэгтэй.