Г.Энхтүвшин: Дотор агаарын чанар муудсанаас хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна
Орон гэр, албан тасалгаа, сургууль, цэцэрлэгийн засварыг чанаргүй заслын материалаар хийснээс болж дотор агаарын чанар муудаж, төрөл бүрийн өвчлөл, хорт хавдрын шалтгаан болж байна. Нийгэмд хамгийн тулгамдсан асуудал болчихоод буй сэдвээр “Борхойн үүр” ХХК-ийн захирал Г.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Дотор агаарын чанар гэж юу вэ гэдэг талаар товчхон ойлголт өгвөл. Мөн дотор агаарын чанар юунаас болж муудаад байна вэ?
-Дотор агаарын чанар гэж ярихын тулд дотоод орчны талаар дурьдах шаардлагатай болно. Дотоод орчин бол хязгаарлагдмал. Хүний механик оролцоотойгоор агаар сэлгэлтээ хийдэг орчин юм. Ажлын байр, гэр орон, автомашины бүхээг хүртэл үүнд багтана. Тэгвэл дотоод орчинд байгаа тавилга, эд материал, тэр ч битгий хэл цэвэрлэгээний, гоо сайхны бүтээгдэхүүнүүд хүртэл дотор агаарын чанарыг муутгаж байдаг. Тиймээс гадна агаараас илүүтэй дотор агаарын чанарын тухай ойлголтыг хүн бүр мэддэг байх нь чухал.
Дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүд яагаад бидэнд гадаад орчны бохирдлоос илүү хортой нөлөө үзүүлж байна вэ. Яагаад гэвэл бид хоногийн 24 цагийн ихэнхийг дотоод орчинд өнгөрөөдөг. Гэтэл барилга, байгууламж дотор агаарын солилцоо муу байдаг. Үүнээс үүдэлтэй янз бүрийн өвчлөл үүсэж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлж байгаа нь ч дотор агаарын чанартай холбоотой гэсэн судалгаа ч гарсан.
-Дотор агаарын чанарын стандарт манай улсад байгаа юу?
-Манайхны барилгын материалаа хамгийн их татаж авч байгаа БНХАУ аль 1980-аад оны үед дотор агаарын чанарын стандартаа баталчихсан. Сүүлд хоёр ч удаа шинэчилсэн. Барилгын материалыг бид зөвхөн өмнөд хөршөөсөө гэлтгүй Солонгос, ОХУ болон бусад орнуудаас импортолж оруулж ирж байгаа. Манай улсын хувьд дотор агаарын чанарын стандартыг батлаагүй. Үүнээс үүдээд стандарт шаардлага хангахгүй, чанар муутай барилгын материалыг хяналтгүй шахам оруулж ирдэг. Нэгэнт ороод ирсэн чанар стандартын шаардлага хангахгүй барилгын заслын материалыг хүмүүс хэрэглэж, дотор агаарын чанараа муутгаж, хорт бодист хордож байна.
Жишээлбэл, барилгын засвар хэрэглэж байгаа будаг, чанар муутай хавтангаар хийсэн тавилга, бусад чанар муутай заслын материалаас дотор агаарын чанарыг муутгадаг толуол, бензол, формальдегид зэрэг бодисууд ялгардаг. Хүний амьсгалж байгаа агаарын чанар муудсанаар янз бүрийн халдварт өвчин, олон төрөлт харшлын өвчлөл, арьсны үрэвсэл хүртэл нэмэгдэж байна. Үүнийг олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн судалгааны үндсэн дээр эрдэмтэн судлаачид нотлоод байгаа юм.
-Дотор агаарын чанарын стандартыг яаралтай батлах ёстой юм байна?
-Манай эрдэмтэн, судлаачид 2019 оноос хойш дотор агаарын чанарын стандартыг батлуулах гээд явж байгаа юм билээ. Гэвч одоо болтол батлаагүй. Энэ стандартыг яаралтай батлах хэрэгтэй байна. Нөгөө талаас иргэд энэ стандартыг батлахыг шахах, шаардах нэн шаардлагатай байгаа юм. Жил болгоны зун сургууль, цэцэрлэгийн засвар хийдэг. Хаанаас авсан, ямар чанар, стандартыг хангасан будаг, заслын материал хэрэглэж байгаа нь мэдэгддэггүй.
Гэтэл жил ирэх тусам хүүхдийн ханиад томуу, элдэв төрлийн өвчлөл нэмэгдсээр л байна. Энэ бол хүүхдүүдийн хамгийн их цаг өнгөрөөж байгаа сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанар муудсантай шууд холбоотой. Тиймээс эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгийн засварыг ямар бүтээгдэхүүнээр хийж байгаад нийтээрээ хяналт тавьдаг байх хэрэгтэй. Мөн зах зээлд байгаа төрлийн барилгын болон заслын материалын аль нь стандартын шаардлага хангасан, хорт бодис агуулаагүй байна вэ гэдгийг мэддэг болцгооё. Зөв материалаа авах нь иргэн таны сонголтоос л шалтгаална.