Байр суурь: Хот байгуулалт, төлөвлөлтийн алдааг засна

Байр суурь: Хот байгуулалт, төлөвлөлтийн алдааг засна

Байр суурь: Хот байгуулалт, төлөвлөлтийн алдааг засна

Улаанбаатар хотод нийт хүн амын 48.9 хувь буюу 1.7 сая хүн амьдарч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их дээд сургуулийн 96 хувь, ДНБ-ий 63 хувь үйлдвэрлэгдэж байна. Энэ нь хот, хөдөөгийн хөгжлийн хэт ялгаатай нөхцөлийг бий болгож, иргэдийн амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлж буй. Үүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг хэлэлцэх "Хот байгуулалтын форум-2024" арга хэмжээг өнөөдөр /2024.12.12/ болж байна.  Тус форумд оролцож буй талуудын байр суурийг хүргэе.

"ДЭД БҮТЭЦ БАЙХГҮЙ ГАЗАР ЮУ Ч БҮТДЭГГҮЙ"

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хот төлөвлөлтийн хамгийн том алдаа бол яам болгон бүх асуудлуудыг тусад нь авч үздэг байдал. Гэтэл яг хотод амьдарч байгаа иргэн, оршин суугчид бүх үйлчилгээ нэг дор хэрэгтэй байдаг. Орон сууцны хороолол барина гээд цэвэр бохир усны шугам татчихдаг. Гэтэл цахилгаан, дулаан нь ирдэггүй. Эсрэгээрээ дулааны шугам нь байлаа гэхэд цэвэр, бохирын шугам нь байдаггүй. Барилга, орон сууцны салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд орон сууцны нийлүүлэлтээ хийе гэхээр дэд бүтэц байхгүй газар юу ч бүтдэггүй. Боломжгүй шүү дээ. Ийм байдлаар бүх зүйл тусдаа гарчхаад байгаа нь хамгийн том асуудал гэж бодож байна. Тэгэхээр иргэн төвтэй, оршин суугч төвтэй, аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсч байгаад нэгдсэн нэг төлөвлөлтийн бодлого руу шилжих ёстой. Үүнийг хийж чадвал бид богино хугацаанд үр дүн гаргах бүрэн боломжтой гэж харж байна. Миний хувьд "20 минутын хот Үндэсний хороо"-ны 20 минутын хот үзэл баримтлалын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Сүүлийн 30 гаруй жил засаг төвтэй, дарга төвтэй, дээрээс доош чиглэсэн тогтолцоотой байгаа.Ийм тогтолцоо юунд хүргэх вэ гэхээр, тухайн иргэн амьдарч байгаа хороондоо, сумандаа хэрэгтэй бүх үйлчилгээг авъя гэхээр дутуу дулимаг байдаг. Эрх зүйн орчин нь өөрөө ийм учраас шүү дээ. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд цэвэр усны дэд бүтцийн асуудал харьяалагддаг. Эрчим хүчний яам дээр цахилгаан, дулааны асуудал, Зам, Тээврийн яам дээр автозамын асуудал харьяалагддаг. Эрүүл мэнд, боловсрол гээд бүгд тусдаа байдаг. Тэгэхээр хамгийн гол нь энэ бүхнийг нэг дор шийдэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь: 

Бид хотоо төлөвлөхгүйгээр, судлахгүйгээр хаана зайтай байна тэр газар нь очиж барилга бариад яваад байсан. Үр дүнд нь түгжрэлээ дийлэхгүй, хүнд ээлгүй хот болсон. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам байгуулагдаад удаагүй байна. Бид бодлогоо нэгтгэхийн тулд НҮБ, ДЭМБ гээд олон улсын туршлагыг судлах хэрэгтэй. Өнөөдрийн форумд бүх шатны архитектурууд, мэргэжлийн судлаачид оролцож, бодлогоо тодорхойлж байна. Монгол Улсыг хоёр хувааж харж болно. Улаанбаатар төвтэй нийт хүн амын 50 хувь, орон нутагт 21 аймаг түүний цаана байгаа сумууд 50 хувь болчхоод байна. 1992 он хүртэл Монгол Улсын иргэн хувьдаа өмчгүй байсан. Бүгд машингүй, орон сууцгүй байсан. Орон сууц барьсан ч машин цөөхөн учраас авто зогсоол барьдаггүй байсан. Тийм учраас нарийхан замууд тавьчихсан. Гэтэл ардчилсан нийгэмд нэг өрх хэчнээн машинтай байгаа билээ. Энэ нөхцөл байдал хуучны төлөвлөлтөө даахгүй учраас ийм байдал үүсч байна.

Тийм учраас бид нар хотоо цаашид зөв төлөвлөлтөд оруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ шинэ хотоо байгуулахаар ажиллаж байна. Шинэ Зуунмод хотыг анхнаас нь зөв төлөвлөж, алдаагүй байгуулах нэгдүгээр асуудал гэж үзэж байгаа. Мөн Улаанбаатар хотын алдааг богино хугацаанд засах хэрэгтэй байна. Түүнчлэн орон нутагт яг энэ алдааг давтаж байгаа 21 хот байна шүү дээ. Гаднаасаа харахад маш сайхан орон сууц байдаг, ороод амьдрахаар дөрвөн хана нь дулаан алдагдалтай олон асуудалтай байдаг. Тэгэхээр тэр байранд ороод амьдарсан цагаас өөрийнхөө олсон бүх орлогыг алдаж байдаг. Одоогоор Монгол Улсад хамгийн дутагдалтай байгаа зүйл бол дулаан, цахилгааны эрчим хүч. Энэ дутагдалтай байгаа эрчим хүчийг бүх хүн алдагдалтай орон сууц, барилгуудаараа батлаад байна. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд олон талт үйл ажиллагаа шаардлагатай байна.

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ЗАЙЛШГҮЙ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ 

УИХ-ын гишүүн А.Ундраа: Эдийн засгийн байнгын хорооны гишүүний хувьд Хот байгуулалтын тухай хууль өргөн барихаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн барихаар бэлтгэгдэж байна. Түүнчлэн Орон сууцжуулалтын тухай хууль байгаа. Тэгэхээр эдгээр бичиг баримтуудыг хэр зэрэг нийцтэй байна, өмнөх батлагдсан хууль тогтоомжуудтай хэр уялдаа холбоотой, хэрэгжих боломжтой байна вэ гэдэгт анхаарал хандуулах шаардлагатай. Улаанбаатар хотын хувьд орчны бохирдол тулгамдсан асуудал. Гадаад орчны бохирдлоос шалтгаалан 8000, дотоод орчны бохирдолоос болж 4000 хүн амиа алдсан харамсалтай тоо байна. Тиймээс бид яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Олон хүний амь нас яригдаж байна шүү дээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, ХББЗГ-ын дарга Ц.Баярбат: Монгол Улсад хот байгуулалтын тухай хууль анх 1998 онд батлагдаж, хэрэгжиж эхэлсэн. 2008 онд шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш өөрчлөлт оруулаагүй явж байна. Тиймээс одоогийн хот байгуулалтын хөгжилтэй холбоотойгоор зайлшгүй өөрчлөх хэрэгцээ үүсч байна. Түүнээс гадна олон улсын жишигт хүргэх шаардлагатай байгаа. Хот байгуулалтын тухай хуульд хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг яг зөв тодорхойлж, гаргаж чадаж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс хуулийн хүрээнд тодорхойлж, олон улсын жишгийн дагуу хуульчилна гэж ойлгож байна. Хот байгуулалтын үйл ажиллагаа дотроо төлөвлөлт, бүтээн байгуулалт гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Тэгэхээр эхний ээлжид хот байгуулалт төлөвлөлтөөс эхэлдэг учраас төлөвлөлттэй холбоотой зохицуулалтыг тодорхой болгож өгнө. Хот байгуулалтын баримт бичгүүдийн нэр төрлүүдийг тус тусад нь тавигдах шаардлагатайгаар гаргаж ирж, зааж өгнө. Үүн дотроо хот төлөвлөлтийн стандартыг тусгайлан тодорхойлно гэж харж байгаа.

Эх сурвалж: www.news.mn