Д.Батзориг: Оны эхнээс цементийн үнэ буурлаа
Засгийн газрын тавдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаас Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт орсныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн.
Тэрбээр “Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн. Иймд энэ оны бүтээн байгуулалтад шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бүрджээ. Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, импортын цементийн гаалийн албан татварыг 20-иос таван хувь болгон бууруулав. Цаашид үнийг бууруулж, үнэ хөөрөгдөхөөс урьдчилан сэргийлнэ. 2022 онд дотоодын үйлдвэрүүд цементийн үйлдвэрлэлээ илт багасгасан. Үүний улмаас гуравхан сарын дотор цементийн үнэ 3 дахин өссөн. Үүнийг дахин давтахгүй. Энэ онд Засгийн газрын захиалгаар нийт 10 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтыг ААН-үүд гүйцэтгэнэ. Иймд цементийн эрэлт өснө” гэсэн юм.
Барилга, хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос татварыг бууруулснаар импортын цемент өссөн үү, үнэ буурсан уу зэрэг асуултад хариулт авав.
-Барилгын материал нийт төсөвт өртгийн 60-70 орчим хувийг эзэлдэг. Үүн дотор цемент, цементэн бүтээгдэхүүн барилгын материалын нийт зардлын 19.7 хувийг эзэлдэг. Цемент дангаараа өртгийн 5 хувьтай тэнцэнэ. Цементийн үнэ өсөхөөр барилгын үнэ 10-20 хувиар өсчихдөг. Хоёр жилийн өмнө барилгын үнэ ихээхэн өссөн.
Бид барилгын компаниудад анхааруулж, цемент худалдан авахдаа анхааралтай байгаарай хэмээн сануулах зорилгоор хяналт шалгалтын үр дүнг нээлттэй танилцуулсан. Ер нь гуравдугаар сард чанаргүй, өнжсөн буюу удаан хадгалсан цемент импортлох магадлал өндөр байна. Цементийг 60 хоногоос дээш хугацаагаар хадгалбал чанар нь буурдаг.
-Стандартад хүрээгүй цемент худалдсан иргэн, ААН-д ямар хариуцлага тооцох вэ. Тэдний нэрийг ил хэлж болохгүй юу. Цементийг буцаан татах уу?
-ААН-үүдийн нэрийг шууд зарлавал нэр хүндэд нь халдсан болчихдог, энэ эмзэг асуудал. Сүүлийн шинжилгээгээр нэг ААН хоёр дээж өгөхөд нэг нь хангаад, нөгөө нь хангаагүй. Хяналт шалгалтын тухай хуулиар дараагийн арга хэмжээг авах эрх улсын хяналтын байцаагчдад бий. Шаардлага хангаагүй дээжийг устгана эсвэл маркийг нь бууруулан ашигладаг, эргүүлэн татан авдаггүй.
-Татвар буурснаар импортын хэмжээ өссөн үү?
-Манай улсын цементийн зах зээлийн 12 хувийг импортын цемент эзэлдэг. 2023 онд нийт 255 мянган тонн цемент импортолжээ. Өнөөдрийн байдлаар 146 мянган тонн цемент оруулсан. Тэгэхээр импорт өсөөгүй байна.
Манай улсад долоон үйлдвэр бий. Эдгээрийн суурилагдсан хүчин чадал нь 4 сая тонн боловч бодит хүчин чадал нь гурван сая орчим тонн байна. Харин бодит хэрэглээ жилийн 2.3 сая тонн. Цаашид бид ОХУ руу цемент экспортлохоор үйлдвэрүүдтэй хамтран судалгаа хийж байна. Шинэ үйлдвэрүүд байгуулахаар төслийн шатандаа яваа ажил ч бий.
-Үнэ өсөнгүүт импортын татварыг бууруулан, “гал намжаасан” ч барилгын материалаа дотоодоосоо хангах бодлоготой Засгийн газрын шийдвэр зөрчилдлөө.
-Татварыг манай яам дангаараа мэдэж шийддэггүй. Бүтээн байгуулалтын ид үед цементийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж, импортын татварыг нэмсэн. Ямартаа ч оны эхнээс цементийн үнэ буурлаа. Цементийн татвар ирэх аравдугаар сарын 31-нээс хойш эргээд 20 хувь болно.
Нөгөө талд бид барилгын 30-аад нэр төрлийн импортын татварыг үе шаттай нэмж, дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалдаг. Үүнд шилэн хөвөн, цонх, хаалга зэрэг багтана. Импортын татварыг 5, 6.5, 10, 20 хувь болгон нэмсэн.
-Чанаргүй цементийг гааль яагаад нэвтрүүлэв?
-Гаалийн байцаагчид бичиг баримтын бүрдлийг шалгаад л нэвтрүүлдэг. Импортын барилгын материалын чанарыг хил дээр хянахын тулд Замын-Үүд, Алтанбулагт лаборатори байгуулж байна. Замын-Үүдийн лабораторийн барилга дууссан, одоо тоног төхөөрөмжөө суурилуулна. Хоёр лаборатори энэ онд үйл ажиллагаагаа эхэлж, будгийн химийн найрлага, орц зэргийг нарийвчлалтайгаар шалгаж, хилээс дотогш нэвтрүүлэх, эсэхийг шийддэг болно.
Эх сурвалж: gogo.mn