Б.Нямхүү: Монголын нөхцөлд тохирсон, найдвартай ажиллагаатай цахилгаан зуухыг сонгох нь зөв

Б.Нямхүү: Монголын нөхцөлд тохирсон, найдвартай ажиллагаатай цахилгаан зуухыг сонгох нь зөв

Б.Нямхүү: Монголын нөхцөлд тохирсон, найдвартай ажиллагаатай цахилгаан зуухыг сонгох нь зөв
Польш улсаас “Коспел” цахилгаан халаагуурыг оруулж ирж, Монголын зах зээлд нийлүүлж буй “Нартын голомт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямхүүтэй ярилцлаа. Тэрбээр хэрэглэгчдэд цахилгаан халаагуурыг сонгохдоо хамгийн түрүүнд юунд анхаарах талаар зөвлөж байна.
-Иргэд цахилгаан халаагуур, бусад халаалтын зуухыг сонгоход хамгийн түрүүнд юуг анхаарах ёстой вэ. Та зөвлөгөө өгөөч?
-Манайхан аливаа зүйлийг сонгохдоо заавал цаг хугацааг нь тулгадаг. Үүнээсээ болоод маш бага мэдээлэлд үндэслэж, чанаргүй, найдваргүй бүтээгдэхүүн сонгодог. Угтаа өвөл болох нь ойлгомжтой учраас иргэд хавраас эхлээд судлах хэрэгтэй. Цахилгаан халаагуурыг албан ёсоор оруулж ирдэг хэдэн компани байна, бүгдийг нь судалж үз. Харьцуулалт хий. Түүний дараа сонголтоо хийсэн нь зөв.
Компани болгон л өөрсдийнхөө бүтээгдэхүүний давуу талыг магтаж ярина. Тэр үгэнд нь шууд итгэх хэрэггүй. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж буй хүмүүсийн сэтгэгдэл ямар байна. Монголын нөхцөлд тохирох уу гэдгийг нь давхар судлаарай. 2021 онд л анх оруулж ирж байгаа зуухаа дэлхийд тэргүүлдэг бүтээгдэхүүн гэж магтаад л зараад байдаг. Дэлхийд тэргүүлдэг байж болно. Гол нь Монголын нөхцөлд тохирсон байх ёстой. Монголд оруулж ирж зараад олон жил болсон, манай нөхцөлд тохирсон, хүмүүс хэрэглээд сурчихсан, засвар үйлчилгээтэй, найдвартай ажиллагаатай зуухыг л сонгох нь зөв.
Өвөл болгон эвдрээд байдаг цахилгаан зуух авчихвал хэцүү биз дээ. Дээрээс нь аюулгүй байдлаа маш сайн хангах ёстой. Галын аюул гарах, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй байвал үр хүүхдээ орхиод явахад хэцүү. Чанар муутай зуухнууд тэсэрч дэлбэрэх, эвдрэх магадлал өндөртэй. Энэ мэт эрсдэлээ тооцоод, маш сайн судалж байж сонголтоо хийгээрэй. Түүнээс 10, 11 дүгээр сард ганц, хоёрхон өдөр яваад л шууд сонголт хийж болохгүй.

-Хүмүүс хамгийн түрүүнд “хэр сайн халах вэ”, “цахилгааны хэмнэлттэй юу” гэдэг хоёр асуултыг асуудаг. Зөвхөн энэ хоёр үзүүлэлтийг харж сонгох нь өрөөсгөл юм шиг санагдаж байна?
-Манай байшин тэдэн метр квадрат хэмжээтэй, цахилгааны мөнгө хэд гарах вэ гэж асуугаад байдаг. Асуух ёстой асуулт мөн л дөө. Гэхдээ үүнээс өмнө тухайн байшинг халааж чадах уу, найдвартай ажиллах уу, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юу, эдэлгээний хувьд хэр удах вэ гэдгийг нь харах хэрэгтэй. Түүнийхээ дараа цахилгааны мөнгө хэд гарах вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой юм. Гэхдээ цахилгааны мөнгө хэд гарах чинь бүтээгдэхүүнээсээ шалтгаалаад өөр өөр. Аль болох автоматаар дулаанаа мэдрээд өөрөө амардаг, ухаалаг системтэй халаагуур байвал өглөө ажилдаа яваад орой ирдэг хүмүүст хэрэгтэй. 24 цагийн 30 хувьд нь ажилладаг, бусад үед нь дулаанаа мэдрээд амардаг халаагуур ч байна. Бүх л цахилгаан тогоо байшинг халаана. Машинаар зүйрлэвэл бүгдээрээ л явна. Гэхдээ хүмүүс машин авахдаа аль нь шатахуун бага иддэг юм, тав тухтай юу, эвдрэл бага бил үү гээд олон үзүүлэлтийг нь харж, судалж авдаг. Тийм байтлаа халаагуур авахдаа дутуу судлаад байна.
-Найдвартай ажиллагаа гэхээр хүмүүс олон жил доголдолгүй ажиллах гэдгээр нь ойлгох байх. Та илүү цогц зүйл ярьж байгаа биз дээ?
-Найдвартай ажиллагаа гэдэг чинь нарийн ойлголт. Зөвхөн удаан жил ашиглана гэдэг талаас нь харж болохгүй. Компани болгоны санал болгож буй тогоо 70, 80, 85 градус хүртэл янз бүрээр л халдаг. Зарим хүмүүс битүү систем хийчихсэн мөртлөө тэлэлтийн сав байрлуулаагүй байдаг. Гэтэл тэр тогоо хяналтгүй халвал яах вэ. Дэлбэрэх аюултай болно биз дээ. Түүнээс болж галын аюул гарч, байшин шатвал яана. Гэрт хүүхэд байж байгаад түлэгдвэл яах билээ. Гэх мэт болзошгүй бүх аюулаас сэргийлж чадахуйц халаалтын бойлерыг найдвартай ажиллагаатай гэж хэлнэ.
Түүнээс гадна, манайд цахилгааны хүчдэл хэлбэлздэг. Цахилгааны хүчдэл өндөр, нам ирэхээс шалтгаалж ямар нэг асуудал үүсэхэд тогоо өөрөө хамгаалаад унтардаг гал хамгаалагч гэж байх ёстой. Энэ мэтээр ярьвал найдвартай ажиллагаа, аюулгүй байдалтай холбоотой олон зүйл байна. Манай иргэд зүгээр л нэг бортоготой тень аваачиж залгачихаад, боломжийн юм байна гэж ойлгодог. Байшингаа л халааж байвал бусад нь хамаагүй гэж бодож болохгүй. Аюулгүй байдал гэдэг нэн тэргүүний асуудал.
-Аль улсаас оруулж ирж байгаа цахилгаан халаагуурыг хэрэглэвэл илүү тохиромжтой байдаг вэ?
-Монгол эрс тэс уур амьсгалтай, зундаа +40 хэм хүртэл халдаг. Өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг. Ихэнх аймагт өвөлдөө маш их хүйтэрдэг. Тиймээс урд зүгийн орнуудын үйлдвэрлэж буй халаалтын тоног төхөөрөмж манайд тохирохгүй. Япон, Солонгос, Хятад өөрсдийн орныхоо онцлогт тохирсон л төхөөрөмжийг үйлдвэрлэнэ. Харин Европын улсуудын уур амьсгал Монголтой төстэй. Тиймээс Европын холбооны улсуудад хэрэглэдэг, зардаг халаалтын төхөөрөмжийг сонговол илүү тохиромжтой. Иргэд ОХУ-д ямар халаалтын тогоо хэрэглэж байгааг судлах хэрэгтэй. Зах хязгаар нутгуудад нь бас л манайх шиг гал түлэх, эсвэл цахилгаан халаалтын төхөөрөмжүүд ашиглаж дулаанаа шийдэж байгаа. Хойд хөрш маань бидэнтэй уур амьсгалын хувьд маш адилхан учраас тэнд ямар цахилгаан халаалтын төхөөрөмжүүд илүү зарагдаж байгааг харчих. Тэр бүтээгдэхүүнүүдээс Монголд алийг нь, ямар компани хэдэн жил зарж байгааг хараад сонголтоо хийхэд буруудахгүй дээ.
-Цахилгаан халаалтын төхөөрөмж, бойлерийг сонгохдоо юуг нь илүүтэй анхаарах ёстой талаар хэрэглэгчдэд зөвлөгөө өглөө. Тэгвэл “Нартын голомт” компанийн хэрэглэгчдэд санал болгож байгаа “Kospel” цахилгаан халаалтын бойлер сонголт хийхдээ анхаарах шаардлагуудыг бүгдийг нь хангаж байгаа гэж ойлгож болох уу?
-100 хувь хангана. “Kospel” цахилгаан халаалтын бойлерийг Польш улсад 1997 оноос эхлэн үйлдвэрлэж байгаа. Дэлхийн 57 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. 2020 оноос эхлэн Германы “Виссманн” компанитай нэгдэж, бүтээгдэхүүнээ улам сайжруулж байгаа. Дэлхийн 100 гаруй орны хэрэглэгчдэд хүрч ажиллаж эхэлсэн. 4-48 кВт-ын 12 янзын зуух байгаа. Дотроо гурван төрөлтэй. Энгийн болон шинэ загвар, том зуух гэж гурав ангилна. 42-48 кВт-ын том бойлерууд 400-500 ам.метр талбайг халаах чадалтай. Цаашлаад 2000 ам.метр талбайг халаана гэвэл 4 бойлерыг зэрэгцүүлээд тавьчихаж болно.
Үндсэн бүтээгдэхүүнүүд нь цахилгаан халаалтын тогоо, хэрэглээний халуун усны бойлер, агшин зуур ус халаагч. Үндсэндээ төвийн халаалтын системд холбогдоогүй газар хэрэглэхэд шаардлагатай бүх л төхөөрөмжийг үйлдвэрлэдэг. Зөвхөн энэ л бүтээгдэхүүнүүдийг олон жилийн турш үйлдвэрлэж, хөгжүүлж ирсэн. “Kospel”-ийн халаалтын төхөөрөмжүүдийг Монголд албан ёсоор 2006 оноос эхэлж оруулж ирж эхэлсэн. Тэр үеэс цахилгаан халаалтын бойлер авсан айлууд 15 жил тасралтгүй ашиглаж байна гэдэг ямар чанартай, найдвартай ажиллагаатай вэ гэдгийг харуулж буй юм. Бид “Kospel”-ийг байнга сурталчлаад байдаггүй. Хэрэглэгчид өөрсдөө бие биедээ санал болгоод, сурталчлаад л явчихдаг.
Монгол эрчим хүчний хувьд гадны улсаас тодорхой хэмжээний хамааралтай. Зах хязгаар нутгууд болон зуслангийн чиглэлд трансформатораас хол байгаа айлуудад хүчдэл унадаг. Хүчдэл унадаг газар “Kospel” цахилгаан халаалтын бойлерийн шинэ загвар нь доголдоод сайн ажилладаггүй. Энгийн загвар нь доголдолгүй сайн ажилладаг. Хэрвээ та манай бүтээгдэхүүнийг сонирхож, худалдан авах гэж байгаа бол амьдарч байгаа газрынхаа цахилгааны хүчдэлийг оргил ачааллын үеэр хэмжүүлчих хэрэгтэй. Хүчдэл унадаг бол энгийн зуухыг авах нь зөв гэж зөвлөе. Манай бүтээгдэхүүн тэр чигээрээ ухаалаг системтэй. Хэрвээ ямар нэг доголдол гарвал автоматаар унтардаг, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан. Дээрээс нь энэ жилээс бид тогоогоо алсаас удирдах системийг оруулж ирэхээр судалгаагаа хийж байна.
-Нэг дор бөөн мөнгө гаргаад халаалтын төхөөрөмж авах боломжгүй айлууд бий. Тэд танай бүтээгдэхүүнийг зээлээр авах боломжтой юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Манай компани 2020 оноос эхлээд Хаан банк, Төрийн банктай гэрээ байгуулсан. 60 ам.метр ч бай, 80 ам.метр ч байна уу байшинтай хүн халаалтаа цахилгаанаар шийдэхээр болсон бол БОАЖЯ-ны санхүүжилттэй “Ногоон зээл”-д хамрагдаж болно. Жилийн 8 хувийн хүүтэй. Хоёр жилийн хугацаатай, урьдчилгаагүй зээл юм. Та манай компанийн харилцдаг банкинд өр зээлгүй бол манайхаар судлуулаад, бүтээгдэхүүнээ авч болно. Бид гэрт нь очиж судлаад, хэдэн төгрөгийн материал гарахыг нь тооцоод, нэхэмжлэх бичээд өгнө. Нэхэмжлэхээ аваад, банкиндаа очоод өгчихнө. Банк таны зээл авах боломжийг судлаад, шийдээд өгнө.