Өрөө асалгаа нь хэдийчинээ зайтай, уудам байна тэр хэмжээгээр саруулхан, гэрэл гэгээ илүү тусна. Хэрэв өрөө нь янз бүрийн тавилга, эд хогшлоор дүүрвэл ямагт давчуу, тоосонд дарагдсан харагддаг.
1. Xанын обойны өнгөний сонголт нь өрөөний гэрэлтүүлэг, хэмжээнээс хамаарна.
2. Гэрэлтүүлэг бүдэг байх тусам ханын өнгө илүү гэгээтэй байх учиртай
3. Тасалгааны хэмжээ том, тааз өндөр байх тусам обойны зураг илүү тод, томруун байна. Өрөө жижиг бол обой зураг ч мөн жижгэвтэр байвал тохирно. Хэрэв тааз намхантай, жижиг өрөөнд том зураг, хээ хуартай обой наавал өрөө улам жижиг харагдана.
4. Өрөөний тавилга, эд хогшлыг хэт эрээн мяраан болгох хэрэггүй. Нүд ядрааж залхаадаг.
5. Багавтар өрөөний зөөлөн буйдан, кресло сандал нь зураг, хээ хуаргүй эсхүл обойн өнгөтэй ойролцоо жижгэвтэр хээтэй байвал зүгээр.
6. Тод бүрхүүл, гадаргуутай буйдан дээр хурц өнгийн дэр тавих хэрэггүй. Багахан чимэглэлтэй, жигд өнгийн материалтай дэр тохирно.
7. Ширээний гоёмсог бүтээлэг өрөөг чимдэг.
8. Шалан дээрх хивс нь ханын обойны өнгөнөөс тэс өөр байвал зохицол муутай харагддаг. Хивс сонгохдоо яг обойн өнгөтэй ижил биш боловч зарим хээ хуар нь тохирохоор тийм хивсийг сонго. Хананд хивс өлгөх хэрэггүй. Энэ нь өрөөг давчуу, гэрэлтүүлэг муутай харагдуулна.
9. Цонхны тавцан дээр том цэцэг тавих хэрэггүй. Учир нь гэрэл гэгээ чөлөөтэй нэвтрэн ороход саад болдог.