Монгол орны ландшафт архитектур дахь урлагийн бүтээлийн түүхэн хөгжил

Монгол орны ландшафт архитектур дахь урлагийн бүтээлийн түүхэн хөгжил

Монгол орны ландшафт архитектур дахь урлагийн бүтээлийн түүхэн хөгжил

Хэдийгээр нийслэл Улаанбаатар хот 300 гаруй жилийн түүхтэй боловч монголчуудын хувьд суурин соёл иргэншил хувьсгалын дараах буюу 1921 оноос хойш хүчтэй явагдаж эхэлсэн байдаг. Энэ цагаас эхлэн Монгол орон даяар хот суурин, аймаг сумдууд олноор байгуулагдан хот төлөвлөлт буюу суурин амьдралын хэмнэлд бид эргэлт буцалтгүй хөл нийлүүлэн алхасаар зуун жилийн түүхийг угтах гэж байна. 

Хот суурин, аймаг сумдууд байгуулагдаж ирсэн цагаас хойш хот төлөвлөлт хийгдэж эхэлсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор ч ландшафтын архитектурын үндэс суурь тавигдах болжээ.

Иймд энэхүү ажлаар Монголын ландшафтын архитектур болон хот төлөвлөлтийн цаг үеийг 1990 оноос өмнө болон хойно гэж авч үзэн, тухайн цаг хугацаанд хийгдсэн ландшафтын архитектурын төлөвлөлтөнд урлагийн бүтээлүүд, уран баримлууд чухам ямар үүрэг, оролцоотой байсныг тайлбарлан хүргэхийг зорьж байна.

90 ОНООС ӨМНӨ

1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам засгаас урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар үлэмжийн их анхаарал тавьж, ард түмний эрх ашигт нийцсэн агуулгатай, үндэсний хэлбэртэй урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагийн дэвшилт өвөөс бүтээлчээр суралцах зорилтыг тавьснаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудас нээгдсэн гэдэг. Тэр үед монголын уран бүтээлчид үндэсний урлагийн уламжлалыг хадгалан, дэлхий дахины урлагийн онцлог, ялангуяа Зөвлөлтийн дүрслэх урлагаас суралцаж, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавьж зураач урчуудын өмнө шинэ нийгмийг цогцлон бүтээх чиглэлийг баримталж байв.

Монголын зураач, урчууд өрнө дахины урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж улмаар тосон будаг, гөлтгөнө материалаар уран бүтээлүүд хийж, бодит амьдралыг дүрслэхэд реалист барилыг эзэмших гэж мэрийн ажиллаж байсан. Уран бүтээлчид эрлийг бодит байдалд нийцүүлэн, цаг үеэ тусган орчин цагийнхаа урлагийн зорилго чиглэлтэй хослуулан хийж байв. Аливаа улсын утга соёлын түүх тухайн ард түмний туулсан замналтай салшгүй уялдаатай байдагчлан, орчин үеийн дүрслэх урлаг нийт улс үндэсний утга соёлын нийтлэг хэв шинжийг ямар нэг хэмжээгээр шингээхийн сацуу өөрийн орны өвөрмөц амьдрал, байгаль, ахуй байдал, хэв заншил, хувьсал хөгжлийг соргог тусгасан байна.

 Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг. Их хүрээ 1778 онд одоогийн Улаанбаатар хотын төв хэсэг байгаа Сэлбийн голын хөндийд бууснаас хойш суурьшиж эхэлсэн гэдэг. Монголын урчууд сүм дуганыг барьж байгуулахдаа үндэснийхээ барилга ялангуяа гэрийн уламжлалыг чадамгай ашиглан хөгжүүлсний зэрэгцээ Хятад, Төвд уран барилгын уламжлалаас хэрэглэж байжээ.

1954 онд анх удаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх 20 жилийн хэтийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайн үеийн хот төлөвлөлтийн ерөнхий архитекторчид болон Монголын урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлчид хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөнд хамтран ажиллаж эхэлсэн байна. энэ үеэс эхлэн Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавилцаж байсан алдарт зураач, урчууд, уран барималчид хот төлөвлөлтөнд өнгө нэмэх урлагийн бүтээл, уран баримлуудыг хийх болсон бөгөөд тэдний бүтээлүүд өнөөдөр хүртэл хотын өнгө төрхийг илтгэж, чимэг бахархал болон Монгол орны нүүр царай байсаар байна.

 Манай орны хувьд урлагийн төрөл жанр дундаас уран баримал болон монемунталь төрөл нь ландшафтын архитектурын болон хот төлөвлөлтөнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг юм.

Э.Батзаяа