“Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” mns 6058:2009
Сүүлийн жилүүдэд хувийн хөрөнгө оруулалтаар нийтийн зориулалттай орон сууцны барилгууд олноор баригдаж, худалдан борлуулах орон сууцны талбайн хэмжээг өөр өөрөөр тогтоож байгаагаас иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үл ойлголцох байдал үүсэх болсон. “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” стандартыг боловсруулж, ҮСХ-ны Стандартчилал, хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор баталсан байдаг.
Хэрэглэх хүрээ:
“Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” MNS 6058 : 2009-ыг 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдүүлж, орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжээг тодорхойлоход энэхүү стандартыг хэрэглэж байна.
Нэр томъёо:
Сууцны зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны зориулалттай хэсэг (зочны, унтлагын, хүүхдийн, ажлын г.м.)-ийн талбай хамаарна.
Сууцны бус зориулалттай талбай - дангаар өмчлөх сууцны бус зориулалттай хэсэг (гал тогооны, хооллох өрөө, ариун цэврийн болон угаалгын өрөө, өрөө хоорондын хонгил, агуулах, ханын шүүгээ (хувцасны)-ийн талбайг тооцно.
Сууцны бус зориулалттай туслах талбай - лоож, тагт, террас, веранд гэх мэт бие даан орших чадваргүй сууцны барилгын туслах бүтээцийн талбай хамаарна.
Сууцны нийт талбай - сууцны зориулалттай талбай, сууцны бус зориулалттай талбай болон туслах талбайн нийлбэр байна. Гэхдээ лоджийн талбайг 0,5; тагт, террасын талбайг 0,3 гэсэн илтгэлцүүрээр бууруулан тооцно.
Лоож - барилгын гадна ханаас илүү гараагүй гурван талдаа ханатай, хучилттай ил тасалгааг;
Тагт - барилгын гадна ханаас илүү гарсан, консоль буюу баганан тулаастай, 2-3 талаараа хайс, хашлагатай тавцанг;
Террас - барилгад залгаж барьсан, эргэн тойрондоо хайс, хашлагатай, (дээвэртэй байж болно), доод давхрын дээвэр дээр буюу газраас дээш нэг буюу хэдэн гишгүүрийн дээр байрласан том хэмжээний задгай талбайг;
Веранд - барилгын үндсэн дээвэрт багтсан буюу барилгад залган барьсан дээвэртэй, хоёр болон гурван талыг нь шиллэсэн халаалтгүй тасалгааг;
Агуулах - эд зүйлс хадгалахад зориулагдсан тасалгааг;
Хэмжилт хийх бэлтгэл ажил:
Сууцны талбайг хэмжихээс өмнө тухайн сууцны өрөө тасалгааны байгуулалт зураг 2 хувь, стандартын шаардлага хангасан хэмжих хэрэгсэл, В. хавсралтад заасан маягтыг бэлтгэсэн байна.
Хэмжилт хийх:
Орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэн дотор гадаргуугаас авна.
Хэмжилт хийх цэгийг шалны түвшнээс дээш (1,2±0,2) м-т, өрөөний 2 урт талын болон 2 богино талын 1/6 болон 5/6-д тэгш хэмд 2 цэгийг сонгоно.
Тэгш өнцөгт бус хэлбэртэй өрөө, тасалгааг геометрийн хэсгүүдэд /дөрвөлжин гурвалжин, дугуй, зуйван гэх мэт/ хуваан хэмжиж, хэсэг тус бүрийн талбайн нийлбэрээр тухайн өрөө, тасалгааны талбайг тодорхойлно.
Адар (мансард)-ын давхарын өрөөний талбайн хэмжээг тогтоохдоо хэмжилт хийх цэгийн өндрийг таазны налуугаас нь хамааралтайгаар: налуу нь 30° хүртэл бол өндөр нь 1.2 м; 30°-аас 45° бол өндөр нь 1.1 м; 45°-аас 60° болон түүнээс дээш тохиолдолд өндрийг нь 0,5 м-т байхаар тооцно.
Талбайн хэмжээг тооцсон тооны бутархайн орон нь 2 байх ба хэмжих нэгж нь ам дөрвөлжин метрээр илэрхийлэгдэнэ.
Энэхүү стандартыг заавал мөрдөх ёстой бөгөөд орон сууцны барилгын доторх сууцны талбайн хэмжилтийг барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж үйлдэх юм.