Хуучин ханын цаасыг хэдхэн минутын дотор хуулж авах аргууд
Засвар гэдэг хариуцлагатай бөгөөд энгийн биш ажил. Жилээр ч үргэлжилж мэдэх бөгөөд дуусашгүй сунжирсан ажил болно. Таны хүч, мөнгө, цаг хугацааг сорж сульдуулна. Заримдаа өнгөц засвар хүртэл хүнд ажил болж хувирахыг үгүйсгэхгүй. Таазныхаа өнгийг сэргээх, угаалгын өрөөгөө өнгөлөх эсвэл ханын цаасаа нэг сольчихмоор байдаг.
Ханын цаасыг хэрхэн хуулах вэ
Гэрээ гоё байлгахыг хүн болгон л хүснэ. Хуучин, өнгөө алдсан, зарим нэг хэсгээрээ урагдсан ханын цаас гэрийн өнгө төрхийг гутаах нь ойлгомжтой. Тийм учраас ханын цаас солих ажилд зөв, анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Гэхдээ хуучин ханын цаасыг яаж салгах вэ. Хатуу цементэн эсвэл хамгаалалтын тусгай бодис түрхсэн хананаас ханын цаас салгах гэж байгаа бол та азтай л нэгэн байна. Гэхдээ хэрвээ цавуу нь маш сайн чанарынх, харин ханын цаас нь нимгэн амархан урагдаад байвал цаасаа хэсэг хэсгээр хуулахаас өөр аргагүйд хүрнэ. Ийм ажил хэнийг ч гэсэн ядраах нь ойлгомжтой.
Урьд өмнө нь хуучин ханын цаасаа салгахын оронд дээрээс нь сонин наагаад л шууд шинэ ханын цаасаа тавьдаг байлаа. Жил өнгөрөх тусам ханан дээрх цаас зузаарч завсраар нь элдэв хортон шавьж үүрлэх таатай орчин болж хувирна. Бас эвгүй үнэртэж эхэлдэг байсныг зарим нэг нь санаж л байгаа болов уу. Мөөгөнцрийг ч бас мартаж болохгүй, ийм орчин эрүүл мэндэд хортой, ялангуяа бага насны хүүхэд өсөж бойжиж байгаа бол. Үүнээс гарах арга зам бий, та бүхэндээ ханын цаас салгах энгийн аргыг танилцуулахаар бэлдлээ.
Танд хэрэгтэй зүйл:
-Бүлээн устай саванд бага зэргийн аяга таваг угаагч шингэн бодис хийнэ.
-Порлон
-Хусуур/шпатель
-Шат
-Будагны скоч
-Индүү болон цаасан алчуур
Таазнаас эхлээд доош чиглэлд явна. Хусуурын ишнээс бариад дээрээс доош чиглэлд хусна. Хэрвээ ханын цаас салахгүй байвал хуучин цавууг дэвтээнэ. Юуны түрүүнд аюулгүй байдлыг хангасан байна, яагаад гэвэл та ус болон өөр бусад шингэн бодис хэрэглэж байгаа, өөрөөр хэлбэл цахилгаан, залгуурыг салгах хэрэгтэй. Ханын цаас хуулсны дараах цэвэрлэгээний ажилд дахин цаг үрэхийг хүсэхгүй байгаа бол плинтусны хүрээнээс 40-50 см-т гялгар уут шаландаа наагаарай.
Хуучин ханын цаасаа бүлээн усаар (угаалгын шингэн бодис хийсэн байна) норгоорой. Усыг сайн шингээхийн тулд цаасыг урьдчилан хутгаар хэд хэдэн газар зүссэн байвал зохилтой. Хэт их талбай норгох хэрэггүй, яагаад гэвэл өмнөх цаасаа хуулж байх хооронд үлдсэн талбай хатаж эхэлнэ. Дэвтсэн цаас хусуураар маш амархан салах ёстой.
Ханын цаас салгах бас нэгэн үр дүнтэй арга бол – норгосон цаас тавьж индүүдэх. Халуун уур цавууг дэвтээж зөөллөнө. Ханын цаасыг хэсэг амраагаад хусуураараа хусаж салгана. Энгийн арга үр дүнгээ өгөхгүй байгаа тохиолдолд ханын цаасыг хэрхэн салгах вэ? Энэ тохиолдолд тусгай химийн бодис ашиглаж болно. Бодисыг порлоноор цаасанд түрхэх эсвэл шүршдэг саваар ханын цаасандаа цацна. Бодис цавуунд нэвтрэн орж бүтцийг нь гэмтээдэг. Ингээд л салахгүй байгаа хуучин ханын цаасыг амархан хуулж авах боломжтой болно.