Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар Газрын багц хуулийн төслийг хэлэлцүүлж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Газрын багц хуульд Газрын ерөнхий хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Кадастрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулиуд багтаж байна. Газрын
тухай хууль 2002 онд батлагдан хэрэгжиж эхэлсэнээс хойш 20 жил өнгөрсөн бөгөөд бусад хууль батлагдсантай холбогдуулан Газрын тухай хуульд нийтдээ 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон.
Монгол Улсын нийт 60 гаруй хуульд газрын талаарх зохицуулалт, 200 орчим захиргааны хэм хэмжээний актаар мөн газрын харилцааг зохицуулж байгаа нь газрын хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг бий болгож, иргэд, олон нийтэд ойлгомжгүй байдлыг үүсгэсэн, мөн нийгмийн шинэ харилцааг зохицуулах эрх зүйн орчин шаардлагатай болсон.
Газрын багц хууль батлагдсанаар Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан шинээр олгох газрыг төлөвлөх, газар зохион байгуулалтын төлөвлөлтийн бүх шатны баримт бичигт салбарын яам, агентлаг болон иргэд, олон нийтээс санал авах, газрын нэгдсэн төлөвлөлт, бүртгэлээр дамжуулж салбар хоорондын уялдааг хангах, төрөөс олгосон газар өмчлөх эрх болон газрын хязгаарлагдмал эрхтэй иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрхийг хамгаалж, газар олгох, бүртгэх, гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэйгээр зохион байгуулагдана.
Мөн иргэн, хуулийн этгээд газрын цахим биржээр дамжуулан газар авах, арилжаалах болон Монгол Улсын иргэн өмчилж авсан газраа Монгол Улсын хуулийн этгээдэд газрын хязгаарлагдмал эрхээр шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, төрийн өмчийн газрыг Иргэний хуулийн суурь эрхийн зохицуулалттай нийцүүлэх иргэн, хуулийн этгээдэд тодорхой зориулалт, хугацаагаар шилжүүлэх, гэрээгээр ашиглуулах боломж бүрдэж, нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчлөгчтэй барилгын доорх газрын эрхийг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхийг олгох боломж бүрдэх юм.