О.Одбаяр: Хөшгийн хөндийд 58 мянган ажлын байр шинээр болно гэсэн урьдчилсан тооцоо гарсан
Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах чиглэлээр өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас ямар шийдвэрүүдийг гаргаад байна вэ. Одоо ямар ажил үргэлжилж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аас Хөшигийн хөндийд “Шинэ зуун мод”, “Майдар” хотыг байгуулах тухай шийдвэр гарч байсан. Дээр нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийн дагуу Төв аймгийн Сэргэлэн сум, Зуун модыг оруулаад дөрвөн хэсэг газарт дөрвөн шинэ хот байгуулах төлөвлөлтийг анх тус тусад нь хийсэн байсан юм. Хотууд хоорондоо 8-15 километрийн зайтай ойр байрлаж байгаа учраас төлөвлөлтийг нь нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, нэгдсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, хот байгуулалтын концепцийг 2021 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж, улмаар дэмжигдсэн. Нэгтгэснээрээ нэг нутаг дэвсгэрт, нэгдсэн инженерийн шугам сүлжээний шийдэлтэй цогц хот болон хөгжих боломж бүрдэх юм. Одоо нэгдсэн төлөвлөлтийн концепцийг боловсруулах ажил үргэлжилж байна. Оны эхний Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Мөн шинэ оны өмнөхөн Хөшигийн хөндий дэх бүтээн байгуулалтын ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 111 дүгээр захирамжаар байгуулаад байна.