Г.Цогтсайхан: 2022 онд 14 сумын инженерийн дэд бүтцийг шийднэ
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” хэлэлцүүлгийн үеэр БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-2022 онд хэдэн сумын инженерийн дэд бүтцийг шийдэх вэ. Улсын төсөвт хөрөнгө мөнгө суулгасан уу?
- Засгийн газрын 161 дүгээр тогтоолоор Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж төсөл батлагдсан. Монголын 360 гаруй суманд сая гаруй хүн амьдарч байна. Тэдэнд зориулсан төсөл юм. Түүнчлэн төвлөрлийг бууруулах, сумандаа ая тухтай амьдрах зорилготой. Дундговь аймгийн Гурвансайхан, Баянхонгор аймгийн Өлзийт, Төв аймгийн Бүрэн сум жишиг сум болж байгаа. Чиглэл чиглэлээр туршлага судалж байна.
2022 оны улсын төсөвт 14 сумын инженерийн дэд бүтцийг шийдэхэд 84 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Үүний дагуу ажил эхлээд явж байна. Төсөл эхлэхийн өмнө зураг төсөв, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагддаг. Зураг төсвийн хувьд сумдад өндөр төсөв гардаг. Бүх сумын асуудлыг нэг төсвөөр бүрэн шийдэж чадахгүй. Үндсэн эх үүсвэр болох цэвэрлэх байгууламж, халаалтын зуухыг барьж, нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, айл өрхийн тодорхой хувийг холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингээд жишиг авч орон нутгийн төсвөөсөө өөрсдөө цааш нь бага багаар ажлаа үргэлжлүүлэх боломжтой.
-Дэд бүтцийн асуудлаар хамгийн хоцрогдолтой байгаа нь аль аймаг вэ. Юунаас болж дэд бүтцийн асуудлыг нь шийдэж чадахгүй өдийг хүрч байна?
-1990 оноос өмнө 330 суманд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийгээд, хэрэгжүүлээд дууссан. Ихэнх нь дэд бүтэц холбогдсон байсан. Харин одоо дийлэнх сумдад дэд бүтэцгүй болоод байна. Эрчим хүчний яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд халаалтын зуухыг нь хувийн байгууллагаар хийлгэж байгаа. Дэд бүтцийн ажил тасарч байгаа нь хөрөнгө оруулалттай холбоотой. Дэд бүтцийн ажил хийхэд хөрөнгө оруулалт маш их шаарддаг. Гэхдээ хөрөнгө мөнгийг нь шийдээд хийчихвэл ач холбогдол маш өндөртэй. Улс орон, сум суурин газрын хөгжлийн гол үндэс суурь.
-Дэд бүтэц гэхээр хүмүүс ус, халаалт гэж ойлгох гээд байдаг. Хөрөнгө оруулалтаар яг ямар ажлыг хийх вэ?
-Дэд бүтэц гэхээр хоёр янз байна. Нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжууд бий. Сургууль, цэцэрлэг эмнэлэг гээд. Инженерийн дэд бүтэц гэхээр халаалт, дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус орж ирнэ.
-Суманд амьдарч байгаа иргэд байшин руугаа төвийн шугам холбоод, тав тухтай амьдрахыг зорьдог. Энэ чиглэлийн ажлыг хийх үү?
-Яг л энэ ажлыг хийхийг зорьж байна. Суманд амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарт нөлөөлөхүйц дэд бүтцийг бий болгохыг зорино. Суманд ерөнхий том шугам сүлжээг тавьж өгнө. Айл өрх болгоны гэр рүү оруулж өгөх боломжгүй. Төв шугамд айл өрхүүд холбогдох боломжийг бүрдүүлнэ. Өөрсдөө зохион байгуулалтад ороод, гэр рүүгээ татах шугамынхаа зардлыг гаргаад, холбогдох боломжтой болно гэсэн үг.