Хашаандаа зүлэг тарьж сурцгаая
Хаврын урь орж, модод нахиагаа дэлгэж, өвс ногоорох цаг айсуй. Тэгвэл хаврын сард хашаагаа чимэх зүлэг, мод тарих нь хүн бүрийн хийх ажил байх ёстой юм. Тэгж байж бид орчноо чимэж, хотынхоо агаарын бохирдлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж чадна. Тиймээс хашаандаа хэрхэн зүлэг, мод тарих зөвлөмжийг хүргэж байна.
Хүмүүс тахир, муруй содон зам сонирхдог болсон
Хүний амьдралын хамгийн чухал зүйлийн нэг нь амьдрах орчин. Хэр тохилог, таашаалдаа нийцсэн газар амьдрана тэр хэмжээгээр сэтгэл ханамж 100 хувь байна. Тэгвэл хашаандаа цэцэрлэгт хүрээлэнтэй болохын тулд хамгийн эхний анхаарах зүйл бол зураг төсөл гэж зөвлөх Г.Бат-Оргил хэлсэн юм. Гэхдээ зураг төсөл гэхээр барилгын, нарийвчилсан гэж ойлгох хэрэггүй. Өөртөө тохируулаад, хамгийн хялбар амархан аргаар зурж болох юм.
Харин аль хэсэгт явган зам тавих, гэрэлтүүлгээ хэрхэн шийдэхээ тодорхой зурсан байх ёстой гэж тэрээр зөвлөв. Цааш нь “Явган зам тавихдаа 10х20 даацын хавтангаар хийвэл хамгийн тохиромжтой. Байгалийн боржин чулуугаар, эсвэл өөр материал ч ашиглаж болно. Энэ бол таны уран сэтгэмжээс шалтгаална. Явган замын хучлагаа тавьсаны дараа хайргаар дүүргээд зам болгож болох юм. Хүмүүс шулуун замаас илүү тахир, муруй содон хэлбэр бүхий зам талбай болон гадна тохижилтыг илүүтэй таашаах болсон” гэв.
Мөнх ногоон гацуур, нарс, арц хашаанд хамгийн үзэмжтэй харагддаг
Харин зүлэг тарихдаа олон наст үрийн сонгож хэрэглэ. Тарьсаны дараа арчилгааг сайн хийх шаардлагатай гэв. Цэцгийн мандал байгуулахдаа үрээр эсвэл үрсэлгээгээр суулгаж болох юм. Ногоон байгууламжийг төлөвлөж бүтээхдээ талбайн хэмжээнээс гадна ойг бүрдүүлэх ургамал, бут сөөг, модны бүрдлийг анхаарах шаардлагатай гэж Г.Бат-Оргил зөвлөж байна. Хүмүүс ихэвчлэн хашаандаа ургалт нь бага ч өнгөө хувиргадаггүй ногоон гацуур, нарс, арц сонгож тарьдаг болсон тухай тэрээр ярив.
Харин зүлэг тарих талбайн хөрсийг бэлдэхдээ дагтаршсан газрыг 15-20 см гүн ухаад, шинэ хар шороо нэмж жигд тараан, тармуураар тэгшлэх хэрэгтэй. Тэгшилж бэлэн болсон талбайн нэг захаас сул хөрсийг нягтруулан тэгшлээд 60-100 грамм үрийг жигд тараан цацаж дээрээс нь уулын хар шороо элсний холимогоор далд ортол нь зузаан цацаж дарна. Үүний дараа тэгш хавтангаар сайтар дарж үрийг хөрсөнд суулгаж өгнө. Ингэж бэлдсэнийхээ дараа шууд услах хэрэгтэй. Үүний дараа ил гарсан үрийг дахин хөрсөөр дарах шаардлагатай гэж зөвлөсөн. Ийнхүү таны тарьсан зүлэг 3-4 хоногт соёолж 7-14 хоногт ширдэг шиг ногоон зүлэгтэй болно.