“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.14 цагт эхэлж, “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Уг тогтоолын төсөлд Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах, уг бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг тусгасан юм. Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.
Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ. Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хууль тогтоомжоор Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах боломж хомс харагдаж байна. Хууль эрх зүйн орчныг өөрчлөх асуудлыг хэрхэн тооцож байгаа вэ. Чөлөөт бүс байгуулах нэг хэрэг. Гэтэл байгуулахаар олон арван хуулийг өөрчлөх хэрэгтэй болдог. Эрхзүйн тусгай дэглэмийн асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай нь харагдаж байна. Олон улсын санхүү, худалдааны механизмыг дэмжсэн зохицуулалтууд хэрэгтэй болно гэж харж байна хэмээлээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогтын хариулснаар, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй Чөлөөт бүсийн тухай хуулиар НӨАТ, гаалийн татвар, үл хөдлөх эд хөрөнгийн гэх мэт цөөхөн хэдэн татварын хөнгөлөлтийн зохицуулалт байгаа. Бусад улсуудын туршлагыг харахад Стратегийн тусгай бүсийн тухай хууль гаргаж эдийн засгийн чөлөөт бүс, тусгай бүсийн үйл ажиллагааг зохицуулдаг юм байна. Одоогийн Чөлөөт бүсийн тухай хуулиар бид бүхний тавьж буй урт, дунд хөгжлийн бодлогод тодорхойлсон транзит монгол буюу Монгол Улс тээвэр ложистикийн хааб /Hub/ болох, экспортлогч орон болох зорилтыг хангах бололцоо бага байна гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газрын түвшинд тодорхой ажлууд хийж байна. Хөшигийн хөндийн төсөл дээр “Жайка” олон улсын байгууллага судалгаа, техник туслалцааны тал дээр хамтран ажиллаж байна. Түүнчлэн Дэлхийн банк болон бусад хөгжлийн түншүүдээс энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээ авч, хуулийн шинэчлэл, стратегийн тусгай бүсийн тухай хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэлээ.
Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол, Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, олон улсын санхүүгийн төвийг бий болгохын тулд бие даасан хууль боловсруулж батлуулах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байгаа. Олон улсын жишиг, стандартын шаардлагад нийцүүлсэн хуулийн төслийг боловсруулан батлуулж чадвал стратегийн байрлалын хувьд Монгол Улс дэлхийн олон улсыг холбох санхүүгийн гүүр нь болох бүрэн боломж байгаа гэж Ерөнхий сайд онцолсон. Дэлхийн олон орон дахь чөлөөт бүсүүд хууль эрх зүйн таатай орчноороо өрсөлдөн, илүү боломжийг амлан дэлхийн том хөрөнгө оруулагчдыг татдаг. Тиймээс бид олон орны санхүүгийн төвүүдийн үйл ажиллагаа, хуулиудыг судлан ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн.
Эцэст нь Эдийн засгийн байнгын хороо дэмжсэн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.