Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 315 нэгж талбарын 24 га газрыг хамарсан “Оргил” төсөл өнөөдөр/2022.06.29/-ний өдөр нээлтээ хийлээ. Тус төслийг “Шинэ Барилга” ХХК гүйцэтгэж өнөөдөр эхний ээлжийн 126 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгч байна.
Төслийн инженерийн шугам сүлжээний талбарт хамрагдаж, эхний
ээлжинд газраа чөлөөлсөн айл өрхүүд өнөөдөр орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн “Оргил” төсөл нь гэр хорооллын газрыг чөлөөлж, барилгажуулах ажлын хүрээнд төслийнхөө "А" талбарын 12 га газарт 31 блок 1953 айлын, "Б" талбарынхаа 12 га газарт 28 блок 1764 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 2028 он хүртэл үргэлжлэх хамгийн том төсөл юм. Тус төсөл нь батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууцны барилгаас гадна Ногоон байгууламж, Худалдаа үйлчилгээний төв, Эмнэлэг, Сургууль, Цэцэрлэгийг цогцоор нь байгуулж, нийслэлийн жишиг хороолол болно.
Нийт 24 га газрын 10,9 га талбайг барилгажуулж, ногоон байгууламж, мод бут, зүлэгт ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай зэрэг жишиг хорооллын бүхий л хэрэгцээг хангахаар ажиллаж байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн нээлтэд БХБЯ-ны Орон сууц санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд оролцлоо.