Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг хоёрдахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Чуулганы үеэр “Тогтвортой санхүүгийн долоо хоног-2023 (ТоС долоо хоног)” олон улсын манлайллын хөтөлбөр, өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг 2023 оны 06 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болно.
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган” нь бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулах, сайн туршлагаа солилцох, бодлого, арга хэмжээгээ харилцан уялдуулахыг зорилготой.
Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, төлөвлөсөн төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх юм.
Монгол Улсын хувьд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ээ хэрэгжүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах урьдчилсан тооцоолол гарсан. Энэ хүрээнд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэгээс багагүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв, хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар зорин ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы үеэр Монгол Улс тогтвортой санхүүгийн замын зургаа баталж, санхүүгийн салбар 2030 он гэхэд ногоон зээлийг эрс нэмэгдүүлэхээр болсон юм.
Түүнчлэн тогтвортой санхүүжилтийн зарчим, аргачлалуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулаад байна. Үүний зэрэгцээ арилжааны банкнууд олон улсын зах зээлд анхны ногоон бондыг амжилттай гаргасан бөгөөд “Ногоон санхжүүилт-Олон улсын чуулган”-ы үеэр дотоодын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бонд гаргахаар төлөвлөжээ.
“Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, БНХАУ-ын Санхүү, тогтвортой байдлын институт, Олон улсын санхүүгийн корпораци, Олон улсын тогтвортой банк санхүүгийн холбоо, Худалдаа хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.