Барилга хот байгуулалтын сайд Азийн хөгжлийн банкны Монгол дах суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш өнөөг хүртэл 30 гаруй жилийн хугацаанд 3 тэрбум гаруй ам долларын зээлийг Монгол Улсын Засгийн газарт, мөн 335.7 сая ам долларын буцалтгүй тусламж, 182.1 сая ам долларын зээлийг хувийн аж ахуйн нэгжүүдэд, 187.1 сая ам долларын техник туслалцааны
санхүүжилтийг тус тус олгож, ус хангамж, хотын дэд бүтэц, үйлчилгээний салбарын нийт 43 төсөл арга хэмжээнд зарцуулсанд талархалтай байгаагаа ирэлхийлэв. Мөн Сэлбэ, Баянхошуу зэрэг 6 дэд төвийг байгуулах төсөлд хамтран ажиллаж байгаад талархая гэлээ.
Дээрх төслүүд Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн дэд бүтэц хүрэлцээгүй, төвлөрсөн шугам сүлжээний дутагдалтай хэсгийг инженерийн дэд бүтцэд холбоход үр дүнтэй, оновчтой шийдэл болж байгааг мөн онцлон тэмдэглэв. Түүнчлэн Азийн хөгжлийн банкнаас баримталж буй шинэ бодлогын хүрээнд нүүрс ашигладаг технологийг дэмжихгүй, санхүүжүүлэхгүй байх шийдвэрийг гаргасантай холбогдуулан цаашид уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний холимог эх үүсвэрээр дулаан хангамжийг шийдэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд тодорхой бүтээн байгуулалтын төсөл эхлүүлэх сонирхолтой байгаагаа Барилга, хот байгуулалтын сайд илэрхийллээ.
Нийгмийн дэд бүтцийн дээрх саналуудын хүрээнд санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, Орхоны хөндийн шинэ Хархорум хотын бүтээн байгуулалт, “Хөшигийн хөндий дэх шинэ ухаалаг хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалт, Эрчим хүчний нөөцлүүр, Дулаан алдагдалтай орон сууцнуудыг дулаалах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгох талаар талууд зөвшилцөж, санал солилцов.