Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн аманд 2728 нэгж талбайг чөлөөлөх шаардлагатай гэв
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Хурлаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн дөрвөн ам буюу Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийн газар ашиглалтын байдлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан юм.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 26 амны зуслангийн бүсэд нийт 53,505 нэгж талбар бүртгэлтэй. Эдгээрт ерөнхий төлөвлөлт хийж эхэлсэн бөгөөд Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлхийнх дуусжээ. Дээр дурдсан дөрвөн байршилд 2225 иргэн байнга, 18,711 иргэн түр оршин суудаг.
Хуурай мухарын аманд л гэхэд 605 хашаа, 630 барилга байгаа бөгөөд замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 431, сургууль, цэцэрлэгийн барилгын хэрэгцээнд чөлөөлөх шаардлагатай 25 нэгж талбар байна. Харин Бэлхийн аманд 1844 хашаа, 1241 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 988 нэгж талбар байгаа бол Жигжидийн аманд 1510 хашаа, 2288 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 951 нэгж талбар буй. Тэгвэл Шадивлангийн аманд 1988 хашаа, 630 барилга, замын трасс, орц, гарц гаргах нөлөөлөлд өртсөн 767 нэгж талбар байгаа юм.
Зуслангийн бүсэд төлөвлөлт хийснээр газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, орц, гарц гаргах, сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэх боломж бүрдэнэ. Цаашид зуслангийн энэ дөрвөн аманд 39.5 км авто зам, 38 км явган зам, 19 км дугуйн зам, орц, гарц гаргах чиглэлд 170 км чулуун зам тавих боломжтой гэдгийг онцолж байлаа. Мөн төлөвлөлт хийснээр иргэдийн маргааныг шийдвэрлэхээс гадна ногоон байгууламжийг ч нэмэхээр тооцоолжээ. Бэлхэд 8.6 км, Хуурай мухард 5.7 км, Жигжидэд 4.7 км, Шадивланд 5.4 км явган зам тавих, мөн ууланд алхах маршрутыг ч төлөвлөсөн байна. Түүнчлэн дээрх дөрвөн амны хэмжээнд 2728 нэгж талбарыг өөрчлөх шаардлага тулгарч байгааг хэлж байлаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дөрвөн амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийг холбогдох хууль, журамд нийцүүлэн хэрэгжүүлэн, зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.