Ямар ч мөнгө зарцуулахгүйгээр интерьер дизайнаа шинэчлэх зөвлөгөө

Ямар ч мөнгө зарцуулахгүйгээр интерьер дизайнаа шинэчлэх зөвлөгөө

Ямар ч мөнгө зарцуулахгүйгээр интерьер дизайнаа шинэчлэх зөвлөгөө

Тавилга болон декоруудын байрлал нь аливаа өрөөний уур амьсгалд шууд нөлөөлж байдаг. Өрөөнүүдийнхээ интерьерийг өөрчлөхөд заавал үнэтэй тавилга, сүүлийн үеийн технологиуд шаардлагагүй.  Аливаа жижигхэн өөрчлөлт, шинэчлэлтүүд гэрийн чинь интерьер дизайнд таны төсөөлснөөс ч илүү гайхалтайгаар нөлөөлж чадна. Хэрэв та ямар ч мөнгө зарцуулахгүйгээр богино хугацаанд гэрийнхээ уур амьсгалыг өөрчилж, тав тухтай, гэгээлэг бөгөөд шинэлэг мэдрэмжийг авахыг хүсвэл дараах зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй. 

Тавилгуудынхаа байрлалыг өөрчлөөд үз 

Тавилгуудынхаа байрлалыг өөрчлөх нь хамгийн энгийн боловч гэрийн тань орчин, уур амьсгалд асар том өөрчлөлтийг бий болгох хүчтэй. Тиймээс дүрэм, журамд баригдалгүй, өрөөнүүдээ илүү бүтээлчээр харж, жижиг гэлтгүй тавилгуудаа өөр газар байрлуулах хэрэгтэй. Тавилгуудыг өөрчлөх, сэлгэхийг зоригтой туршиж үзээрэй. Дуртай сандлаа унтлагын өрөөнөөсөө авч, зочны өрөөнийхөө цонхны хажууд тавих.  Зарим чимэглэлүүдээ өөр газар байрлуулах. Эсвэл ширээнийхээ байрлалыг багахан янзлах гэх мэт энгийн өөрчлөлтүүд байнга хардаг нэгэн хэвийн орчныг тань шинэчилж, танд цоо шинэ бөгөөд таатай мэдрэмжийг төрүүлэх болно. 

Номын тавиуруудаа шинэчлэн янзал 

 Хэрэв та өрөөндөө номын тавиуртай бол түүнийгээ илүү чамин, бүтээлч байдлаар янзлах нь тухайн өрөөний уур амьсгалыг өөрчлөхөд чухал нөлөөтэй байдаг. Номнуудаа хөндлөнгөөр болон босоогоор нь байрлуулж,  илүү шинэлэг хэв маяг оруулах. Эсвэл жижиг ургамлууд байрлуулж, илүү органик мэдрэмжийг бий болгох ч боломжтой. Мөн хүсвэл номнуудаа ижил өнгөөр нь дагнан өрөх, дуртай зураг эсвэл ваар гэх мэт декоруудыг байрлуулж, таныг илэрхийлсэн өвөрмөц  хэв шинж бүрдүүлэх ч гайхалтай санаа.  Гэхдээ хэтрүүлэн чимэглэхгүй байхад анхаараарай. Төгс зохицлыг үүсгэх нь л хамгийн чухал.  

Тавилгуудаа хананаасаа холдуул 

Ихэнх хүмүүс шинэ байшин, байранд нүүж ороод л буйдан, шүүгээ, ширээ зэргээ хана руугаа шахаад байрлуулчихдаг.  Ингэснээр бид зайгаа зөв ашиглаж байна гэж боддог боловч интерьер дизайнерууд үүнийг үр дүнтэй санаа гэж үздэггүй байна.  Бүх тавилгуудаа хана руугаа шахаж  байрлуулах нь эсрэгээрээ тавилга багатай, хоосон мэт мэдрэмжийг төрүүлдэг. Харин тавилгуудаа хананаасаа холдуулж байрлуулснаар тухайн өрөөг илүү зайтай харагдуулах бөгөөд таныг анхааралтайгаар бодож, төлөвлөж тавилгуудаа байрлуулсан гэдгийг харуулдаг. Тийм учраас та буйдангаа хананаасаа холдуулж, зочны өрөөнийнхөө төв хэсэг рүү байрлуулаад, өрөөний тань ерөнхий бүтэц, мэдрэмж яаж өөрчлөгдөхийг хараарай.

Зургуудаа сэлгэж өөрчил 

Орчноо өөрчлөх хамгийн их нөлөөтэй мөртлөө амархан арга юу гээч. Ханан дахь зургуудаа сэлгэж өөрчлөн шинэ өнцгөөс харуулах. Байнга нэг газраа өлгөөтэй байдаг зургуудынхаа байрлалыг сольж, эсвэл шинэ газар өлгөж үзээрэй. Энэ далимд зургуудаа арчаад цэвэрлэчихэж бас болно. 

Хээрийн цэцэг, мөчир зэргийг ашиглаж гэртээ байгалийн чимэглэл нэм 

Цэцэг нь орчныг гэрэлтүүлж, байгаль дэлхийг гэртээ мэдрэхэд тусалдаг. Шинэхэн цэцэгсээ өндөр шилэн вааранд хийгээд л маш хялбархнаар натурал бөгөөд гэгээлэг орчныг гэртээ бүрдүүлчихлээ гэсэн үг. Хүсвэл өвөрмөц чулуу, нарсны боргоцой зэргийг түүж, шилэн сав, тавганд хийгээд, өөр нэгэн үзэсгэлэнтэй чимэглэлийг бүтээж болно. Хамгийн гайхалтай нь та цэцэг, мөчир зэргийг түүхээр гарах далимд гэр бүлтэйгээ байгальд хамтдаа цагийг өнгөрүүлэх боломжтой.  

  Зурагтынхаа байрлалыг өөрчил 

Аливаа өрөөний нэг хэсэгт зурагтаа байрлуулахад, тэр хэсэг нь аяндаа бүхий л анхаарлын төв болж хувирдаг.  Ингэснээр өрөөний бусад интерьер дизайн тийм ч их анхааралд өртдөггүй байна.  Зарим хүмүүс зурагтаа авч, оронд нь том уран зураг болон бусад декорыг байрлуулдаг. Харин та заавал тийм том өөрчлөлтийг хийх албагүй. Ердөө л өрөөнийхөө өөр хэсэгт зурагтаа байрлуулснаар /буйдан, сандлаа мөн нийцүүлэн байрлуулах/ өрөөний тань ерөнхий функц шинэчлэгдэх болно.  

Дэрнүүдээ хооронд нь соль 

Заавал шинэ дэр, зөөлөвч худалдан авах шаардлагагүй. Одоо байгаа дэрнүүдээ хооронд нь сэлгэж солих нь өрөөнийхөө декорыг өөрчлөх энгийн хэдий ч үр дүнтэй арга.  Зочны өрөөний дэрнүүдээ унтлагын өрөөндөө байрлуулах гэх мэтээр солих нь жижиг өөрчлөлт мэт боловч өөр орчинд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх нь бий. Мөн өрөөний уур амьсгалыг тодорхой хэмжээгээр өөрчилж чаддаг.