Зүлэг тарих заавар зөвлөгөө
Та юуны түрүүнд зүлэг тарих талбайн хөрсийг бэлтгэх хэрэгтэй. Зүлэг тарих талбайн хөрсийг бэлтгэхийн тулд дагтаршсан газрыг хүрз, жоотуу, тармуураар 15-20 см гүн ухаж том чулуу, дунд зэргийн чулуу, зэрлэг ургамалын үндэс зэргийг шигшин авах хэрэгтэй. Үүний зэрэгцээ үржил шимт шинэ хар шороо нэмж жигд тараан тарих газрыг тармуураар тэгшлэх хэрэгтэй байдаг.
Гэрийн ногоон байгууламжийг зүлэгжүүлэх зорилгоор олон наст ургамлыг тариалсан тохиолдолд байнга усалж байх шаардлагатай бөгөөд хөрсний гадарга тэгш биш байвал ус тогтохгүй алдагдах болно. Зарим налуу газрын талбайг тариалалтад бэлтгэхдээ шатлан бэлтгэх арга байдаг. Зүлэг тарих талбайн хэмжээнээс хамаарч техникээр болон гар ажиллагаагаар хөрсийг боловсруулж, элсжүүлэн хөнгөн бүтэцтэй болгож, хар шороо нэмж бууцаар бордож талбайг засна.
Тэгшилж бэлэн болсон талбайн нэг захаас 1м2 талбай бүрийг дахин хавтгай мод тавин дарж сул хөрсийг нягтруулан тэгшлээд 60-100 грамм үрийг жигд тараан цацаж дээрээс нь уулын хар шороо болон элсний холимогоор үрийг далд ортол /үр ил гарахгүй байхаар/ буюу 1-2 см зузаан цацаж дарна. Дараа нь тэгш хавтангаар сайтар дарж үрийг хөрсөнд суулгаж өгнө. Гэхдээ практик дээр m2 бүрийг хавтгай мод тавин дарах нь хэт их ажиллагаатай байдаг тул заавал тэгэх шаардлагагүй юм.
Энэ мэтээр 1м2 талбай бүрээр хөөн тарилгыг нягт нямбай хийсээр нийт талбайд хийж дуусгана. Үрээ суулгасны дараа бороожуулагч хошуутай усалгааны хоолойгоор /даралттай усаар/ жигд бороожуулж усална. Бүдүүн усалгааны хоолойгоор юм уу, хувингаар усалбал газар нь эвдэгдэж үр нь хуурай хөрснөөс ил гарах бөгөөд нэг удаа усанд сайн дэвтсэн үр буруу усалсанаас болоод хөрснөөс ил гарвал хатаж дахин сэргэж ургах боломжгүй. Иймээс усалсны дараа ил гарсан үрийг дахин хөрсөөр дарж өгөх хэрэгтэй. Ингээд л тарьсан зүлэг тань 34 хоногт соёолж, 7-14 хоногт та ширдэг шиг ногоон зүлэгтэй болсон байх болно.