Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв 2022.07.20-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БХБЯ-ны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг, Барилгын хөгжлийн төвийн Зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал нар үнийн өсөлтийг
тооцох магадлалын талаар мөн цаг үеийн бусад асуудлын хүрээнд мэдээлэл өглөө.
Хэвлэлийн бага хурлын эхэнд Улсын Их Хурлын 88 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртөг /барилгын материалын үнэ/-ийн өөрчлөлтийг тооцож, магадлах ажлын явцыг танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нар /16 яам, бусад 8 төсвийн ерөнхийлөн захирагч/-аас 1153 төсөл, арга хэмжээний санал хүлээн авч, улсын төсвийн бус эх үүсвэртэй болон төсөл, арга хэмжээний давхцал зэргээс шалтгаалсан 31 төсөл, арга хэмжээг хасч, 1122 төсөл, арга хэмжээний жагсаалтыг эцэслэн баталсан. Тус жагсаалтаа эцэслэн 851 төсөл, арга хэмжээнд магадлал хийхээс өнөөдрийн байдлаар 534 төсөл, арга хэмжээний 274.3 тэрбум төгрөгийн зөрүү магадлалаар баталгаажаад байна.
Үлдсэн 317 ажлаас 93 төсөл, арга хэмжээ нь баримт бичгийн иж бүрдэл дутуу, хоцорсон, 224 төсөл, арга хэмжээ мэдээлэл огт ирүүлээгүй байна.
“Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дээрх хоцорсон болон ирүүлээгүй төсөл, арга хэмжээний баталгаажуулалт болон магадлалын үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Иймд үлдсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон ТЕЗ нараас гүйцэтгэлийн тоо хэмжээгээ баталгаажуулж “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-т 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө яаралтай хүргүүлэхийг мэдэгдэж байна.
/Жич: Ажлын болон амралтын өдрүүдээр төсөл, арга хэмжээний баталгаажуулалтыг хүлээн авна/