Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Тика-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газрын хөтөлбөр зохицуулагч Муслу Алиг хүлээн авч уулзан, Монгол Улсын хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын салбарт хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.
Ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж буй томоохон төслүүд, ялангуяа хот төлөвлөлт, барилгажилт, зам гүүрийн бүтээн
байгуулалтууд, аймаг сумдын хөгжил, орон сууц, дэд бүтцийн бодлого, иргэдийн амьдрах таатай орчныг бий болгох тал дээр Турк Улсын төр хувийн хэвшилтэй хамтран ажиллахыг бүх талаар дэмжинэ гэдгээ сайд Ж.Батсуурь уулзалтынхаа үеэр илэрхийлэв.
Мөн Турк Улсад хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын чиглэлээр оюутан сурагчдыг сургах, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх салбарын яам, орон нутгийн албан хаагчдыг туршлага судлуулах, давтан сургах тал дээр хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.