Барилгын салбарын технологийн нэг гол дэвшил нь "BIM" буюу салбарын мэдээллийн нэгдсэн сантай болох явдал билээ. Тодруулбал зураг төсөл боловсруулагчид, барилга угсралтынхан, барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, төсөвчид, гүйцэтгэгч нар, тусгай зөвшөөрөл олгогч ТББ-ууд гээд салбарын бүх талын оролцогчдыг нэгтгэсэн цахим бааз буюу дотоод сүлжээ байгуулж, бүгд
дундаа ашиглахыг ВIM систем гэнэ. “BIM” нэвтрүүлснээр барилгын салбар бүрэн цахимжиж, төсөвт өртөг, байгаль орчин, эрчим хүчний үр ашиг зэргийг харгалзан илүү оновчтой, зөв төлөвлөлт, угсралт, материал сонголтыг хийх нөхцөл бүрдэх юм.
Иймээс Барилгын салбар 2015 оноос эхлэн “BIM” нэвтрүүлэх зорилгоор салбарынхнаа шаардлагатай сургалт, мэдээллээр хангаж, 2017 оноос хойш шаардлагатай стандартуудыг үе шаттайгаар батлуулж, өнгөрсөн 2022 онд 3 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж ажилласан. Өнөөдөр /2023.02.02/-ны өдөр зохион байгуулж буй “BIM FORUM-2023” хэлэлцүүлгийг “Барилгын мэдээлэлтэй загварчлал”-ыг улс орондоо нэвтрүүлсэн туршлагатай улс орны төлөөлөл болох БНСУ, Сингапур улсын зөвлөхүүдийг оролцуулан туршлага судлах, мэдээлэл солилцох зорилгын дор зохион байгуулж байна.
Тус форумыг Барилга, хот байгуулалтын яамнаас зохион байгуулж, форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, "Билдингсмарт Монгол" ТББ, “Монголын барилгын инженерүүдийн холбоо”, “Монголын барилгын үндэсний ассоциаци” “Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын нийт 160 гаруй төлөөлөл оролцлоо.
Форумыг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо нээж, үг хэллээ.
Тэрбээр "БИМ гэдэг дотоод сүлжээ салбараараа хөдөлж байж хэрэгжих онцлогтой зүйл. Салбарын бүх талын оролцоо жигд байж бодит байдлаар ажиллах систем. Зургийн компаниуд мэдээлэлээ БИМ сүлжээрүүгээ оруулаад байдаг нөгөө талдаа захиалагч юмуу, гүйцэтгэгч тал нь хэрэглэхгүй бол үр дүнгээ өгөхгүй гэдгийг тодотголоо. Тиймээс цаашид яамны зүгээс аж ахуй нэгжүүдэд “BIM” нэвтрүүлэхэд онцгойлон анхаарч, барилгын салбарын цахим засаглалд шилжих бодлого, үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Ингэснээр энэ системийг нэвтрүүлж, салбар маань шинэ шатанд гарна. Бидний өдөр тутам тулгардаг янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэхэд гол дөхөм болно. Мөн цаг хугацаа хэмнэнэ, мөнгө хэмнэнэ, дээр нь барилга чанартай болох давуу талууд бүрдэнэ" гэлээ.
Форумаар "Нийгэм, эдийн засгийн салбарын цахим шилжилтэд мэдээллийн технологи нэвтрүүлэх үйл ажиллагаа", "BIM-Барилгын Мэдээлэлтэй Загварчлалын Road map боловсруулах төсөөлөл, road map боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар", "BIM-ийн олон улсын хэрэглээ, нэвтрүүлсэн туршлага", "Сингапур улсын BIM-ийг нэвтрүүлсэн туршлага, хэрэглээ", "BIM-Барилгын Мэдээлэлтэй Загварчлалын танилцуулга" "BIM ба AI", "BIM нэвтрүүлсэн туршлага", "BIM програмуудын хамтран ажиллах аргачлалууд", “Үүлэн технологи дээр суурилсан Estimator Cloud төсвийн программ", "BIM интеграци”зэрэг илтгэлүүд тавигдаж, асуулт хариулт болон хэлэлцүүлэг өрнөлөө.