Барилга, хот байгуулалтын сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.03.27/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг танилцуулав.
Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
-Он гарснаас хойш ипотекийн зээлийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлж, нийт
1398 зээлдэгчид 143.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгов.
-Ипотекийн хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх хүрээнд Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан Ажлын хэсэг байгуулж, ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг Засгийн газарт шилжүүлэх Засгын газрын тогтоолын төслийг бэлтгэж байна.
-Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал багатай, төвлөрсөн бус инженерийн хангамж бүхий орон сууц, технологийг танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлэх, дэмжих зорилгоор Дэнжийн 100-д байрлах Хайбрид хаустай танилцав.
-Улаанбаатар хотын гэр хорооллын инженерийн дэд бүтцийн хангамжийн хүрэлцээгүй байдал, төвлөрсөн шугам сүлжээний дутагдалтай хэсгийг сэргээгдэх эрчим хүчний холимог эх үүсвэрээр хангах чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран дэвшилтэт технологийг ашигласан жишиг төсөл боловсруулж, гэр хорооллын сонгосон байршилд хэрэгжүүлэхээр харилцан тохирлоо.
-Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-импортын банк болон Сөүлийн Үндэсний Их Сургууль, "Хан-а" хот төлөвлөлтийн хүрээлэнтэй хамтран “Орлогод нийцсэн түрээсийн орон сууц хөгжүүлэх стратеги боловсруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх тэмдэглэлд гарын үсэг зурж, гарааны уулзалтыг хийв.
-БНСУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжих Орхоны хөндийн шинэ Хархорум хотын ТЭЗҮ боловсруулах төслийн Солонгосын багтай хийх техникийн уулзалт, мэдээлэл судалгаа, газар дээр нь очих ажлын бэлтгэлийг хангав.
-“Монгол улсын иргэнд 2023 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2023 оны 3 дугаар сарын 22-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан
-Газрын багц хуулийн төсөлд олон нийтээс өгсөн 3700 гаруй саналыг нэгтгэн томъёолж тусгах ажлыг ГЗБГЗЗГ-тай хамтран зохион байгуулав.
-Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг шинэчлэх судалгааны ажлын хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд оролцогч зураг төслийн аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал авав.
-Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний зохицуулалт, Хаягжуулалтын хуулийн төслийг тус тус боловсруулан ажиллаж байна.
“Сэлбэ сэргэлт” төслийн зураг төсөл боловсруулах ажлын үнийн тооцоолол болон зургийн даалгаврын төслийг нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж байна.
“Ногоон нуур - 1008 айлын орон сууцны төсөл”-ийн нэгж, Ерөнхий гүйцэтгэгчидтэй барилгын ажлын бэлтгэл, материалын татан авалт, ажил гүйцэтгэх төлөвлөгөөний талаар хэлэлцэв.
Арматурын чанар аюулгүй байдлын шалгалтыг зохион байгуулж, лабораторийн шинжилгээний харьцуулсан дүнг гаргуулахаар хүлээж байна.
Дээрх болон бусад хийж хэрэгжүүлсэн ажлын хүрээнд сайд Ц.Даваасүрэн яамны харьяа байгууллага, төслийн нэгжүүдэд удааширч байгаа болон шийдвэрлүүлэх шаардлагатай яаралтай асуудлууд байгаа эсэхийг тодруулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого, үйл ажиллагааны хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
- Барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, норм нормативыг хангуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллах,
- Шинэчилж, өөрчилж буй дүрэм, журам, нормын сангийн төлөвлөгөөг танилцуулж, сайдаас чиглэл авах,
- Арматур, цементийн нөөцийн судалгааны дүнг гаргаж, шуурхай танилцуулах
- "Сэлбэ сэргэлт" төслийн зураг төсөл, үнийн тооцоолол, бусад бэлтгэл ажлыг түргэвчилж, ажлын даалгаварыг удаахгүй байх,
- Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх төслийн ажлыг шуурхайлж, байршлууд дээр онцгой анхаарах,
- Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барилга, байгууламж барьсан зөрчилд зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авч, ажлыг нь зогсоох,
- Дотоод аудитын шалгалтыг сайжруулж эрчимжүүлэхийг үүрэг болгов.