Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.09.15/ гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах “Эко Яармаг-1” төслийн явцтай газар дээр нь очиж танилцан, төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллага, компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар хэсэгт байрлах гэр хорооллыг барилгажуулах энэхүү төслийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, “Түм Арвижих” ХХК, “Улаанбаатар автозам, барилга констракшн” ХХК хамтран
хэрэгжүүлнэ.
Нийтдээ 1800 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг, 250 автомашины ил зогсоол, 1780 айлын дулаан зогсоол баригдахаар төлөвлөснөөс гадна ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай бүхий тохижилт нь нийт төслийн талбайн 50 хувь байна. Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг чиглэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор энэхүү дахин төлөвлөлт хийгдэх Хан -Уул дүүргийн 4 хорооны 8 дугаар хэсэг буюу Яармагийн замаас хойшоо "Хар хорин" худалдааны төв орчмыг чиглэн "Энхтайваны өргөн чөлөө" төв зам руу нэвтрэн холбогдох шинэ зам гүүр барихаар төлөвлөжээ. Одоогоор гэр хорооллын айлуудын газар чөлөөлөлтийн ажил дуусах шатандаа орж, барилгын газар шорооны ажил эхлээд байна.