Б.Ариунхишиг: Гэр доторх агаар гадна орчны агаараас 4-6 дахин хортой
Дотоод орчны агаарын бохирдол буюу хүн амьдралынхаа 90 орчим хувийг өнгөрүүлдэг ажил, гэр, автомашин болон сургуулийн орчин дахь агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг “хор” бидний биет сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн их эмч Б.Ариунхишигтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Дотоод орчны агаарын бохирдол гэж юуг хэлэх вэ. Гадна орчны агаараас юугаараа ялгаатай юм бол?
-Олон жилийн судалгааны үр дүнгээс харахад хүүхэд болон насанд хүрэгсэд амьдралынхаа 90 гаруй хувийг гэр, сургууль, цэцэрлэг зэрэг дотоод орчинд өнгөрүүлдэг байна. Иймд дотоод орчны агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь ч тэр хэрээр өндөр байдаг.
Дотор агаарын чанар нь хүний амьсгал, сууцны дотор байгаа эд зүйлс, хоол хийх, угаалга зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанаас үүдэн байнга бохирдож байдаг. Тиймээс өрөөний бохирдсон агаарыг гадна агаараар сэлгэх шаардлагатай. Гаднаас цэвэр агаар оруулах, бохирдсон агаарыг гадагшлуулах замаар агаарыг сэлгэх хэрэгтэй юм. Эрүүл ахуйн шаардлагаар нэг хүнд 30м3/ц гадна агаар шаардлагатай байдаг. Орон сууцны барилгын хувьд агаар оруулах систем унтлагын өрөөнд, сорох систем нь гал зуух болон ариун цэврийн өрөөнд байдаг.
Оффис болон гэр доторх агаар хотын утаанаас 4-6 дахин, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байдгийг тогтоосон тухай нийслэлийн агаарын чанарын албанаас мэдээлсэн байдаг.
-Гэртээ агаарын солилцоо орсон байдлыг хэрхэн хэмжиж шалгах вэ?
-Агаар сэлгэлт муу байгааг шалгах хэд хэдэн үндсэн арга байдаг. Өвлийн улиралд дараах байдлаар шалгана.
- Цонхны шил цантдаг эсэх
- Хүйтний улиралд өрөөний агаарын харьцангуй чийглэг байнга 30 хувиас их байдаг эсэх
- Өрөө бүгчим, чийгтэй байдаг эсэх
- Гадна хана, хучилтын уулзвар цантдаг эсэх
- СО2 –ийн агууламж 1200 ppm-ээс их байх эсэхийг шалгана.
Тасалгааны чийгшил хэд хэдэн зүйлсээс хамаарна. Тухайлбал,
- Барилгын материал бүр агаараас өөртөө чийг татаж авдаг ба хуурай агаарт чийгээ алддаг чанартай
- Орон сууцны тасалгааны температур 18-22 градус байхад өрөөний агаарын чийгшил 40-60 хувь байхыг хэвийн гэж үзнэ.
- Чийгшил удаан үргэлжлэх юм бол эрүүл мэндэд сөрөг нөлөөллүүд үүсэж, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлнэ.
-Өрөө тасалгааны чийгшил хангалтгүйгээс байх нт ямар сөрөг үр нөлөөтэй вэ?
-Хуурай орчинд байснаар хүүхэд болон том хүний хамрын салст хуурайшиж, амархан ханиад хүрч, харшилтай болдог. Сүүлийн үед харшлын гаралтай ханиад, багтраатай хүүхдийн тоо нэмэгдэж байна. Иймд орчны чийгшил маш чухал. Хүүхдийн уушгины хөгжил бага насанд нь явагддаг учир дотоод болон гадаад орчны агаарын бохирдлыг бууруулах нь өвчнөөс урьдчилан сэргийлэх, уушгины хөгжилд нэн чухал.
-Тэгвэл бид гэр доторх агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Олон төрлийн арга байна. Үүнд:
- Түүхий нүүрсийг хийн түлшээр солиход анхаарах
- Гэрийн орчинд тамхины утааны өртөлтийг бууруулах
- Богино хугацаагаар ч хамаагүй цонхоо онгойлгох. Бусад үетэй харьцуулбал өдрийн цагаар агаар хамгийн эрүүл, цэвэрхэн байдаг. Өглөө, орой бол хорт утаа ялгарах эрсдэл өндөр байдаг: Тиймээс ажил, гэртээ байхдаа өдрийн цагаар тогтмол агаар оруулж, орчны агаарыг сэлбэж байх хэрэгтэй.
- Хэрэглэж буй агаар шүүгчийнхээ шүүлтүүрийг үйлдвэрлэгчээс зөвлөсөн хугацаанд солих.
- Газрын тосоор хийсэн лаа болон цацдаг агаар цэвэршүүлэгч аль болох хэрэглэхгүй байх. Химийн элемент бүхий үнэртүүлэгч, агааржуулагч ашиглах нь агаарыг улам л бохирдуулдаг.
- Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж хэрэглэх. Учир нь цэвэр агаарт ажиллаж буй хүмүүсийн бүтээмж бусад хүнийхээс тав дахин өндөр байдгийг эрдэмтэд тогтоосон байна.
- Хөлийн гишгүүр, нойтон алчуур байрлуулах. Хаалганы босго дээр нойтон алчуур, хөл арчих гишгүүр зэргийг байрлуулбал гаднаас хог, тоос чирч орж ирэх эрсдэлгүй болдог.
- Хэрэв тэжээвэр амьтантай бол ариун цэврийг сайтар хангах.
- Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх. Ингэснээр том ширхэгт тоосонцрыг арилгах болно.
-Бид агаар чийгшүүлэгч байнга хэрэглэдэг. Гэхдээ агаарын чийгшил ямар байх талаар тэр болгон мэдэхгүй байх. Энэ талаар зөвлөгөө өгөөч?
-Агаарын чийгшлийн түвшин 45 хувь байх нь хамгийн тохиромжтой. 30 хувиас доош байвал хэт хуурай, 50 хувь их байвал хэт чийглэг болдог. Агаарын чийгшлийг нэмэхийн тулд агаар чийгшүүлэгч хэрэглэх, агаарын чийгшлийг бууруулахын тулд цонхоо онгойлгох эсвэл эйр кондишион, сэнс ажиллуулах зэргээр тохируулах боломжтой.