Байшингаа хэрхэн зөв, илүү зардалгүй барих вэ
Манай цахим хуудас амьдрах байшингаа өөрөө барихаар төлөвлөж байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг шинэ буланг өнөөдрөөс эхлүүлж байна. Долоо хоногт хоёр удаа тогтмол нийтлэгдэх энэ булангаас та бүхэн газар, байшингийн төлөвлөлт, барих арга технологи, барилгын материал хэрэглэгдэхүүн, багаж тоног төхөөрөмжийн талаар зөвлөгөө авах боломжтой юм. Хүмүүс байшин барихдаа ажлын дарааллаа буруу тогтоох, мартаж санаснаасаа болоод нэг ажлаа хоёр хийх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс эхний цуврал зөвлөгөө маань байшин барих ажлын дарааллаа зөв төлөвлөх замаар илүү зардлаас зайлсхийх тухай юм.
Зөвлөгөө №1. Хууль эрхзүй, норм ба дүрэмд нийцүүлээрэй
Та байшин барихаар шийдсэн бол таны ажил эхнэлэхээсээ дуусах хүртлээ Монгол Улсын хууль журам, мэргэжлийн байгууллагаас баталсан норм ба дүрэмд нийцэж явах ёстой гэдгийг санах ёстой.
Хамгийн түрүүнд газраа хууль ёсны дагуу эсэхийг судлах ёстой. Хэрвээ өөрийн өмчлөлийн газар дээрээ байшин барих гэж байгаа бол асуудалгүй (гэхдээ цахим бүртгэлд хамрагдсан эсэхийг e-gazar аппликейшнээр шалгаж, гарч ирэхгүй бол 2022.V.01-ний дотор харъяа дүүргийнхээ газрын албанд бүртгүүлэх ёстой). Эзэмших гэрчилгээтэй бол өмчлөх хүсэлт гаргаж, хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд орсон эсэхийг нягтлах нь зөв. Нийслэл, аймаг, сум, дүүргийн захиргаа, салбарын яамны албан ёсны байр суурийг энд бас дурдах ёстой. Жишээ нь, Байгаль орчин аялал жуулчлалын яам 2018 оноос тусгай хамгаалалттай газар нутагт нүхэн жорлон ашиглахыг хориглосон. Хүрээг нь өргөтгөх магадлал өндөр байгаа. Нүхэн жорлон төлөвлөх үү, өөр аргаар хийх үү гэдэг нь нэг талаар таны өөрийн сонголт ч нөгөө талаар төр засгийн бодлого шийдвэрийг урьчилан харж цаг үетэйгээ зохицож алсын хараатай байх нь таны хөрөнгө мөнгийг хэмнэнэ. Энэ бол зөвхөн нэг жишээ юм. Газрын харилцааны талаар байнгын мэдээлэлтэй байх нь иргэний үүрэг шахуу болсон энэ үед та ч бас хоцрох ёсгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг ашиглалтад оруулсан байгаа. Хэрвээ та газаргүй бол энд байршсан шинэ суурьшлын бүсэд, нэгдсэн төлөвлөлтөд орж баталгаажсан газраас сонгож өмчлөх боломжтой.
Нийслэлчүүд энэ оноос Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэ хуулийг мөрдөж эхэлсэн. Өмнө нь газар чөлөөлөх асуудлыг иргэн буюу өмчлөгчтэй нь заавал зөвшилцөж байж шийддэг байсан. Үүнээс болоод бүтээн байгуулалтын ажил удаашрах явдал түгээмэл гардаг байв. Тиймээс газар чөлөөлөх, шинээр газар олгох зэрэг асуудалд төрөөс баримтлах бодлого нь шинээр батлагдсан хуулиудад нэлээд чангарч орж ирсэн. Тйимээс хууль эрхзүйн орчин, улс, аймаг, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж байж байшин эхлүүлэх эсэхээ шийдэх нь зөв. Чанаргүй материалыг сольж болно, буруу хийсэн ажлыг янзалж болно. Харин болохгүй газар байшин барьсан бол нураахаас өөр аргагүй болох тул нухацтай хандах ёстой.
Газрын асуудал цэгцэрч, байшин эхлүүлэх нөхцөл бүрдсэний дараа л ажлаа эхлүүлнэ. Энэ үед ч үзэх судлах ажил мундахгүй. Улс орон бүр барилга байшин бариад баримтлах өөрийн гэсэн стандарттай байдаг. Манай улс ч ялгаагүй. Тиймээс барилгын ажлынхаа үе шат бүрт холбогдох норм ба дүрэм, стандартыг баримталж ажиллавал насжилт өндөр, чанартай барилга болно. Барилгын норм ба дүрэм, баримтлах стандартуудыг estandard.gov.mn цахим хуудсаас бага зэрэг төлбөртэйгөөр татан авах боломжтой. 2021 онд батлагдсан “Монгол Улсын барилгын норм ба дүрэм” бас интернэтэд байршиж байгаа (https://www.academia.edu) тул чөлөөтэй орж ашиглаж болно.
Энэхүү зөвлөгөө маань танд хэрэгтэй санааг өгсөн гэдэгт найдаж байна.