Сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.10.25/ Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хөшигийн хөндийд байгуулах "Шинэ Зуунмод" хотын төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн ажлын талаар танилцуулж, мэдээлэл технологийн парктай смарт хот болгон хөгжүүлэх чиглэлд анхнаас нь дэд бүтцийн сууриа бэлдэж байгаа энэ цаг үеэс
хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой болохыг Барилга, хот байгуулалтын сайд тэмдэглэж байлаа.
Газрын доорх дэд бүтцийн сууриа нарийн төлөвлөлттэй, зөв тавьж байж, газрын дээрх ертөнц бий болно, гэхдээ шинэ дагуул хотуудыг хүн амьдрах бүрэн боломжтойгоор буюу ажлын байртай нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын үйлчилгээтэй нь бүгдийг цогцоор төлөвлөж бүтээх ёстой гэдгийг сайд Б.Мөнхбаатар онцоллоо.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тус асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлээд, харилцаа холбооны суурь дэд бүтцийг байгуулахад хамтран ажиллахад бэлэн, мөн Хан-Уул дүүргийн 21- р хорооны нутагт барих "Залуус-1" орон сууцын хорооллын бүсэд “Мэдээллийн технологийн бүс” байгуулах боломжтой хэмээн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохирлоо.
Сайд Н.Учрал мөн хаягжилтын асуудлыг хамтраад шийдэх хүсэлтэй байгаа тул БХБЯ-ны хаягжилтийн чиглэлээр хийсэн ажлуудын талаар мэдээлэл сонсохыг хүслээ.
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга А.Энхманлай хаягжилтын ажил нэгдсэн зохион байгуулалтгүй, хаяг олгох субъект тодорхойгүй байгаагаас үүдэн аймаг, суманд газрын даамал, сум, багийн Засаг дарга нь олгодог, нийслэл, дүүрэгт Газрын алба, Хот байгуулалтын хөгжлийн газар зэрэг байгууллагууд хаяг олгож ирснээр хаягийн давхардал үүсэх, түр хаяг олгох, нэр, дугааргүй, задгай гудамжууд олширсон нь эмх цэгцгүй байдал үүсгээд байгааг хэллээ.
Тухайлбал, гал команд, түргэн тусламж, хүргэлт, автотээврийн үйлчилгээ үзүүлэхэд хаяг тодорхой эрсдлүүд гарч байгаа тул геопорталын ситемийг байгуулж, хэрэглэгчдийн хандалт, бүртгэлийг хянах боломжтойн дээр тус системийг ашиглан дундын мэдээллийн сангаас “Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем”-ийн өгөгдлийг авах, тус системээр дамжуулан бусад байгууллагатай мэдээлэл солилцох, үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болсон талаар танилцууллаа.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Хаягийн мэдээллийн санд нийт 1,081186 нэгж талбар, 689895 барилга байгууламж, 49826 гудамжны өгөгдлийг оруулсан. Эдгээр өгөгдөлд автоматаар хаяг олгох бөгөөд хот суурин газрын 650489 нэгж талбар, 283995 барилгыг хаягжуулж, малчдын өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа нийт 206511 нэгж талбарт газар усны нэрийн дагуу шинээр хаяг олгон ажиллаж байгаа мэдээллийг өгөв.
Хаягжилтын асуудлыг шийдэх хүрээнд мөн хоёр яамны хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Энэ асуудлыг төр захиргааны төв байгууллага хооронд ярихаас гадна хаягжилтын стандартгүй, ертөнцийн зүгээр ярьдаг бэрхшээлийг шийдэхийн тулд асуудлыг хамгийн ихээр мэдэрч ажиллаж байгаа байршил заагч, шуудан, такси болон бараа хүргэлтийн компани гэх мэт хувийн хэвшлийн төлөөллүүдийн байр суурийг сонсож, оновчтой хувилбарыг гаргах нь зүйтэй гэх саналыг сайд Б.Мөнхбаатар дэвшүүллээ. Ингээд төр хувийн хэвшлийнхнийг оролцуулсан уулзалт, хэлэлцүүлгүүдийг ойрын хугацаанд зохион байгуулахаар талууд тогтлоо.