Хот байгуулалтын эрх олгох, хугацааг сунгах, ажлын төрөл нэмэх, нөхөн олгох, сэргээх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, бүртгэх, гэрээ байгуулах, лавлагаа гаргах үйл ажиллагаа цахимжиж шинэчлэгдлээ. Барилгын салбарын үйл ажиллагаанд хэрэгжиж буй дээрх бүх цахим системийн шинэчлэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах эрхийг аж ахуйн нэгж, байгууллагад олгох, түүнд хяналт тавих журам, газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим системд хот байгуулалтын баримт бичгийг оруулах аргачлалын зааврыг танилцуулах уулзалт боллоо. Уулзалтад Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай, Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал О.Одбаяр, 60 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож санал солилцлоо.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар зургийн компаниуд бодит байдалтайгаа уялдаагүй зураг хийх бус эдийн засгийн таталцал, ажлын байр, хөгжлийн цогц төлөвлөгөөтэй уялдсан зураг боловсруулах шаардлага тавих болно гэдгийг мэдэгдлээ. Мөн зургийг зөв хийхгүй бол шинэ хот байгуулалт буруу явах эрсдэлтэй байгааг сануулж, тухайлбал Дундговь аймгийн 500 хүн амтай Өлзийт сумыг төлөвлөхдөө 1000 хүн амтай болно гэж төлөвлөлтийг нь батлаад, том дэд бүтэц тавиад тэр нь одоо ашиглалтгүй болоод Улсын мөнгө үрэгдсэн жишээ байна. Энэ бол эдийн засгийн таталцал болон түлхэлцлийг тооцоогүй, газар дээр нь зөвшөөрөл олгоод зургаасаа зөрчихсөн, газрын доорх дэд бүтцийг мэдэхгүй зэргээс үүдэлтэй буруу төлөвлөлтийн уршиг болохыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар аж ахуй нэгжүүдэд анхааруулж хойшид энэ бүх зөрчлийг арилгах чиглэлийг өглөө.