Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан 2022.04.04-ний өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яам, харьяа байгууллагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлээ танилцууллаа. Мөн хөрөнгө оруулалтын ажлын тендэрийн явцын талаар яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэгдэх салбарын хууль эрх зүйн баримтуудын мэдээллийг хуулийн хэлтсийн дарга
Б.Нямдорж, өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн "Орон сууц, нийтийн аж ахуйн зөвлөгөөн", "Сумын хөгжил, инженерийн дэд бүтцийн хангамж" хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Эрдэнэт хотод болсон "Орон нутагт гэр хорооллыг дахин төлөвлөх" зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, Барилгын материалын үнийн мэдээллийг хэлтсийн дарга Д.Батзориг нар танилцуулж, нэмэлт мэдээлэл өгөв.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцуулагдсан мэдээллүүдийн хүрээнд санал сонсож, холбогдох үүрэг даалгаваруудыг өглөө. Үүнд: Тендэрийн ажлыг шуурхайлах, Хөшигийн хөндийн газар чөлөөлөх асуудлаар орон нутгийн удирдлагуудад нэгдсэн ойлголтыг өгч, хамтарч ажиллах, магадлалын ажлын хэсэг үнийн судалгаагаа яаралтай эцэслэж батлуулах, Польшийн ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих таван аймгийн цэвэрлэх байгууламжийн төслийн явцыг түргэтгэх, орон нутагт баригдаж байгаа барилгын чанарт онцгой анхаарах, Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ЗГ-аар хэлэлцүүлэх зэрэг хүрээнд холбогдох чиглэлүүдийг өгч үүрэгжүүлэв.