Гүний худгийн цахилгаан насос монтажлахад энэхүү энэ зааврыг ашиглана. Насосыг монтажлахын өмнө анхаарах зүйлс.
- Сонгосон насос нь тухайн уст цэг (худаг)-ийн гүн, суултын яндангийн диаметр, хэрэглэгчийн усны хэрэгцээ зэрэгт тохирч буй эсэхийг нягтална.
- Тээвэрлэлтийн үед насос түүний моторын хэсэг гэмтсэн эсэхийг сайтар шалгаад насосны моторын хүчин чадал болон цооногийн гүнд тохируулан цахилгааны кабелийг сонгоно.
- Цооногийн ус цэвэр тунгалаг байгаа эсэхийг шалгана. Хэрвээ усан дахь элсний хэмжээ 25гр/м3 –аас их байвал насосыг хугацаанаас өмнө элэгдүүлнэ. Мөн усан дахь их хэмжээний зэв нь моторт муу нөлөө үзүүлнэ. Дээрхи шаардлагуудыг анхаарч үзсэний дараа насосыг цооногт монтажлана.
Үүнд :
- Насосыг моторын хэсэгтэй холбоно.
- Насосыг дагаж ирсэн кабелийг моторт цахилгаан өгөхөд зориулсан гүний усны тусгай кабелтай холбоно. Цахилгааны холболтыг тусгай зориулалтын битүүмжлэлтэй муфтэн холбоос хэрэглэн хийх хэрэгтэй.Энэ нь усанд орсон хойно ямар нэг гэмтэл үүсэхээс сэргийлнэ.
- Цооногт насосыг оруулахын өмнө кабелийг насосны их бие болон ус өргөх хоолойд тусгай чангалуур ашиглан тогтооно.
- Насосны дээд хэсгийг ус өргөх хоолойтой эр болон эм муфт ашиглан холбоно.
- 220 в-оор ажилладаг 4"-ийн насосонд (JET, ONGA, QJ,) ус өргөх хоолойг PVC хуванцар хоолойгоор хийх нь нэн тохиромжтой. Хуванцар хоолой нь угсрах болон задлахад хялбар, хугацаа хэмнэхийн дээр зэврэлт үүсэхгүй улмаар аливаа нян бактери үржихээс сэргийлж чадна. Мөн усанд химийн ямар нэг нөлөө үзүүлэхгүй сайн талтай.
- Насосыг цооногт хийхдээ усанд зэвэрдэггүй ган троссоор давхар дүүжлэх хэрэгтэй. Энэ нь насос цооногт унах ослоос хамгаалах болно. Тороссыг зориулалтын серга ашиглан бэхэлнэ. Харин 380 Вт-ийн насос угсрах нөхцөлд ус өргөх янданг цэвэрдэггүй цайран хоолойгоор хийх нь илүү тохиромжтой.
- Насосыг цооногийн динамик түвшнээс доош 4,5-6,0 м-т, цооногийн ёроолоос дээш 1,5-3,0 м –т байрлуулна.
- Насосыг угсарч дууссаны дараа холбоос залгаасуудыг цахилгаан хэмжигч багажаар хэмжин нягталж дахин хянаж үзсэний дараа хяналтын самбарыг ажиллуулна.
- Насосны моторт хүчдэл өгөх хэмжээний зэс голчтой цахилгааны утсаар газардуулгыг хийнэ.
- Насосны удирдлагын самбар болон моторын газардуулгыг заавал хийх хэрэгтэй.
- Насосны удирдлагын самбарын газардуулгыг цооногийн янданд бэхлэх замаар хийж өгөх хэрэгтэй. Мөн галын аюул болон цахилгаанд цохиулахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
Насосыг ажиллуулахад анхаарах зүйлс
- Шахаж байгаа усанд тодорхой хэжээний хийн хольц байвал насосны бүтээл багасна. Энэ нь насосны мотор амархан халж улмаар шатах шалтгаан болно. Насосны ус шахагч шугам хоолой болон системийн бусад эд ангийг хөлдөхөөс сэргийлэх хэрэгтэй. Хөлдсөн систем нь насосны моторт даралт үүсгэн шатах гэмтэлд хүргэж болох юм.
- Насосыг мантажлах болон засвар үйлчилгээ хийхдээ насосны удирдлагын самбарыг цахилгааны хүчдэлээс салга. Насосны удирдлагын самбар, моторын хүчдэл, цахилгаан гүйдлийн давтамж нь цахилгааны шугамын үзүүлэлттэй тохирч байгаа эсэхийг шалгана.
- Худгийн цооногийн амсрыг битүүмжлэн гаднаас элс шороо болон бусад зүйл орохоос сайтар хамгаалах ёстой. Учир нь эдгээр зүйлээс насос механик гэмтэл авах боломжтой.
- Удирдлагын самбарын дулааны хамгаалалтын рельег насосныг түлхэх моментийг даах хэмжээнд тохируулж тавина.
Насосны моторт цахилгааны холболтыг зөв хийсэн эсэхийг дараах байдлаар шалгадаг:
1. Насосны цахилгааны фазын холболтыг зөв хийсэн бол насосонд хүчдэл өгч түлхэх эхний агшинд ус өргөгч яндан цагийн зүүний дагуу бага зэргийн хөдөлгөөн хийнэ.
2. Буруу эргэлттэй холбогдсон моторын хөдөлгөөнийг зөв болгохын тулд 3 фазын утасны аль нэг хоёр утсыг хооронд нь сольж холболт хийнэ.
3. Моторын зөв эргэлттэй насос техникийн үзүүлэлтийн тохирох хэмжээний усыг шахна.