Ипотекийн зээлийн санхүүжилтэд онцгой анхаарч ажиллахыг санууллаа

Ипотекийн зээлийн санхүүжилтэд онцгой анхаарч ажиллахыг санууллаа

Ипотекийн зээлийн санхүүжилтэд онцгой анхаарч ажиллахыг санууллаа
Сайдын шуурхай хуралдаан өнөөдөр /2023.03.14/-ны өдөр боллоо. Шуурхай хуралдааны эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн удирдлагууд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлуудаа, мөн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлынхаа мэдээллийг сайдад танилцуулав. Нийт газар хэлтсийн өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
Салбарын Орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн ажиллах журмын төслийг шинэчлэн боловсруулав.
Барилга, хот байгуулалтын сайд Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төслүүдтэй танилцаж ажиллалаа.
"Гэр хороололд зориулсан тэсвэрлэх чадвартай, орлогод нийцсэн орон сууцны хувилбар судлах нь" сэдэвт судалгааны ажилтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх техник туслалцааны талаар санал солилцов.
"Орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн туршлагын дагуу бэхжүүлж, хөтөлбөрийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх“-тэй холбогдуулан Монголбанк болон Сангийн яамтай уулзалт хийж, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар тогтов.
Он гарснаас хойш нийт 1115 зээлдэгчид 115 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгоод байна.
”Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын Үндэсний хорооны анхдугаар хурлаас гарсан шийдвэрийн дагуу “"Шинэ Хархорум" хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд хийгдэх эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөг батлуулав.

“Орхоны хөндийд шинэ ухаалаг, ногоон хот байгуулах техник, эдийн засгийн үндэслэл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулах” төслийн саналыг шинэчлэн бэлтгэж, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА)-д цахимаар хүргүүллээ.
Салбарын гол эрх зүйн баримтуудыг шинэчлэх ажлын хүрээнд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд аймаг, нийслэлд хийгдсэн олон нийтийн хэлэлцүүлэг, мэргэжлийн байгууллагуудын хэлэлцүүлэг болон цахимаар /https://d.parliament.mn/ ирүүлсэн саналын томьёоллыг дэд ажлын хэсгийн хүрээнд нэгтгэж боловсруулав.
Геодези, зураг зүйн тухай, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн хурлыг зохион байгуулж, саналуудыг нэгтгэв.
Барилга, байгууламжийн аюулгүй байдлын техникийн зохицуулалтын талаарх тогтоолын төслийг ЗГ-т хэлэлцүүлэхээр хүргүүлэв.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн дээрх болон бусад ажлуудын хүрээнд зарим асуудлыг тодруулж, яам болон харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

Үүнд:
- Хаягжуулалтын нэгдсэн системийн асуудлаар холбогдох байгууллагуудтай харилцаж, уялдаагаа сайжруулан ажиллах,
- Төрийн бус байгууллагуудын тусгай зөвшөөрөл олголттой холбоотой шалгалтын дүнг танилцуулах,
- Дулаан алдагдалгүй ногоон барилгын стандарт, норм норматив, холбогдох дүрэм журмаа шинэчилж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах,
- Газрын багц хуулийн төсөл дээр гарсан иргэд, олон нийтээс гарсан саналуудыг нэгтгэж, дахин боловсруулахад бэлдэх,
- Ипотекийн зээлийн санхүүжилтийн асуудалд онцгой анхаарч тооцоо судалгаатай ажиллах,
- Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулж, хэсэгчилсэн төлөвлөгөөгөө ямар үе шатуудтай хэрхэн өргөтгөж явах бодлогоо боловсруулж, дулааны эх үүсвэрүүдийн шийдэл дээр анхаарч, шуурхай ажиллахыг тус тус үүрэгдлээ.