Цонхоо ингэж арчлаарай

Цонхоо ингэж арчлаарай

Цонхоо ингэж арчлаарай
Вакум цонх хаалгыг зөв зохистой арчилж хэрэглэсэн тохиолдолд 40-50 жилийн эдэлгээтэй гэж тооцдог. Цонх хаалганы эдэлгээнд түүхий эд материалын, үйлдвэрлэлийн болон суулгалтын чанараас гадна арчилгаа, зүй зохистой хэрэглээ зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг. Жишээлбэл: Өрөө тасалгаандаа байнга тамхи татсанаас вакум цонх хаалганы өнгө хувирах, угааж цэвэрлэдэггүй цонхны резин хатаж хугарснаас болж цонхны битүүмжлэл алдагдахад хүрдэг.

Цонхны гадаргууг цэвэрлэх

• Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар угаах.
• Цонхны гадаргууг чийгтэй цэвэрлэгээ хийсний дараагаар зөөлөн алчуураар дахин гялалзуулан арчина. Ингэснээр улам өнгөлөг болж гадаргуу дээрх хар толбо, зураас алга болно.
• Хуурай цэвэрлэгээнд шүүр, хуурай алчуур хэрэглэхгүй байх хэрэгтэй. Учир нь вакуум цонх хаалганы гадаргуу нь гөлгөр байдаг тул бага зэргийн цахилгаанжилт үүсэж эргээд тоосжилт хурдан явагддаг байна.
• Бага зэргийн тоосжилтыг тоос сорогчоор соруулж болно.
• Зөөлөн алчуураар арчиж байх .
• Нугас, түгжээтэй бүх хэсгийг оёдлын машины тос болон техникийн тосоор /вазелин/ жилд 1-3 удаа тослох хэрэгтэй. Зориулалтын бус тос хэрэглэх юмуу огт тослохгүй байх нь төмөр эд ангиуд чихтанаж дуу орох, хурдан зэврэх болон элэгдэж эвдэрхэд хүргэнэ.
• Тосолгоо, цэвэрлэгээний үед эрэг боолт гэх мэт жижиг эд ангиудын бэхэлгээг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол чангалж бэхэлнэ.

Цонхны шил цэвэрлэх

• Бага зэрэг угаагч шингэнтэй бүлээн усаар тоосжилт, бохирдолтыг цэвэрлэнэ.
• Гүн бохирдолтой, элдэв бодис наалдан хатсан тохиолдолд үзүүртэй, ширүүн зүйлээр цэвэрлэж болохгүй. Иймд үед зориулалтын татуургаар цэвэрлэнэ /сахлын татуурга байж болно/.
• Угаасан шилийг элгэн алчуураар зүлгэж гялалзуулна.




Цэвэрлэгээний үед хориглох зүйл

• Зэвний болон бусад толбыг арилгахын тулд хумсны лак арилгагч, хүчтэй цэвэрлэгээний уусгагч бодис, бензин болон өнгөлөгч бодис хэрэглэхгүй байх.
• Чигжээс резин рүү үзүүртэй зүйлээр хатгаж болохгүй. Резин зүсэгдэж гэмтвээс цонхны битүүмжлэл буюу вакуум чанар алдагдана. Зөвхөн хурууны үзүүрээр юмуу мохоо зөөлөн эдээр чигжих хэрэгтэй.
• Үзүүртэй зүйлээр цонхны гадаргуун дээрх толбо, наалдсан бусад зүйлсийг хусахгүй байх.
• Хатуу ширүүн зүйлээр чанга дарж арчиж болохгүй.


Ерөнхий анхаарах зүйл

• Цонхонд нэмэлт жин ачаалуулахыг хориглоно. Жишээлбэл цонхноос хүнд зүйл өлгөх, тавцан дээр гарч зогсох, цонхны бариул, хавтаснаас дүүжигнэх.
• Онгорхой цонхоны завсраар ном, мод гэх мэт зүйл хавчуулж болохгүй. Хавчуулсан тохиолдолд цонхны хавтас гажиж хаагдахгүй болж, түгжээ нугасны тохиргоо алдагдана.
• Хүчтэй салхи шуургатай үед онгорхой орхиж болохгүй. Онгорхой цонх хаалга нь салхинд савагдан өндөр настан болон бага насны хүүхдийг гэмтээх тохиолдол цөөнгүй байдаг.
• Бага насны хүүхдийг онгорхой цонхноос хол байлгах хэрэгтэй.
• Цонхны хавтасыг зөөлөн хааж байх.
• Гүйцэд хаасны дараа бариулыг зөв эргүүлж түгжинэ.