Хананд ямар хөөсөнцөр хавтан ашиглавал тохиромжтой вэ
Хүмүүс хөөсөнцөр хавтан авахдаа ихэвчлэн хананы хөөс авъя гэж асуудаг. Дулаалгын хөөсөнцөр хавтангийн хувьд тусгайлан хананы хөөсөнцөр хавтан гэж байдаггүй ч тухайн улсын цаг уур, барилгын хийцэллээс хамаараад тохиромжтой нягттай хөөсөнцөр хавтан гэж бий. Манай орны хувьд гадна хананд дийлэнхдээ 20-25кг/м.куб хүртэлх нягттай хөөсөнцөр хавтан ашигладаг бөгөөд хананд тухайн барилгын хийцлэл буюу ямар материалаар барьсан, хэдэн см зузаан ханатай зэргээс хамааран хөөсөнцөр хавтангийн зузааныг тодорхойлдог. Иймд та хөөсөнцөр хавтангаар дулаалга хийх гэж байгаа бол барилгын үндсэн ханын материалын дулаан тусгаарлах чадвартаа тохируулан сонгох хэрэгтэй.
Хөөсөнцөр хавтан хөнгөн учраас хөөсөөр дулаалсан байшин, барилга хэврэг болдог гэж үнэн үү
Зарим хүмүүс хөөсөнцөр л юм чинь хэврэг, хөөсөөр хийсэн байшин хагарч цуурах нь аргагүй гэлцдэг. Гэвч байшин барилга хагарч цуурах нь хөөсөнцөр хавтангаар дулаалснаас бус газрын төлөв байдал, барилгын хийцэллээс хамааран сууринд суулт өгснөөс үүдэлтэй байдаг. Мөн гадна фасад хагарч цуурсан байвал энэ нь ханын төгсгөлийн өнгөлгөөг стандартын дагуу хийгээгүй, тороо ам даруулж наагаагүй, цавуулаг муутай шавар хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Харин хөөсөнцөр хавтангаар дулаалах нь цууралт, хагаралт өгөхөөс ангид ойлголт бөгөөд харин ч эсрэгээрээ хамгийн хөнгөн дулаалга учир барилгын даацад хүндрэл үүсэгдэггүй учир барилгын насжилтыг уртасгахад өндөр ач холбогдолтой байдаг байна.
Хөөсөнцөр хавтангийн нягт өндөр байх тусам сайн байдаг уу
Энэ нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт юм. Хөөсөнцөр хавтангийн чанарыг тодорхойлох олон үзүүлэлт байдаг бөгөөд үүнээс нэг нь л нягт буюу жингийн үзүүлэлт юм. Хөөсөнцөр хавтангийн дулааны үзүүлэлт тодорхой хэмжээний нягтын үзүүлэлт хүртэл өсдөг бөгөөд нягт хэт өндөрсөх тусам дулаан дамжуулалтын үзүүлэлт буцаад буурдаг. Өөрөөр хэлбэл, хөөсөнцөр хавтан нь төрлөөсөө хамаараад дулаан дамжуулалтын үзүүлэлт буюу дулаан тусгаарлах чадвар нь 0,032-0,036Вт/м°C хүрээд буцаад буурдаг байна. Уг үзүүлэлтэд харгалзах нягт нь 35кг/м.куб хүртэл байдаг. Мөн хөөсөнцөр хавтанг сонгохдоо хана, шал, дээврийн алинд хэрэглэх гэж байгаагаасаа хамаараад гузайлтын бат бэх, хэв гажилтын үзүүлэлтийг харж сонгох нь зүйтэй.