Ханын цаасыг хэрхэн наах вэ

Ханын цаасыг хэрхэн наах вэ

Ханын цаасыг хэрхэн наах вэ

Ханын өнгөлгөөний материалын төрөл олон байдаг ч тэр дундаас хийхэд хялбар, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, үзэмжтэй, сонголт өргөнтэй обой буюу цаасан өнгөлгөөг хамгийн ихээр ашиглаж байна. Хана цааслах ажил нь заслын үндсэн ажил ба үүнтэй уялдан түүний төрөл, зориулалт, наах аргачлал улам боловсронгуй болсоор байна. Ханын цаас буюу обойг ашиглалтын шинж чанараар нь ердийн, чийгэнд тэсвэртэй, угаадаг, дуу шингээдэг, дулаан тусгаарладаг, галд тэсвэртэй гэж ангилдаг. Сүүлийн үед нийлмэл материалаар хийсэн угаадаг болон шилэн хөвөн обой цаас, шингэн обойг түгээмэл хэрэглэж байгаа ба материалаа зөв сонгож, наах технологийг зөв баримтлах нь чухал  юм. 

Обойг наахаас өмнө боодлын тоог зөв тооцож гаргах шаардлагатай. Ихэнх обойны хэмжээ ойролцоо ба өргөн нь 0.52-0.56м, урт нь 10-10.5м байна. Энэ нь ойролцоогоор 5м2 талбайг наана. Өрөө тасалгааны нийт уртыг өндрөөр нь үржүүлж 5-д хуваахад хэрэгцээтэй обойны тоо гарна. Шилэн хөвөн обой нь 1м-н өргөнтэй, 5м-ийн урттай байх ба удаан эдэлгээтэй, эмульсэн будгаар будаж болдог. Нэг боодол шилэн хөвөн обойгоор 50м2 талбайг бурэх боломжтой. Харин зарим обой 1,2м хүртэл өргөнтэй, 30м хүртэл урттай байна. Металл обой 0.6м өргөнтэй, 3м урттай байна. Ус чийг тэсвэрлэдэг цаасны ашиглалтын хугацаа 6-10 жил байдаг бол энгийн цаасных 3-4 жил байдаг. 

Обойг наахаас өмнө бэлтгэл ажлуудыг сайн хангах хэрэгтэй. Эхлээд ханын гадаргууг сайн бэлтгэх хэрэгтэй, обой наах гадаргуу бат бэх, хуурай, тоос шороогүй, маш тэгшхэн байх шаардлагатай. 

1. Хуучин өнгөлгөөг хуулах: Ханын төрөл хэлбэрээс үл хамааран хуучин өнгөлгөө, будгийг нийтэд нь хуулах нь чухал алхам юм. 

2.  Эхний үеийн хөрсжүүлэг хийх: Хуучин өнгөлгөөг хуулсаны дараа гадаргууг тоос шорооноос цэвэрлэж хөрсжүүлэг буюу грунтыг гадаргууд  түрхэнэ. Энэ нь  гадаргууг тогтвортой болгож, чийг шингээх чадваргүй болно.

3. Ханын гадаргууны гэмтэл согог, хагарлыг арилгах: Ханын өө сэв, хотгор, хагарлыг арилгахын тулд бэлэн хуурай хольцоор хэсэгчлэн засвар хийнэ. 

4. Тэгшилгээ хийх: Өнгөлгөө хийхээс өмнө гадаргууг нийтэд нь замаскаар тэгшлэх нь чухал ажилбар юм. Үе болгоны дараа зүлгэлтийг зүлгүүрийн гар ашиглан зүлгүүрээр хийнэ.

5.Давтан хөрсжүүлэг хийх: Энэ үеийг хийснээр обойны наалдах чадвар сайжирдаг ба удаан эдэлгээтэй болгоход чухал нөлөө үзүүлнэ.

Хананд тэгшилгээ хийх 

Энэ нь замаска татах ажиллагаа ба ханыг хотгоргүй, алдаагүй тэгшхэн болгох ажилбар юм. Энэ ажлыг гадаргуугийн төрөл, байдал, материалын зориулалтаас  шалтгаалан хар, цагаан, элсэн замаскан, ротбанд, ус чийгт тэсвэртэй тэгшилгээ гэж ангилна. Энгийн зориулалт бүхий өрөө тасалгаанд эдгээрээс алийг нь ч хэрэглэж болно. Гэхдээ 5см зузаан тэгшилгээ шаардлагатай гадаргууд бол элсэн тэгшилгээ хийсний дараа цагаан замаска хийх нь тохиромжтой. Харин ус чийгтэй өрөөнд бол хар замаска, эсвэл ротбандаар ерөнхий тэгшилгээгээ хийгээд дээрээс нь ус чийгэнд тэсвэртэй замаскаар тэгшилж дуусгах нь тохиромжтой. Практикт бордуу туяатай замаска энэ ажилд илүү тохиромжтой байдаг. Хэт зузаан тавигдсан цагаан замаска хагарамтгай, хөндийрөмтгий байдаг. Цагаан замаскыг хуурай тоосгүй, жигд тэгшилсэн гадаргууд хамгийн ихдээ 3мм хүртэл зузаан хийж болно. Замаска татах нь цааслах ажлын бэлтгэл ажил тул гадаргуугийн өө сэвийг сайтар олж мэдэрч хийх нь зүйтэй. Тал талаас нь гадаргуугийн дагуу гэрэл тусгаж дахин дахин харж шалгаж засварлах хэрэгтэй. Замаскан тэгшилгээний үе бүрийн дараа зүлгэлтийг хийнэ.
 

Энгийн обой наах аргачлал

Обойг наах ажлаа эхлэхийн өмнө тухайн материалын заавартай сайтар танилцаж, наах технологийг сайтар судлах хэрэгтэй. Обойг наах технологийг зөрчсөнөөр бэлдсэн гадаргуугаа баллах, тухайн материалаа үрэх, үр ашиггүй зардал гаргах, эцэст нь алтан цаг хугацаагаа алдах эрсдэлд хүрнэ. Технологи зөрчсөнөөс ажлын гарц буюу чанар, өнгө үзэмж буурна. Обойг наах цавуу адилхан ч наах арга нь харилцан адилгүй байдаг. Зарим нь хана обойг хоёуланг нь цавуудах хэрэгтэй байдаг бол зөвхөн ханаа цавуудаад обойг хуурайгаар нь наах ч тохиолдол байдаг. Ямар ч тохиолдолд ханыг тухайн цавууны шингэрүүлсэн уусмалаар хөрсжүүлэх нь зүйтэй. Наах ажлыг цонхны 2 талаас үүдрүү чиглэлтэй явах нь зүйтэй. Энэ тохиолдолд хээний нийлэмж, цаасны ширхэгийг анзаарах хэрэгтэй. Хамгийн гол нь өнгөний код, наах арга техникийг заавар дээрээс нь сайтар анзаарч мэдэх нь чухал ба зориулалтын хувьд шилэн утсаар сүлжиж хийсэн обой нь хуучин барилгын засвар, хагарал цууралттай хана, гадаргууд тусгайлан зориулагдсан байдгийг санаж хэрэглэх нь зүйтэй. Обой наахдаа ажлын хувцас, резинэн бээлий өмсөж аюулгүй байдлыг хангаж ажиллах шаардлагатай. 
 
 

Хананд обой наах дараалал

1.Цавууг бэлтгэх. Обойн цавууг савалгаан дээрх зааврын дагуу бэлтгэх ба гадна талдаа хэмжээстэй тунгалаг хувин ашиглах нь тохиромтой. Тасалгааны температурт тусгайлан бэлтгэсэн усан дээр цавуугаа хийж цахилгаан хутгагчаар уустал нь тасралтгүй хутгана. Цавууны уусмалыг хөөж тэлтэл нь хэсэг хугацаагаар амраана.
2.Обойг наахаас өмнө хуурч унахаас сэргийлэх, гологдол гаргахгүйн тулд бүх цонх, хаалгыг хаах хэрэгтэй.
3.Нийт хананд хэдэн босоо обой орохыг тооцоолно. Үүний тулд хананы уртыг хэмжиж, уртын хэмжээг ханын цаасны өргөнд хуваана. Мөн ханын өндрийг хэмжиж, хэдэн боодол обой орохыг тооцоолон зүснэ. Зүсэлт хийхдээ нямбай хандах ба төмөр шугам, цаасны хутга ашиглана. Нэг хананд шаардагдах обойг зүсч авсны дараа ширээн дээр доош нь харуулж тавина. 
4.Хананы цаасыг зүсэж бэлтгэсний дараа багс, өнхрүүлгийг цавуунд дүрж цаасны чанх голоос үзүүр хүртэл эн тэнцүү хэмжээгээр цавуугаа түрхэнэ. Зарим хэсэгт нь зузаан, заримд нь нимгэн түрхэж болохгүй. Цавуу түрхсэн ханын цаасаа үзүүрээс нь дотогш 2:1 харьцаагаар нугална. Цавууг ханын цаасны нүүрэн тал руу урсгаж огтхон ч болохгүй. 
 

 
5.Цавуу түрхсэний дараа ханын цаасыг 3-4 ширхгээр нь хуйлж дэвтэх боломж олгосноор уян зөөлөн болно.
6.Обойг цонхон талын булангаас эхлэн наах ба булан алдаатай байвал эхний обой наахын тулд харандаа, тэгш ус эсвэл  лазер хэмжигчийн  тусламжтай хананы эгц хажуу талд нь босоо тэмдэглэгээ хийнэ. Ханын дээд талд таазанд тулгаж наахгүй 5см орчим зай үлдээж хэвтээ шугам татаж болно. 
7.Обой наах ханын гадаргууг цавуудаж эвхэж тавьсан цавуудсан обойг зүүн гаран дээрээ тохож тавин баруун гараараа дээд талаас нь эхлэн аяархан хуулж обойг шугамын дагуу байрлуулж дээрээс  доош нь, дундаас нь хоёр үзүүр рүү шпателийн тусламжтай наахдаа хана ба обойны хоорондох агаарыг шахан гаргаж аль болохоор хий гаргахгүй нямбай наах хэрэгтэй. 
8.Дараа нь цавуудаж бэлэн болсон хоёр дахь босоо обойг эхний обойн ирмэгт тулгаж наана. Шалны хөвөөнөөс илүү гарсан цаасыг шпателаар дарж байгаад цаасны хутгаар зүсч авна. Ийм маягаар шулуун хананы обойг нааж дараа нь булангийн обойг тааруулан зүсвэр хийж наана.
9.Цонхны дээд талд тохирох хэмжээгээр цаасыг зүсч шпателийн тусламжтай наана. Цонхны тавцан орчмын хананд цаас наахад нэлээд анхаарал шаардана. Эхлээд тавцангийн хананаас түрж гарсан хөндлөн хэсгийн хэмжээнд тохируулан цаасыг өөлж авсны дараа эгц дээш нь хайчилна. Халаах хэрэгсэл буюу паар, цонхны тавцан хоорондын зайг юуны өмнө хэмжинэ. Хаалганы дээд талд тохирох хэмжээний цаас зүсч, хана, хүрээ мод хоёрын дунд зааг гаргалгүйгээр сайн тэнийлгэж наана. Унтраалга, розетка орчмын ханыг цавуудахын өмнө цахилгааныг салгасан нь илүү найдвартай. Унтраалгыг ил гаргахын тулд тэр орчмын цаасыг тоонолжин хээ гарган хайчилна.
10. Ханын цаас наасны дараа зарим газар хөндийрч товойж харагддаг. Тариурт цавуу соруулж тэрхүү хөндий хэсэгт шахна. Хөндий цавуугаар дүүрэнгүүт гадна талаас нь гараараа нямбай гэгч нь илж наалдуулна.

Хэрэглэгдэх багаж хэрэгсэл: Цаасны хутга, талбайн гэрэлтүүлэг, ширээ, тавцан, шат вандан, хувин, жижиг ванн, метр, тэгш ус, лазер эгцлүүр, шпатель, шётка, өнхрүүш, багс, төмөр ролик, шугам, арчих материал, цэвэр даавуу, пролон, резинэн бээлий
Анхаарах зүйл: Обойг наахдаа цавууг обойныхоо өнгөн дээр аль болох хүргэхгүй байх нь сайн. Зааг залгаасыг давхцуулахгүй цэвэрхэн хийх хэрэгтэй. Зүсэлтийг сайн хэмжиж, материалын хорогдол гаргахгүй тооцож хийх нь чухал. Зүсэгч хутганы ир маш сайн байх хэрэгтэй. Цавууны өтгөн шингэнийг тааруулж, хэт зузаан биш жигд түрхэнэ. Шингэн обойг жигд гадаргуугаар, өө сэвгүй нялах хэрэгтэй.